Хур тунадас нэмэгдүүлэхээр үүл бууджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 18

Өнөө өглөө 4 цагийн үеэс эхлэн Мандалговь хот орчимд болон ихэнх сумын нутгаар хур тунадастай байна. Өглөөний 8 цаг 30 минутын байдлаар хамгийн ихдээ Сайхан- Овоо сумын нутагт 6.0 мм хур тунадас оржээ. Мөн Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутгаар 5.0, Адаацаг, Луус сумын нутгаар 4.0 мм хур тунадас орсон гэдгийг УЦУОШГ- аас мэдээллээ. Харин Өлзийт, Өндөршил сумын нутгаар бороо ороогүй байна.
Өчигдөр орой хур тунадасны бага зэргийн үүл орж ирсэн бөгөөд УЦУОШГ- ын “Мандал бороо” экспидиц хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр үүлэнд нөлөөлж ажилласан байна. “Урьд шөнө 2 цаг 20 минутад Мандалговиос баруун тийш гучаад км- т үүлэнд нөлөөлж пуужин харвасан. Хур тунадас өнөөдөр үдээс өмнө дөө өнгөрөх төлөвтэй байна. Энэ сарын 19, 20- нд хур тунадасны үүлний процесс дахин орж ирэхээр байгаа. Үүнд нөлөөлж ажиллана. Хур тунадас нэмэгдүүлэх хамгийн боломжит үе нь энэ өдрүүд болно” гэж УЦУОШГ- ын дарга Я. Мажаасүрэн мэдээлэл өгсөн юм. Гэхдээ пуужингийн нөөц тун бага байгаа нь санаа зовоосон асуудал гэлээ.
Өнгөрөгч зургадугаар сарын 30- ны байдлаар Дундговь аймгийн нийт нутгийн 20 хувь нь гантай байсан. Арав хоногийн хугацаанд гантай нутгийн хэмжээ 35 хувь болж эрс нэмэгдсэн бөгөөд нийт нутгийн 60 хувь нь гандуу, дөнгөж 5 хувь нь зуншлага хэвийн гэсэн зураглал гараад байсан юм.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх