Шатахууны үнэ буулгах хүсэлт тавилаа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 26

Ашигт, малтмал газрын тосны газрынхан ОХУ-ын “Роснефть” компанитай уулзалт зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Ингэхдээ 2017 онд “Роснефть” компаниас нийлүүлэх шатахууны үнийг төвийн бүсээр 10 ам.доллар, баруун болон зүүн бүсээр 20 ам.доллараар буулгах хүсэлт тавьжээ. Харин “Роснефть” компани зургаадугаар сард шийдвэр ирүүлэхээр болсон байна. 

Мөн БНХАУ-ын “Чайна-Ойл” компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол Улсын баруун бүсээр буюу Говь-Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Ярантын боомтоор шатахуун нийлүүлэх асуудлыг хэлэлцэн, нийлүүлэх шатахууны төрөл, тоо хэмжээ, тээврийн нөхцөл, агуулахын багтаамж, шатахууны чанарын талаар хамтран судалгаа хийж эхлэхээр тохиролцжээ. 

Энэ сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод борлуулж буй шатахууны жижиглэнгийн дундаж үнэ А-80 автобензин 1474 төгрөг, Аи-92 автобензин 1616 төгрөг, Аи-95 автобензин 1799 төгрөг, дизелийн түлш 1711 төгрөгийн үнэтэй байгаа.

Харин улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 62, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байгааг мэдээллэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх