АИ-92 бензин стандарт хангахгүй байсан нь тогтоогдож импортлогч 9 ААН-ийг 9 сая төгрөгөөр торгожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 12 сар 26 ・ 3

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав.

 АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тогтоогдсон

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Үүнд:

  1. Петростар ХХК, 
  2. Магнай трейд ХХК,
  3. Шунхлай трейдингХХК, 
  4. Содмонгол групп ХХК,
  5. М-Ойл групп ХХК, 
  6. Жаст-Ойл ХХК, 
  7. Синчи-Ойл ХХК, 
  8. Монсуль ХХК, 
  9. Ойн бирж ХХК

Шинжилгээний үр дүнгээр дээрх 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон байна. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна.

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг аж.

Тиймээс ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017" хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогджээ. Тус 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. 

 Арилжааны банкуудын шимтгэл хураамжийн асуудлаар гомдол ирсээр байна

Энэ онд “Хэрэглэгчийн мэдээллийн 1800-1284 төв”-д арилжааны банкуудын үйл ажиллагааны талаар 74 санал, гомдол, мэдээлэл хэрэглэгчдээс иржээ. 

Тодруулбал, арилжааны банкуудтай холбоотой шимтгэл хураамж, зээлийн эргэн төлөлт, үйлчилгээний талаар, интернэт банк, шимтгэл хураамжийн ил тод байдал гэх мэт асуудлуудаар хэрэглэгчид тус байгууллагад хандсаар байгаа аж. 

Иймээс ШӨХТГ-аас цаашид хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, аливаа зөрчил дутагдалгүй ажиллаж, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар шаардлага хүргүүлжээ.

Албан шаардлагын дагуу арилжааны банкуудаас үйл ажиллагаандаа тавих хяналтыг сайжруулан ажиллаж байгаа талаар тайлбар хариу ирж байгаа гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 111 / 2018 12 сар 27/

    петростар бол петровис энд бүгд бнаа ямар нэр зарлуулах гээд бгаа

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 26/

    аж ахуйн нэгжүүдийн нэрийг үнэн юм бол зарлаач ээ юуг нь нуугаад байгаан аль нь сайн аль нь мууг хэлэхгүй байж

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 26/

    тэгээд хаанаас шатахуун авах юм бэ

    Хариулах