Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 03

ТОСК-ийн удирдлагууд “Буянт-Ухаа 2” хороололд түрээсээр суух эхний ээлжийн 214 айлыг сонгосон талаар мэдээлэл хийлээ. Тус хорооллын, нэг сарын түрээсийн үнийг метр кв тус бүрд 500 төгрөгөөр нэмсэн байна. Ингэснээр нийслэлд 6000, орон нутагт 5500 төгрөгийг төлөх болжээ.
“Буянт-Ухаа 2” хорооллын гурван өрөө байруудыг түрээсэлнэ. Шинэ үнээр тооцоход иргэд нэг сарын түрээсийн төлбөртөө 411 мянган төгрөг төлөх юм байна.
ТОСК түрээсийн байранд оршин суух хүсэлтэй иргэдийг яг нэг жилийн өмнө бүртгэсэн. Нийт 2086 иргэн олон хоногийн турш урт дараалалд зогсон бүртгүүлсэн юм. Тэдгээр иргэдийг эрэмбэлэн, эхний ээлжинд 214 өрхийг сонгон авчээ.
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1-3 дугаар давхрын байранд оруулах гэнэ. Түрээслэгч гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа болох 1.2 сая төгрөгийг байршуулах үүрэгтэй. Байранд орсны дараа төлбөрөө сар бүр төлнө. Гэрээний хугацаа 5 хүртэл жил. Нийслэлд 214, хөдөөд 146 айлыг эхний удаад сонгон шалгаруулжээ.
ТОСК "Буянт-Ухаа 2" хороололд дахин шинэ байр барьж байгаа юм. Барилга угсралтын ажил нь 70 хувьтай байгаа аж. Нийт 972 айлын орон сууцыг ирэх намар ашиглалтад оруулах гэнэ. Эдгээр байрнаас тодорхой хэсгийг нь мөн түрээслэхээр болжээ. Ингэхдээ цахим бүртгэлийг тогтмол явуулан, түрээсийн байранд оршин суух иргэдийг чирэгдэл багатай бүртгэдэг болно гэдгээ Ж.Хичээнгүй дарга хэлж байлаа.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.