Халаа сэлгээ… ЭМЯ, ХХААХҮЯ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 15 ・ 5
ЭМЯ: МЭРГЭЖЛИЙН БУС ХӨНДЛӨНГИЙН ТОМИЛГООГ АЛЬ БОЛОХ БАГА ХИЙГЭЭСЭЙ
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын ам, ажил хоёрын аль нь түрүүлж урагшлахыг ард түмэн харсаар, хүлээсээр  сууна. Өвөлжингөө утаа ярьж хуралдсан, өнөөдөр шийдлээ олсон зүйлгүй хаврын урьтай золгож байна. Цаасан дээр буусан зарим ажил нь хэзээ хэрэгжиж эхлэх юм бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна. Мөн шинээр томилогдсон сайд, дарга нарын хэлэх үг, хийх ажлыг ч бас дэмжих, шүүмжлэх хүн олон байна. Хамгийн түрүүнд салбар салбарт ямар ажил урагшилж, ямар ажил гацаанаасаа гарахыг харж байгаа нь нууц биш. Түүнчлэн сайд дарга нарын томилгоог дагаж, салбарын яамдад халаа сэлгээ хэр зэрэг хийгдэж, хаанаас  хэн томилогдож ирэх бол гэсэн хүлээлт их байна.
Ерөнхий сайд шинээр томилогдох бүрт хийгддэг энэ халаа сэлгээг манайхан “Бүтцийн өөрчлөлт” гэж цэвэрхэн нэрлэдэг. Хамгийн гол нь энэхүү бүтцийн өөрчлөлтөөр хамаатан садны хэлхээ холбоо, ашиг сонирхлын зөрчил багасаасай гэсэн хүсэлт хүн бүрийн дотор нуугдаж байдаг. Энэ удаа бид эрүүл мэндийн салбар луу чих тавьж үзэв.
Улстөржиж, улс төрийн томилгоо хийж болдоггүй салбар гэгддэг эрүүл мэндийн салбарт бүтцийн өөрчлөлт харьцангуй бага хийгдсэн байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ”Бид хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хариуцлагатай албанд зүтгэж буй хүмүүс. Хэн хэрхэн ажиллаж буйг мэдэхгүйгээр халж солих нь зөв шийдэл биш. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэхийн газрын зүгээс ч тэрийг энийг хал соль эсвэл ажил төрөлд ав гэсэн дарамт шахалт алга байна. Харин хариуцлага алдах, хууль тогтоомж зөрчих, ажилдаа эзэн болж үл чадвал асуудал үүснэ. Бусдаар бол албан тушаал, ажил төрлөө тогтвортой эрхлэх боломж нь миний бус тухайн хүний гарт байгаа. Тиймээс яаран халаа сэлгээ хийхгүй” гэдгээ нэг бус удаа дурдаж байсан. Гэхдээ энэхүү байр суурь нь салбар доторх хүмүүст санаа амар суух боломжийг төдийлөн бүрдүүлсэнгүй. Эрүүл мэндийн салбар дотор эхнээсээ халаа сэлгээ чимээгүйхэн хийгдэж, “Мэргэжлийн бус хүн мэргэжлийн бус шийдвэрээ гаргаж эхэллээ” гэсэн шүүмж эхнээсээ сонсогдоод эхэлсэн. Тухайлбал, он гарсны дараахан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганцэцэг ажиллаж буй. Мөн оны өмнө Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, АШУҮИС-ийн санхүү, эдийн засаг хариуцсан тэргүүн дэд захирал Э.Содномжамцыг томилсон байдаг.  Эх сурвалжуудын мэдээлснээр, Э.Содномжамц нь анагаах ухааны салбарын мэргэжлийн хүн биш ХААИС-ийг төгссөн эдийн засагч, нягтлан. Мэргэжлийн бус хүн ирсэнд мэдэх хүмүүс нь сэтгэл дундуур байгаагаа хэлж байсан. Энэ талаар ч мөн тодорхой нэр бүхий сайтуудад бас мэдээлэл нь тавигдаж байсныг олон хүн хэлнэ. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн салбарын олон луухагар эмч нар салбарынхаа шинэ сайдад халаа сэлгээг болгоомжтой хийхийг сануулсан гэлцдэг. Учир нь Засгийн газар солигдох бүрт эрүүл мэндийн салбарт хийгддэг халаа, сэлгээ нь эрүүл мэндийн салбарын тогтолцооны хямралыг улам бүр гүнзгийрүүлж, эрүүл мэндийн байгууллага, хамт олон, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх, ашгийг хөндөхөд хүрдэг. Иймд Эрүүл мэндийн сайд эрүүл мэндийн салбарт бодлогоо хэрэгжүүлэхдээ, мэргэжлийн бус  хөндлөнгийн томилгоог  аль болох бага хийгээсэй. Бидний салбартаа, эмнэлэгтээ хамтран бүтээсэн баялаг, туршлага, байгууллагын хөгжлийг зогсонги байдалд оруулах, эмчилгээ үйлчилгээ, дотоод үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэх, эмч, ажилчдын дунд  айдас, стресс үүсгэх зүйл битгий хийгээсэй” гэсэн хүсэлтэй байгаагаа уламжилсан гэж дуулддаг. Ямартай ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл харьяа байгууллагуудынхаа удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа “Ажил нь ахидаггүй, ажилдаа хариуцлаггүй ханддаг нөхдийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Уналтад орсон, хариуцлагын зуд нүүрлэсэн эмнэлгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон” гэдгээ мэдэгдсэн гэнэ. Гэхдээ хэнийг  халж, хэзээ хэнийг томилох нь одоогоор шум төдий байна.
 
ХХААХҮЯ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗАХИРЛЫГ ШИНЭЭР ТОМИЛЖЭЭ
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ажлаа авах үедээ “Би энэ яаманд ажил хийх гэж ирсэн. Энэ удаагийн Засгийн газар ард түмэндээ үнэнийг хэлдэг байна. Улс орны болон яамны ажил ямар төвшинд явж байгааг бодитоор нь ярина. Би идэвх санаачлагатай ажиллахыг та бүгдээс шаардана. Зөв санал санаачлага гарвал дэмжинэ, хариуцлагагүй байвал хатуу хариуцлага тооцно гэдгээ шулуухан хэлье” гэжээ. Гэхдээ халаа, сэлгээ харьцангүй бага хийгдсэн яамдын нэг гэж болно. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга гадаадад сургуульд явах болсон гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас гарсан аж. Түүнчлэн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан мөн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш өргөдлөө өгөөд гарсан тухай мэдээлэл бас байгаа юм. Ийнхүү зарим дарга нар солигдохтой зэрэгцэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал О.Мөнгөнцэцэг ч бас ажлаасаа гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар Д.Энхбат томилогдсон байна. Тэрээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Учир нь хуулиар яамны Төрийн нарийн бичгийн даргын эзгүйд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга үүргийг нь хариуцдаг юм байна. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад газрын дарга Д.Энхбат оролцсон тухай эх сурвалж хэлэв.
 
 
Б.ТУУЛ, Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 03 сар 15/

    2_р ээлж хоолонд орж байна юунд нь гайхаав/МАН-ын мэрэгчдийн засгийн газар/ мэргэжлийн засгийн газар ажиллаж байна даа,,,,,,,,,

    Хариулах
  • зочин / 2018 03 сар 15/

    зөв зөв тэгэх хэрэгтэй олон жил 1 эмнэлэгт дарга хийгээд хувийн эмнэлэг н мэт загнаж байгаа дарга нарыг солих хэрэгтэй.Шинээр орж байгаа боловсон хүчнүүд яаж ямар шалгуураар орж байна гэдгийг нягтлаж солио хийх хэрэгтэй. шалгалтаа л сайн хийдээ.

    3
    Хариулах
  • зочин / 2018 03 сар 15/

    зөв зөв тэгэх хэрэгтэй олон жил 1 эмнэлэгт дарга хийгээд хувийн эмнэлэг н мэт загнаж байгаа дарга нарыг солих хэрэгтэй.Шинээр орж байгаа боловсон хүчнүүд яаж ямар шалгуураар орж байна гэдгийг нягтлаж солио хийх хэрэгтэй. шалгалтаа л сайн хийдээ.

    Хариулах
  • зочин / 2018 03 сар 15/

    зөв зөв тэгэх хэрэгтэй олон жил 1 эмнэлэгт дарга хийгээд хувийн эмнэлэг н мэт загнаж байгаа дарга нарыг солих хэрэгтэй.Шинээр орж байгаа боловсон хүчнүүд яаж ямар шалгуураар орж байна гэдгийг нягтлаж солио хийх хэрэгтэй. шалгалтаа л сайн хийдээ.

    Хариулах
  • зочин / 2018 03 сар 15/

    зөв зөв тэгэх хэрэгтэй олон жил 1 эмнэлэгт дарга хийгээд хувийн эмнэлэг н мэт загнаж байгаа дарга нарыг солих хэрэгтэй.Шинээр орж байгаа боловсон хүчнүүд яаж ямар шалгуураар орж байна гэдгийг нягтлаж солио хийх хэрэгтэй. шалгалтаа л сайн хийдээ.

    Хариулах