ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ХАМБА Д.ЧОЙЖАМЦ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 17 ・ 2

2017 оны Гал бичин жилийн Сар шинийн мэндчилгээг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ "Гал бичин жил Монголын ард түмэн жаргалтай сайхан байлаа. Бичин жилийг янз бүрээр ярьдаг ч тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхангүй сайхан болж өнгөрлөө. Шашин төрийн хувьд амжилт бүтээлтэй сайхан жил боллоо. Гал тахиа жил эхэлж байна. Нийт Монголчуудад сайхан жил болноо гэж билэгшээж бодож байна. Цагаан сарыг Монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Цагаан сар бол Монголчуудын үндэстнээрээ тэмдэглэдэг сайхан баяр. Жар, далан жил жаахан тиймэрхүү явсан ч 1990 оноос хойш их өргөн дэлгэр болж цагаан сараа өргөн тэмдэглэдэг болж Монголын ард түмэн жаргал цэнгэлтэй байна.

Цагаан сар, Наадам хоёрыг онцлох дуртай байдаг. Яагаад гэвэл Монголчуудыг хэн бэ гэдгийг мэдэх хамгийн чухал хоёр баяр нь юм байгаа. Энэ хоёр баярыг үзэх гэж гадаад, дотоодын жуулчид ирдэг. Ялангуяа наадамд очиж очиж монголчууд хэн бэ гэдгийг үзэх гэж ирдэг болсон. Цагаан сарыг ч гэсэн үзэхээр гаднын хүмүүс их ирдэг болсон. Монголчуудын хөгжиж дэвшиж яваа энэ сайхан үед бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө ийм төгөлдөр байгаа үед ард түмэн үндэснийхээ баярыг тэмдэглэж байна. Монголчуудын онцлогийг харуулж чаддаг ийм сайхан баяр юм.

Цагаан сараар бол бусад оронд шинэ жилийнхээ эхийг тэмдэглэдэг бол монголчууд хуучин жилийнхээ эхний өдөр, шинэ жилийнхээ эхний өдөр хоёрыг хамгийн баяр баясгалантайгаар тэмдэглэдэгийг цагаан сар гэдэг. Азийн ард түмэн бол аливаа зүйлийг төгс төгөлдөр бүтээе гэж мэргэдийнхээ сургаалийг дагаж явдаг. Тийм учраас өнгөрсөн 365 өдөр сайн сайхан болоод хамгийн сүүлчийн битүүний өдөр хамгийн сайхнаар төгсгөж байгааг билэгддэг юм. Энэ өдөр гэр орноо цэвэрлээд шинэ дээл хувцсаа оёж дуусгадаг. Хуучин жилийн хир буртагийг бүгдийг нь үгүй хийж байгаа ийм билэгдэлтэй. Энэ өдөр гурван янзын юмыг хичээдэг. Нэгдүгээрт биеэ хичээж дээл хувцсаа засч айлд орохдоо товч, бүчээ бүчилж, малгай хувцсаа зөв түвшинд тавьж орно. Энэ бол биеийн билэгдэл. Хоёрдугаарт хэлийн бэлтгэл байна. Хэлээрээ билэгдлийн сайхан үгийг хэлж айлд орохдоо “Амгалан сайхан битүүрч байна уу” гээд уужуухан тайван ордог. Энэ бол хэлийн билэгдэл. Бие хэл хоёрын ард сэтгэл байдаг. Бие, хэл хоёрын ариун цэвэр байдлаар шинэ оноо үдэж байгаа нэг ийм хэлбэр байгаа юм. Тэгэхээр Монгол айлд хааш яайш хувцаслан бие, хэл хоёроо буруу авч явах юм бол зочин болохдоо тааруу байдаг. Тийм учраас их хичээж, амар мэндээ мэддэг. Сэтгэлийн талаас нь аваад үзвэл хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг гэдэг бол хүндэтгэлийн эд. Эрдэнэсийн чулуу зэргээр хийснийг барьдаг. Хөөрөгнийхөө амсарыг жаахан султгаад нөгөө хүндээ барьдаг" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 19/

    лам нараас татвар авч ард түмэнд тусламж болгож өгөх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 19/

    ард түмнээ сорон мөлжиж байгаа хүмүүст ч сайхан л байгаа л даа харин өглөөд мөнгө олох гэж цагдаа байцаагч гээд л дарамтлуулж яваа монголчууд олон шүү дээ тэдэнд ямар байгаа болдоо

    Хариулах