Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэсэн нэрнээс салахад хэн дургүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 21
Газрын хөрсөн доороо алт, зэс, нүүрс, нефт зэрэг хязгааргүй их баялагтай, тал нутагтаа 70 гаруй сая малтай монголчууд ядуу зүдүү амьдардаг шалтгаан юу вэ? гэсэн асуулт гардаг. Энэ асуултын хариу хэн бүхэнд тов тодорхой болсоор байна.
Энэ бол улс төржилт буюу төр засгийн эрхийг атгах гэсэн нам хоорондын бүлгүүдийн тэмцлийн сөрөг үр дүн ажээ. Тэд хэрэв бид төр засгийн эрхийг атгавал таны есөн хүслийг даруй биелүүлнэ гэж сайрхан амлана. Таны ахуй нөхцлийг дээшлүүлэхэд энэ л саад тортгор болж байна гэж нөгөө намаа муучлан тэдний дэвшүүлсэн бодлого бүрийг жадлан эсэргүүцэнэ. Улс орныг хөгжүүлэх эдийн засгийн чухал хөшүүрэг болох том хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй гэж өндөр хүүтэй том том зээл авцгаана. Том төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлэх болоход энэ нам эрх барьж буй үед хэрхэвч хэрэгжүүлж чадахгүй гэцгээн хойш нь ухраана.Тэрч байтугай олон жил үр ашгийн өндөр өгөөж өгсөн үндэсний том үйлдвэрлэлээ 51,49 хувиар хаа гуяаар нь ангилан булаацалдана. Зарим төслүүдийг төлөвлөх шатанд геополиткийн далд аюул,танкын цуваа орж ирнэ гэдэг хадны мангаагаар айлгана. Бидний хөрсөн дээрхи болон доорхи их баялагийг нам дагасан хэдхэн олигархууд эзэмшин ард түмэн ядууралд нэрвэгдсээр байна.
Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэж нэрийдээд байгаагийн мөн чанарыг дэнсэлбэл ийм буюу. Дээрхи сөрөг шалтгаануудыг арилгах цорын ганц арга нь үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах явдал гэж хэн бүхэн хэлэх боловч алтан дээр суусан гүйлагчин гэдэг нэрээс салгахыг үл хүсэгчид буюу олигархуудын эсэргүүцэлтэй тулгарсаар байна. 
 
Л.Лхагва

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх