"Говь" компанид гарсан галыг 10 цагийн дараа унтраажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 15
Ноос, ноолууран бүтээгдэхүүний Үндэсний үйлдвэрлэгч "Говь" ХХК-ийн агуулах, үйлдвэрт өнгөрөгч шөнө гал гарч, их хэмжээний хохирол учирлаа.

 “Говь” компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд өчигдөр орой 20.46 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж байна. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэл гарсан байна.  

 Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөсөн байна.

"Говь" ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн. Гал сөнөөгчдийн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байгаа юм.


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Одоогоор буюу 10 гаруй цагийн дараагийн байдлаар галын дөлийг унтрааж, тархалтыг зогсоогоод байгаа аж. Харин галын голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Галын улмаас хүний амь нас эрсдсэн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх