Солонгосоос хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг “ХАНАРУ” минимаркет хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг өөрчлөн зарж байсныг НМХГ-аас тогтоожээ.

Тус дэлгүүрээс нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Энэ үйл явдалтай зэрэгцэн зарим нэр бүхий иргэний нийгмийн байгууллагууд нөхцөл байдлыг далимдуулан хэвлэл мэдээлэл болон цахим орчинд худал мэдээлэл тарааж эхэлжээ.

Тодруулбал тус дэлгүүрээс худалдан авалт хийсэн компаниуд дунд И-МАРТ худалдааны төв байдаг гэсэн мэдээллийг тараасан байна. Үүнтэй холбогдуулан НМХГ-аас “Ханару” минимаркетын шалгалтын үеэр олдсон тус дэлгүүрийн худалдан авалтын баримттай танилцлаа. Үүнд нэр бүхий 14 байгууллага багтаж байна. НМХГ-аас эдгээр 14 хоол үйлдвэрлэлийн байгууллагын жагсаалтыг танилцуулж үүнд И-Март худалдааны төв байхгүй гэдгийг мэдэгдсэн юм.