Налайхын нүүрсний уурхайнуудыг хаахдаа иргэдийн амжиргааг ч анхаарах шаардлагатай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 16

Байсхийгээд хүний амийг авч оддог Налайхын нүүрсний амуудыг холбогдох албаныхан хаах шийдвэр гаргаж, лацаддаг ч хэд хоногийн дараа хулгайгаар ажлаа явуулж эхэлдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Мэдээж хүний амь нас хохирч байгаа нь аюултай хэдий ч энэ жижиг амуудаар амьдралаа залгуулдаг олон иргэд байгаа. Тиймээс энд ажиллаж буй хувиараа нүүрс олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байдаг. Харин сүүлийн үед Налайх дүүрэгт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлодож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэлсэн байна. Тэнд зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000 орчим хүн ажилладаг бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 10 гаруй хүн амь насаа алдсан хэрэг гарсан юм байна.

Налайх дүүргийн хоёрдугаар хороо орчимд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүйгээр уурхайн ам нээж ажиллуулдаг байна. Тодруулбал, хуулийн дагуу бол төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байдаг аж. Тиймээс тэндэхийн ойр орчмын айлуудын байшингийн хананд цууралт өгсөн зэрэг асуудал үүсчээ.  

Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна. Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Налайх дүүрэгт ашигт малтмалын тусгай хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрээс зургаа нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна.

Хүний амь нас иргэдийн аж байдалд анхаарахын тулд уурхайнуудыг хаах нь зөв ч эргээд тэндээсээ амьдралаа залгуулдаг иргэдийн асуудлыг анхаарах шаардлагатай. 

Г.Наран 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх