Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд оржээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 24

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

Шалгалтаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг гэсэн тооцоо гарчээ.

Монголбанк 7 тэрбум ам.долларын валютын интервенци хийж валютын нөөцийг багасгасан. Үүний зэрэгцээ зах зээл дээр байгаа мөнгийг татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн алдагдал хүлээсэн байна. Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүгээр Монголбанк ажилчиддаа орон сууцны дэмжлэг, маш их хэмжээний мөнгөн шагнал олгодог гэсэн зөрчлүүд илэрчээ. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийсэн бөгөөд 15-30 хувиар нэмэгдүүлжээ.

Энэ мэт зөрчил дээр үндэслэн ажлын хэсгээс дараах саналуудыг гаргаж буй юм.

  • Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,
  • Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах,
  • Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,
  • Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Л.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыг гаргажээ.

"Монголбанкны Ерөнхийлөгч Л.Золжаргал нэг жилийн дотор 7 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн. Мөн жилд 2 тэрбум ам.доллароор инвервенци хийдэг байсан. Валютын ханшийг 2400 ам.долларт хүргэсэн. Энэ бүхнээс үзэхэд Л.Золжаргалд хариуцлага тооцох ёстой. Мөн Монголбанкинд учруулсан алдагдлыг эргэн төлүүлэх ёстой" гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх