Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 16

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.

Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ.  Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын 5 тусгай зөвшөөрөл олгосон байна.

Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар Хүннүгийн үеийн булш гэхэд л 200 гаруй байдаг юм.

Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.