ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 16 ・ 1

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв” хооронд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижингийн үеийн хөлний шархны эмчилгээ, хурц шамбарам өвчний эмчилгээ, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурлаа.

“Генетикийн инженер, биотехнологийн төв” нь 1982 онд байгуулагдсан төрийн байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй 857 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 67 хувийг тус төв дотооддоо үйлдвэрлэдэг нь эрүүл мэндийн салбарын бие даасан байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай тус төвийн ерөнхий захирал Эулогио Пиментел танилцуулав. Түүнчлэн хеберпрот гэдэг эм нь чихрийн шижингийн үеийн хөлний шархыг эмчилдэг, үр дүн өндөртэй, дэлхийд ганц байдаг бэлдмэл гэдгийг тэрээр онцлосон юм.

Куба Улс 11 сая хүн амтай, дундаж наслалт 78,4, эрүүл мэндийн гол үзүүлэлт болох нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4,2 байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: