Сэрэмжлүүлэг: Ой, хээрийн гал түймрийн хэрэг 45.8 хувь буюу 33 нэгжээр өсчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 07 сар 18

 

Улсын хэмжээнд хэт халалт, хуурайшилт их байгаас ой, хээрийн түймэр гарсаар байна.

Цагдаагийн байгууллага энэ оны 07 дугаар сарын 16-ны байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай мэдээ, мэдээлэл 105-ыг хүлээн авснаас 4 эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж, 68 Захиргааны хариуцлагын тухай болон Зөрчлийн тухай хуульд зааснаар харицлага тооцсон бөгөөд одоогийн байдлаар Булган 9, Дорнод 4, Сүхбаатар 1, Сэлэнгэ 10, Төв 6, Хэнтий 1, Нийслэлийн цагдаагийн газарт 2 нийт 33 гомдол, мэдээлэл шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 45.8 хувь буюу 33 нэгжээр өсч, цагдаагийн байгууллагаас 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож 36.7 сая төгрөгийн хохирлыг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн.

МУ-ын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих

Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих

Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Дээрх хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд аянга цахилгаанаас, ил задгай гал асаах, үнс нурмаа асгаснаас, татсан тамхиа бүрэн унтраалгүй хаяснаас, тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчид наалдаж хуримтлагдсан өвс халснаас, галт зэвсгээс үүдэлтэйгээр гал түймэр гарсан болох нь тогтоогдсон тул аялал, зугаалгаар яваа иргэд хуурайшилт ихтэй газар ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтрааж байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх