"Баянтолгой", "Гантөмөрт" зэрэг компаниуд хөрөнгийн биржийн жагсаалтаас хасагдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хасчээ. Үнэт цаасны бүртгэлийн журмыг үндэслэн "Симбол", "Баянтолгой", "Гантөмөрт", "Завхан тээх", "Монгол эсгий эсгий гутал", "Оргил Говь-алтай", "Улиастай тэгш" зэрэг компанийг хассан байна. Мөн Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн компанийн дүрмийн 8.10.11-р заалтыг тус тус үндэслэн хасалт хийжээ.

Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг үндэслэн жил бүр үнэт цаасны шалгуурыг тогтоодог. Шалгуурт тэнцэхгүй үнэт цаас гаргагч компанийг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах журамтай юм байна. 

Ингээд МХБ-д бүртгэлтэй ч хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээгээ биелүүлдэггүй компаниудын үнэт цаасыг лангуунаас буулгах ажлыг тэд хийж эхлээд байна. Цаашид МХБ холбогдох журмын хэрэгжилтийг хангах, цаашид биржид бүртгэлтэй үнэт цаасыг чанаржуулах гэнэ.  
Хэрвээ компаниудыг бүртгэлээс хасвал тухайн компани олон нийтээс хөрөнгө босгох боломжоо алдах юм. Өөрөөр хэлбэл хаалттай компани буюу ХХК болно гэсэн үг ажээ. Албаны эх сурвалжийн өгүүлснээр Хөрөнгийн бирж листнээс компаниудаа хасах асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд тавиагүй байна. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд өөрийн хүсэлтээр компанийн хэлбэрээ өөрчлөх санал гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэж байснаас биш Хөрөнгийн биржийн саналаар жагсаалтаас хасах асуудал өмнө нь гарч байгаагүй юм байна. Тэгэхээр уг асуудлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албаны хүн хэлснээр, бүртгэлтэй компаниудыг хасах асуудлыг Хөрөнгийн бирж өөрийнхөө журмаар зохицуулна гэсэн юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх