Гутайн даваанд дахин алт олборлож эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 14 ・ 2
Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Онон голын эх Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт байрлах Гутайн даваанд  “Айвуун Тэс”, “Гутайн даваа”, “Ю энд Би” гэсэн гурван компани олборлолт явуулах эрхтэй ажээ. 

“Айвуун Тэс” компанийн хувьд Гутайд алтны шороон ордын олборлолт хийх ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ю энд Би” компаниас 2009 онд шилжүүлэн авсан бөгөөд одоо “МV-002247” тоот тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр компанийн үйл ажиллагааныаас болж, Гутайн гол тасалдаж, ширгэхэд хүрсэн тул орон нутгийн иргэд болон тус компаныхны дунд маргаан өрнөх болжээ. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагааг зогсоосон ч дахин олборлолт хийгээд эхэлчихсэн байна. 

2010 оны зун болсон үерээр компанийн тусгай шүүлтүүрийн далан сэтэрчээ. Үүний улмаас Гутайн голд цагаан өнгөтэй бодис урсаж Онон голд цутгах аюул нүүрлэсэн байна. Тухайн үед сумын байгаль орчны байцаагч Мөнх-Очир газар дээр нь шалгаж компанийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан гэдэг. Энэ явдал тэгсхийгээд өнгөрчээ. “Айвуун Тэс”-ийг Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Дамбын компани гэж нутгийнхан ярьдаг. Энэ хүн хариуцлагатай уул уурхай гэж их ярьдаг ч амьдрал дээр өөр дүр зураг харуулж байгаа юм.

“Урт нэртэй хууль”-ийн ачаар Гутайд олборлолт зогсч байгаль эхийн нуруу хэсэгтээ тэнэгэр байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой болжээ. Учир нь, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дэмээр “Айвуун Тэс” тэнд ажиллах эрх дахин нээгдсэн байна. Байгаль хамгаалах байгууллагууд, иргэнии хөдөлгөөнийхөн эсэргүүцээд бараагүй юм. Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг 2016 оны гуравдугаар сарын 4-нд гаргасан тушаалаараа Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлох боломжтой компаниудын жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтад “Айвуун Тэс” компани багтжээ. Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх эрхийг холбогдох албан тушаалтанд өгчээ. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч “Айвуун Тэс”-ийнхэн яаравчлан Батширээтэд иржээ. Уул уурхайн хүчирхэг техникээ авчирч Онон голын гарманд ирэхэд нь нутгийнхан гаргахгүй гэж эсэргүүцсэн байна. Байдал ийм болсон учир тэд аргагүйн эрхэнд буцжээ. Одоо техникүүд нь Батширээт сумын төв дээр байгааг нутгийнхан батлан хэлж байна.

Зарим эх сурвалжийн мэдээгээр тэд компаниа нэртэй нь худалдсан бололтой. Хятадууд авсан байж магадгүйг олон хүн хэлж байгаа юм.

Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа дээрх компаниудын ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна.
Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь, тодорхой. Учир нь, энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Алт ухаж болохгүйн нэг шалтгаан энэ.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм.

Г.Нар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 19/

    ene bol uneheer aimshig, mongol hun buriin setgel zurhend baih estoi ariun dagshin gazar, yagaad ch bolohgui, yaj baisan ch uhuulj bolohgui. uneheeriin ihes deedsiin maani ongon orshson.dahiad hezee ch bidend zayahgui ,oldohgui dagshin nutag bilee.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 14/

    Алт хөтөлбөрийн балаг үнэхээр их байнадаа,олон жил учирлалаа,гулаа гувшлаа болдгүй тоодгүй юм байна,одоо энэ ноцтой халдлагыг зэвгийн хүчээр зогсоохоос өөр арга байхгүй болж байнаадаа.

    Хариулах