Наадам хуучирсан ч хариуцлага хуучрахгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 08 сар 02 ・ 4

Ерөнхий сайд “Наймдугаар сарын 1 гэхэд  төрийн албан хаагчид  бүгд ажилдаа орно” гэж хэлсэн. Ямартай ч сайд нар   цуглаж Засгийн газар хуралдлаа. Ажил ярьсан ч хариуцлагын талаар ам нээсэнгүй.

Амралт, найр наадам, ойн баяр, уулзалт ургийн баяр гэхчлэн монголчууд  зуны гурван сар бишгүй л цэнгэлээ. Найр,наадам хуучирсан ч хариуцлага хуучраагүй байлтай.  “Ажил эхлэхээр болно” гэж  хойш тавих нь асуудлыг дарагдуулах шалтгаан болмооргүй.

 

ТӨРИЙН ХОЙМОРТ ЁС АЛДАГДСДЫН ТОЛГОЙГ ИЛЭХ ҮҮ?

Монголчууд наадмаа  ямар ч болсон “сайхан боллоо” гэдэг. Болж өгвөл хир халдаадаггүй.  Муухайг ч сайхан хэмээн амныхаа  билгээр  цайруулчихдаг.  Тэр нь “Төрийн нуруу түвшин бол тэрүүхний хазгай яахав” гэлцдэг  өвгөдийн цөлх ухааных байх. Тэгвэл  энэ жилийн наадам сайхан болсон ч тэвчмээргүй алдаа цөөнгүй гарсан. Тухайн үед наадмаа хэл амгүй ёсолж өнгөрүүлэхэд хэн хүнгүй анхаарсан байх. Наадам хуучирсан ч хариуцлага хуучраагүй байж таарна. Жирийн иргэнд үйлчлээд байгаа   Зөрчлийн хууль   л гэхэд  төрийн хойморт элдэвлэгчдийн толгойг илдэг байж таарамгүй.  Иймээс наадмын өмнө, хойно гарсан зөрчлийг эргэн сануулъя. Бид алдаагаа засч байж л ирэх жил өмнөхөөсөө  сайхан наадаж таарна. Нэг жишээ хэлэхэд, төрийн наадмын ёслол хүндэтгэлийн хоймор сахилгагүй хүүхдийн  хуруу гараа гозолзуулан сельфидэж суудаг тоглоомын талбар биш. Ерөнхийлөгч үг хэлж байхад ийм “үзүүлбэр” үзүүлж байгааг хараагүй юм шиг байх  нь Төрийн тэргүүнийг элэг барьж  доог тохуу хийж байна  гэж ойлгогдохоор  байна. Бас ингэж болдог юм гэсэн ойлголтыг хүүхэд, залууст өглөө. Энэ  талаар Төрийн ёслолын алба ч, холбогдох газрууд   ам нээсэнгүй. Тэгэхээр  цаашид ч гэсэн тийм байдал давтагдаж мэдэх юм.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ ҮГЭЭ  ДУУСГААГҮЙ БАЙХАД ХӨГЖИМ ЭХЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

“Хувьтай хүн хур борооноор” гэж үг бий. Наадмын нээлт хур бороон дундуур нижгэр болсон. Усан  бороон дундуур нойтон зүлгэн бүжиглэсэн тэр олон цэнхэр дээлтэн нэг ч алдаа гаргаагүй. Тэднээс нэг нь ч   нүүрнийхээ усыг шавхрах, арчих илүү хөдөлгөөн хийгээгүй. Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, Д.Эрдэнэцэцэг нар ч бороон дундуур дуугаа дуулсаар дуусгасан. Харин Ерөнхийлөгчийн үг нэг тиймхэн, жул санагдана лээ. Ядахад сөөнгө хоолойгоор үгээ хэлж дуусаагүй байхад нь Төрийн дууллын хөгжим  эхэлчихсэн. Тиймээс сүүлд хэлсэн үгс нь бараг л сонсогдоогүй. Энд хэн буруутай вэ.  “Монгол төрийн наадам эхэлснийг мэдэгдье”  гэж төгсгөлийн үгээ эхэнд нь хэлчихээд үргэлжлүүлж юм ярьсан  Ерөнхийлөгчийн буруу юу. “Наадам эхэлснийг мэдэгдье”  гэнгүүт Төрийн дуудал эгшиглүүлэх ёстой гэж зөн мэдрэмжээрээ хүлээж авсан  удирдаачийн буруу юу. Сценар бэлдсэн хүмүүсийн хариуцлагагүйнх үү. Эсвэл Ерөнхийлөгч  телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Наадмыг нээхдээ багагүй сандарлаа шүү” гэж хэлснээр буруугаа хүлээчихсэн гэж үзэж байгаа юм уу.  Ер нь бол дараа жил  үүнийг  бодох л асуудал.

 

ТАСАЛБАР ШАГЛАГЧДЫГ ШАЛГАЯ

Наадмын  нээлт, хаалт, бөх үзэх  тасалбар олдохгүй, үнэ нь тэнгэрт хадлаа хэмээн бухимдагчид цөөнгүй таарсан. 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбар 30-50 мянга хүрсэн. Наадмын нээлт дуусчихаад байхад жуулчдыг хуурч тасалбар зарсан асуудал ч гарсан. Үнэн, худал нь тодорхойгүй ч нийслэлд ажилладаг  хоёр ч төрийн албан хаагч билет шаглаад зогсч байсан гэх яриа дуулдаад өнгөрсөн. Сүүлийн үед энд тэндхийн камерын бичлэг, эсвэл аль нэг газрын өрөөний бичлэг дуулиан, шуугиан тарьж, төр, засаг хүртэл бичлэгээр асуудал шийдэх  явдал бараг хэвшчихээд байх атал  цэнгэлдэх тойрсон камеруудыг шүүж үзээд  тасалбар шаглагчдыг илрүүлж хариуцлага тооцож яагаад болохгүй гэж.

 

ТӨР НААДМАА ХҮНДЭТГЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ АРД ТҮМНЭЭ ХҮНДЭТГЭХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ

Монголын төр унтаа байдалд,  сэрэхээрээ улаан хэрүүл хийхээс өөр юмгүй  байсаар наадам болохоос ганцхан сарын өмнө гэнэт мэдсэн юм шиг  төсөв зардлыг нь хэлэлцээд сууж байсан.  Наадмын хаалт, нээлт, хүндэтгэлийн тоглолтын  найруулагчийн сонгон шалгаруулалтын хугацаа  тулгамдуу зарлагдсан нь ч    төрийн ажил  үхэр тэрэг шиг болсны  илрэл. Ганцхан сарын дотор Төрийн наадмын хүндэтгэлийн концерт, дээр нь нээлт, хаалтыг найруулна гэдэг амаргүй даваа гэдэг нь хэнд ч ойлгомжтой.   Б.Наранбаатар туршлагатай тулдаа үүрээд гарсан.  Тэр сайн найруулагч,  өнгөрсөн хоёр жил Төрийн наадмыг монгол түмний  үүх түүх,   урлаг соёл, зан заншил, авъяас чадвар гээд олон талтай нэгэн цогц  гайхамшигтай бүтээл болгож дэглэснийг   монголчууд төдийгүй гадаадын аялагч жуулчид, мэргэжлийн экспертүүд  хэлж байв. Энэ жил ч мөн ялгаагүй өмнөхөөс дутахааргүй  сайхан үзүүлбэрүүдээр наадамчин олны нүд, чихийг баясгаж, сэтгэл санааг хөглөлөө.

Гэхдээ тэр  шидтэн биш. Энэ том ажлыг ганцхан сарын дотор амжуулчих илбэ,  шид  түүнд байхгүй. Хамтарч ажилласан баг,туслах найруулагч,  уран бүтээлчдийн  зүтгэлийн үр шим. Ер нь бол наадам болохоос ганцхан сарын өмнө төсөв, мөнгийг  нь шийдээд, найруулагчийн сонгон шалгаруулалт хийгээд сууж байна гэдэг  үндсэндээ манай төр болохоо байсны л илрэл.  Төрийнхөө наадмыг  хийж чадахаа байжээ гэдгийг  харуулж байгаа юм. Доторх фракц, бүлэглэлийнхээ зөрчлөөс болдог уу, Төрийн наадмаа хийх төсөв мөнгөө ч шийдэж чадахгүй хугацаа тулгана  гэдэг монгол үндэстний  хувьд гутамшиг.  Дотроо хэрэлдэх нь ч дүүрч гэхэд дэлхий нийтийн өмнө шившигтэй  байдалд хүрч  мэдэхээр байлаа.

Дэлхийн улс орнуудад ийм зүйл огт гарч байгаагүй. Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн л гэхэд сонгогдсон улс орон нь  түүнд дөрвөн жил бэлддэг. Сонгогдсон өдрөөсөө эхлэн бэлтгээд явдаг. Олимпийн наадам ч адилхан. Зохион байгуулагчаар сонгогдсон улс орон олимпийн наадмын бэлтгэлийг  найман жилийн өмнөөс хийдэг. Гэтэл манайд  Төрийн наадам, Үндэснийхээ их баярыг ганцхан сарын дотор бэлдэнэ гэж байж боломгүй. Цаашид   “Наадмын хугацаа тулсан ч гэсэн  найруулагч нь  сайн юм чинь  болох биз”   гээд явдаг байж таарахгүй л дээ. Төрийн наадмын хүндэтгэлийн концерт, нээлт, хаалт гэдэг нүсэр ажил. Түүнд хэн ч хүндэтгэлтэй хандах  ёстой. Төр өөрийгөө бас хүндлэх учиртай. Төр нь наадмаа хүндэтгэхгүй байна гэдэг ард түмнээ хүндэтгэхгүй байна гэсэн үг юм даа.Монголын төр хэчнээн ялзарсан ч ядаж  төрийнхөө наадмыг алдаагүй  хийдэг байх сан.

 

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 08 сар 02/

    Хариуцлага тооцож харагдаач,харах юмсан

    Хариулах
  • ХУРУУ / 2018 08 сар 02/

    Ерөнхийлөгч үг хэлж байхад ийм “үзүүлбэр” үзүүлж байгааг хараагүй юм шиг байх нь Төрийн тэргүүнийг элэг барьж доог тохуу хийж байна гэж ойлгогдохоор байна. ..ЭНЭ ХУРУУ ГАРАА ГОЗОГНУУЛЖ БАЙСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • ХУРУУ / 2018 08 сар 02/

    Ерөнхийлөгч үг хэлж байхад ийм “үзүүлбэр” үзүүлж байгааг хараагүй юм шиг байх нь Төрийн тэргүүнийг элэг барьж доог тохуу хийж байна гэж ойлгогдохоор байна. ..ЭНЭ ХУРУУ ГАРАА ГОЗОГНУУЛЖ БАЙСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • Зочин / 2018 08 сар 02/

    Төрийн албыг хар захын лангуун дээр тавьсан энэ цагт ийм юм яриад яахавдээ,одоо хариуцлага гэдэг үг үгийн сангаас хасагдахдаа тулаад байна

    Хариулах