Тийзний үнэ хямдрах боломжтой ажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 14

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Хүннү Эйр компани болон Эйр Монголия компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийлээ. Дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэв.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Бид олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” гэлээ.

Мөн дотоодын тээвэрлэгч компаниуд нислэгийн тийзэндээ ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаараа мэдэгдсэн байна. Хүннү эйр компани Улаан-Үдийн чиглэлд шинэ нислэг, МИАТ Бусаны чиглэлд шинэ нислэгийг хөнгөлөлттэй үнээр нээж байгаа талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлж байв. Мөн Бусан болон Сөүлийг холбосон нислэгээс гадна Тайланд, Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөжээ.

Тийзний үнийн талаар МИАТ компанийнхан “Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байна. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг” хэмээн энэ үеэр мэдээлэл өглөө. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх