Налайх дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шавыг тавилаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 06 сар 23

Нийслэл Улаанбаатар хот болон Турк улсын Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн 1, 7 дугаар хороонд баригдах “Нарны элч” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шавыг өнөөдөр тавилаа.

         Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Тика ТББ-ын Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Өмэр Гүндогду, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль болон албаны бусад хүмүүс оролцлоо.

          Нийслэлийн алслагдсан Налайх дүүргийн 1, 7 дугаар хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга баригдсанаар эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэдэд ээлтэй орчин бүрдэнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.

Эмчийн 4-6 үзлэгийн өрөө, дархлаажуулалт, лаборатори, асаргаа сувилгааны болон тусгаарлах өрөө, автомашины гараж бүхий олон улсын стандартад нийцсэн өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр давхар барилгын газрын асуудлыг нийслэлээс шийдэж өгсөн бөгөөд Тика ТББ барилгыг барих юм. Ийнхүү тус дүүрэгт шинээр баригдаж буй спорт цогцолбор болон сургууль, цэцэрлэгийн барилгын дэргэд Өрхийн эрүүл мэндийн цоо шинэхэн төвтэй болох гэж байгаадаа Налайхын иргэд тун баяртай байлаа.

Нийслэлийн есөн дүүргийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг нийт 142 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэдэг бөгөөд Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар Гемодиализийн төв болон ӨЭМТөвийн 10 барилгыг барихаар тохиролцсон байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 2, Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг байрлалд өрхийн эрүүл мэндийн төвийг барихаар болжээ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх