Хөгжлийн банкны асуудлыг хойшлууллаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 07

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2017.02.07/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч түр хугацаагаар хойшлууллаа.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьж, хэд, хэдэн удаагийн хэлэлцээр хийгээд буй. Одоо ч энэ хэлэлцээр дуусаагүй үргэлжилж байгаа. Энэ удаагийн хэлэлцээр нь Монголд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх эцсийн хэлэлцээр юм.

Хэлэлцээртэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл, мөн 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж буй. Засгийн газрын зүгээс Олон улсын валютын сангаас тавьсан нөхцөл шаардлагын дагуу холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа ч нэмэлт нөхцөл, шаардлага тавигдаж болзошгүй тул хэлэлцээр эцэслэтэл түр хугацаагаар төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гаргасныг бусад гишүүд нь 100 хувь дэмжсэн юм.

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх