Монголын нийтийн дууны ертөнц гоёхон цэцэгс шиг залуу сайхан бүсгүйчүүдээр бүл нэмж бид өдөр бүр шинэ танилтай болж байгаа. Хэдийгээр нийтийн дуучдыг ийм тийм гэж янз бүрээр хэлдэг ч тэд нийтэд зориулж уран бүтээл хийдэг учраас бусдаас хурдан олны танил болдог нь маргашгүй үнэн. Цаг үеэ дагаад зөвхөн хөдөөнийхөн нийтийн дуу сонсдог, нийтийн дуучид тэдэнд зориулж дуулдаг гэх ойлголт ард үлджээ.

Шинэ салхи, шинэ мэдрэмж, шинэ үе айсуй. Шуугиант түрлэгийн эхний эгнээнд дуучин СТА Э.Чулуунчимэг зогсоно, бас бичигдэнэ. Оюутан ахуйдаа олонд танигдаж мөн тэр үедээ гэр бүл зохиож ээж болсон бүсгүй. Урлагийн хүний хувьд эргэж хараад гүйчихэж байгаа мэт төсөөлөмгүй эхлэл. Гэр бүлтэй хүн од болон гялалзана гэдэг сонин тохиолдол. Э.Чулуунчимэгт сонин юм их бий. Гэхдээ тийм ч нээлттэй хүн биш. Харин уран бүтээлээр бол бөмбөгдөх шиг болж байгаа. Ихэд дотогшоо, цэгцтэй илэрхийлэлтэй, бүрэн төлөвшсөн чамбай бүсгүй миний өмнө суух аж. Тэр өөрийгөө олжээ. Бага залуудаа өөрөө өөртэйгөө ойлголцож өөрийгөө мэдэрч БИгээ танин мэднэ гэдэг их чухал. Төөрсөөр будилсаар яваад энэ насыг элээх нь дэндүү хайран гэж бодогддог юм. Э.Чулуунчимэг чухамдаа хэн юм бол? Бид зүгээр л илэн далангүй шударга ярилцлаа. Зүгээр л өөрийнхөөрөө бай ...

 

-Чулуунчимэг нийтийн дууны ертөнцөд шинэ салхи болж ирсэн. Маш уйтгартай, сонирхолгүй нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаг хэв маягийг бүгдийг нь эвдсэн  гэх үү дээ. Оюутан байхдаа хурдтайгаар олонд танигдаж карьераа тогтвортой хадгалсаар ирсэн. Олны танил байх ямар мэдрэмж төрүүлж байна. 
-Нийтийн дуу бол монгол түмний дийлэнх масс сонсдог том ертөнц. Энэ том ертөнцийг нэр төртэй авч явна гэдэг бүх уран бүтээлчдийн үүрэг. Тэд нар дунд өөрийнхөө чадах чинээгээр тодорхой өнгө төрх үүсгээд явна гэдэг уран бүтээлчийн хувьд амжилт, бахархал бахдал. Анх СУИС-т ороод хоёрдугаар курсээсээ уран бүтээл хийж эхэлснээс хойш найман жилийг үдсэн байна. Энэ найман жилийн сүүлийн 3-4 жилд уран бүтээл эрчимтэй явж байна. Уран бүтээлч, дуучин байна, олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ховорхон тохиох хувь тавилан, хувь заяа гэж боддог. Би хүүхэд байхдаа олны танил болохыг мөрөөддөг байсан. Саяхан мөрөөдлийнхөө дэвтрүүдийг гаргаж уншив аа. Би арван жилд байхдаа өөртөө зорилгоо биччихсэн байж. Сүүлийн үед шар хэвлэлээр нэг гараад, миний танихгүй Чулуунчимэгүүд бичигдээд л, заримдаа би биш шүү дээ гээд хэлчихмээр, заримдаа тоохгүй өнгөрчихмөөр, тэрнээсээ болж сэтгэлээр унаж хямрах юм их тохиолдож байна л даа. Тэгсэн чинь би өнөөдрийг зөгнөж байсан юм шиг жагсаагаад биччихэж. Нэлээн сүүл хэсэгтээ, хэрвээ чи олны танил болсон бол шар хэвлэл чамайг зүгээр байлгахгүй, энэ бол чиний амьдралын салшгүй нэг хэсэг. Хэрвээ чи үүнд бухимдаж ач холбогдол өгч өөрийнхөө эд эсийг үхүүлж алтан цагаа гарздах юм бол чи өөрийнхөө амжилттай явах замаа богиносгож байна гэсэн үг. Тийм болохоор битгий тоо. Энэ чинь зүгээр цаг хугацааны явдал гээд өөрөө өөртөө зориулаад арван жилийн өмнө биччихсэн байгаа юм. Тэрийгээ уншаад тайвширч байх жишээтэй. 

Олны танил байна гэдэг маш гоё. Давуу тал ихтэй. Аливаа юм хоёр талтай байдаг учраас хааяа нэг сөрөг юм явж л байдаг. Хэдэн жилийн өмнө нэг олны танил эмэгтэйн хөх ил гарсан зураг гараад. Тэгэхэд энэ миний хөх биш гээд ямар өөрийнхөө хөхийг үзүүлэлтэй нь биш гэсэн шиг /инээв/. Манай монголчууд ер нь их мартамхай хүмүүс юм шиг байгаа юм. Ид мандан бадарч байхад нь тэнгэрт тултал магтаад бүр оргилд хүрснийх нь дараа сөрөг талаас нь муулахыг хичээдэг. Тэр бол манай олны танил, олны дунд байдаг хүмүүст бүгдэд нь тохиолддог зүйл. 

 

-Манай уншигчдын хувьд Чулуунчимэг танихгүй танил. Өөрөө сошиал орон зайд идэвхитэй, ард түмэнтэйгээ ойр юм шиг байдаг. Нөгөө талаасаа их хаалттай. Хувийн орон зайгаа хаачихсан байгаад байдаг. Энэ дашрамд аав ээжийнхээ тухай яриач. Эхээс хэдүүлээ вэ?
-Ам бүл дөрвүүлээ. Аав ээж, доороо нэг эрэгтэй дүүтэй. Манай аав автын инженер, ээж маань сувилагч мэргэжилтэй. Миний хувьд хүүхэд байхдаа бүрэг хүүхэд байсан. Их мөрөөдөмтгий, ер нь өөрийгөө мөрөөдлийнхөө шугамаар амьдарч байгаа гэж боддог. Хүүхэд байхдаа мөрөөдлүүдээ хэдэн дэвтэр дээр биелчихсэн юм шиг бичдэг байсан. Одоо цуглуулгаа харахаар өнөөдрийн байгаа өөрийгөө хүртэл биччихсэн байж байдаг. Мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг. Тэрнийхээ төлөө маш их хичээдэг. Зарим талаараа бүрэг хаалттай юм шиг боловч ойр дотныхоо хүнд сэтгэлээ онгойлгож байж дотор онгойдог. Яг нээлттэй гэхээр нээлттэй биш тийм л хүн юм даа. 

-Өөрийг чинь нийтийн дуучид дундаа нуруулаг, нүүрний хувирал сайтай, тайзан дээр янзага шиг  гоё харагддаг гэж гадаад үзэмжийн чинь тал дээр хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Өөрийгөө дур булаам гоо үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ?
-Баярлалаа/инээв/. Надад гадаад имиж тал дээр хувийн зөвлөх  байхгүй. Өөрөө өөртөө менежерээ хийгээд бүх юмаа өөрөө амжуулдаг. Мэдрэмжээрээ имижээ бүрдүүлээд суралцаад явж байна. Хөөрхөн сайхан гэдэг хоёр ондоо ойлголт. Би бол хэзээ ч өөрийгөө хөөрхөн хүүхэн гэж боддоггүй. Хөөрхөн хүүхэн гэдэг чинь цаанаа эгдүүтэй ч юм шиг нэг тийм хүүхнүүд байдаг даа. Сайхан гэдэг бол ондоо ойлголт. Эхлээд өөрийгөө хараад тайзан дээр гарахаар түрүү үеийн мундаг ах эгч нар шигээ бүр гоё харагдмаар санагдаад дутуу юм шиг санагддаг байлаа. Оюутан байхад нүүрэн дээр хааяа юм гарахаар сэтгэлээр унаад л. Дуучин эгч нар гэхээр дандаа гоё гоё гөлийсөн арьстай байдаг. Сайхан харагдахад зөвхөн хөөрхөн царай чухал биш. Би анх тайзан дээр гарахдаа бөгтийж дуулдаг байсан. Одоо бол тайзан дээр шууд автоматаар нуруу цэх болдог. Удаан дуулж байгаад буухад нурууны булчин чангарчихсан байдаг. Энэ мэтээр бага багаар дадаж байна. Гэхдээ мэдээж хүн намайг сайхан хүүхэн гэж ярихад сайхан байдаг/инээв/. 

 

үргэлжлэлийг эндээс