Яам, агентлагуудын хэвлэлийн албадыг шалгаж өгөөч…

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 10 сар 26

Төрийн байгууллагуудын хэвлэлд төсөвлөгдсөн мөнгө юунд зарцуулагддаг вэ. Шууд хариулбал, тухайн салбар яаманд суугаа хэвлэлийн төлөөлөгчид. Цаашлаад түүний тойрон хүрээлэгч хэдэн нөхдөд. Өөрөөр хэлбэл, тухайн яамны мэдээ, мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлахаар төсөвлөсөн хөрөнгө эзэндээ хүрдэггүй, дундаа ууршдаг гэсэн үг.

Сүүлийн үед яам, агентлагийн хэвлэлийн төлөөлөгч нар өөрийн сайт, өөрсдийн байгуулсан төрийн бус байгууллагатайгаа гэрээ байгуулж, бусдад гуйлгаар тавиулсан мэдээгээр тайлан бүрдүүлж, төсвөөс мөнгө хусдаг арга дэлгэрээд удлаа. Ёстой нэгнээ дэмжиж төрд гаргаад тэрүүгээрээ дамжуулж төсвийн мөнгө саадаг улс төрийн бохир технологитой яг адил байдлаар үржиж байна.

Төсвөөс мөнгийг нь гаргаад явж байгаа улс орны хэмжээний томоохон үйл явдал үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарах эсэх нь тийм ч сонин биш. Зөвхөн тойрон хүрээллийн эрх ашигт захирагдах болж, явцуу хүрээнд үргэлжлэх хандлага улам дэлгэрсээр. Мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх бус өөртэй ашигтай байлгах явцуу эрх ашгийн хүрээнд хумигдах болсныг цэгцлэх цаг болжээ.

Тос дотроосоо өтдөг гэгчээр бусдын төлөө дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ мэт явцуу эрх ашигтаа хөтлөгдөж, шуналдаа сохорсон хэдэн нөхдийг засч залруулахгүй бол горьгүй нь. Өөрөөр хэлбэл, хэсэг нөхөд нийлээд хэвлэл мэдээллийн байгууллагын нэр барьж өөрсдөө завшдаг, өрөөлийг хохироодог байдлыг нь болиулна гэсэн үг. Уг нь татвар төлөгчдийн халааснаас гарч, хэвлэлд гэх шошго дарагдаж, хуваарилагдсан тэр мөнгө байгууллагадаа хүрч, хүртээмжтэй байвал олон сэтгүүлчийн цалин хөлс, нийгмийн даатгалд зарцуулагдахаас эхлээд эерэг тал олон. Цаашлаад тухайн байгууллагын мэдээ мэдээлэл ч олон нийтэд шууд эх сурвалжаасаа хүрч, хүртээмжтэй байх тал нь нэмэгдэх давуу талтай. Гэвч гуйлгын мэдээгээр тайлан бэлдэж, төрийг төөрөгдүүлж төсвөөс хусч заншсан хэдэн нөхрийн балгаар сэтгүүл зүйн салбар бусдын нүдэнд мөнгөнд шунасан араатан шиг үзэгдэх болж. Цөөн хэдхэн хүний мөнгө олж буй башир арга мэргэжлийн редакцтай өөрсдөө мэдээндээ гүйгээд, сайн контент хийх гээд улаа эргэтэл гүйж буй хэдэн сэтгүүлчдийг гутаан доромжилж, олон нийтийн үнэлэмжийг үгүй хийхэд нөлөөлөх боллоо.

Эс бөгөөс төрийн бус байгууллага нэртэй мэргэжлийн ямар ч рeдакц байхгүй хэрнээ сэтгүүлчдийг зарж иддэг хэсэг бүлэг нөхөд өнөөх мөнгийг завшдаг. Хамгийн сүүлийн жишээ нь, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах 86.4 сая төгрөгийн гэрээг гурван төрийн бус байгууллагатай хийсэн байсныг уншигчид санаж буй биз. Тодруулбал, “Их Монгол цаг” төрийн бус байгууллага хэвлэмэл сониныг хариуцаж 28.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөр 19.9 сая төгрөг хэдийнэ дансанд нь орсон. Мөн телевизийг хариуцахаар “Хүчтэй сэтгэгч” төрийн бус байгууллага 29.9 сая төгрөгийн гэрээ байгуулсан бол вэб сайтын чиглэлээр “Хэвлэл мэдээллийн хөгжлийн дэмжих төв” төрийн бус байгууллага 28 сая төгрөгийн гэрээ хийсэн байгаа юм.

Энэ мэтчилэн яам, агентлагуудын хэвлэлийн ажилтан, албадууд дор бүрнээ Төрийн бус байгууллага байгуулан, түүгээрээ дамжуулан хэдийнэ гэрээ байгуулж, гэрээний төлбөрийн 70 хувийг урьдчилгаанд шилжүүлж авсан байх жишээтэй. Гэтэл энэ бүхний гороор жинхэнэ хэвлэл, жинхэнэ сэтгүүлчид нь худалдагдсан, хаалтын гэрээ хийсэн гэх нэр дуулж, чичлүүлж явна. Иймд Төр, төсвийн байгууллагуудын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албадыг шалгаж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох цаг нэгэнт болжээ.

niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх