Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв улсад учруулсан нэг ам.сая долларын хохирлоо барагдуулж, суллагдсан гэх мэдээлэл байна.

Түүнийг “ДЦС-3” ТӨСК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд зарцуулах “Чингис бонд”-ын 35 сая ам.долларын хөрөнгөөс нэг сая орчмыг нь хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан юм.

Тэрээр  дэд сайдын албан тушаалаа ашиглан тендерт шалгарсан компанид  35 сая ам.долларыг нь шилжүүлэхдээ нэг сая орчмыг өөрийн байгуулсан “Фин сервис” ББСБ-ын дансаар дамжуулж, хувьдаа завшса байж болзошгүй байсан аж.

Д.Доржпүрэв нь өнгөрсөн хавар УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн. Товч намтраас нь үзвэл, 1996 онд тэрээр ХОТШ банкны Эрдэнэт дэх салбарын эдийн засагч, 1997-2012 онд “Фин сервис” ББСБ-ыг байгуулж, ерөнхий захирал, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ТУЗ-ийн дарга, 2010-2012 онд БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.