Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлуудын хэрэгжилтийг шаардаж, ажил хаялт хийх болсноо БШУҮЭ-ийн холбооноос өнөөдөр /9.1/ хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.

Тус салбарынхан төсөвт тусгагдсан 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш, ажилтнуудын үндсэн цалинг энэ сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтын үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогчид хүлээж, цалин хөлсийг бүрэн олгохыг шаардаж, энэ сарын 03-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болжээ.

Ажил хаялтад ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, 26 орчим хүүхдийн цэцэрлэг ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэнэ гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

Өчигдөр энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд төлөөлөл болсон зарим хүмүүстэй уулзан зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр боллоо гэж мэдэгдэж байсан ч ганц өдрийн дараа шийдвэр өөрчлөгдөв.

Үүнээс харахад багш нарын цалингийн асуудлаар улс төржилт явж байна гэх хардлага ч нийгэмд бий болж байна.