Манай улсад 24 жил ажилласан, Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал, Туркийн иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд гэрээсээ хулгайлагдсан гэх мэдээлэл ирсэн билээ.

Мөн яг одоо Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Туркийн онцгой элчийн онгоц буцаж нисэхээр хүлээж байгаа. Туркийн онцгой элчийн онгоц 18:00 цагт буцах нислэгийн, бүртгэлтэй байгаа юм. 

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй холбогдон нөхцөл байдлын талаар тодруулахад "Бүх зүйл хяналтанд байна" гэсэн хариулт өглөө. 

Чингис хаан ОУНБ-д УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн УИХ-ын гишүүн Л.Болд болон ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс ажиллаж байна. ГХ дэд сайд Б.Батцэцэг удахгүй мэдээлэл хийх аж.