Монголын Эмэгтэйчүүд эрхээ хамгаалах өдрийг 64 дэхь жилдээ тэмдэглэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 08

Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч
Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч
Бүүвэйн зөөлөн дуунд чинь үр бүхэн тайвширч
Бүсгүй хүний эрдэм агуу төгс билээ
Хатуудаа хатуу хорвоогийн
Хахиран аашийг зөөллөх
Хатангоо бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын  7-ны өдөр гээд  Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр  3 дугаар сарын 8-ны өддрийг жил бүр  тэмдэглэж байхаар дурдсан байдаг.  Энэ үеэс эхлэн Монгол улсад өнөөдрийг хүртэл Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж иржээ.  Харин  1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар "Олон улсын эмгэтэйчүүдийн баяр"  тэмдэглэлт өдрөөс  хасагдсан байв.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар "Эх үрс"-ийн баярыг хооронд нь салгаж Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр  тэмдэглэх өдөр болгон сэргээсэн түүхтэй. Ийнхүү Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдгөө 64 дэхь жилдээ тэмдэглэж байна. Дэлхийн дахинаа тэмдэглээд 120 жил болж байгаа аж. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийн үүсэл түүхийг дурдвал:

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хувьсгалч бүлэг байгуулсан Клара Цеткинтэй холбон тайлбарладаг. 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр үед эмэгтэйчүүд өдөрт 16 цаг хөлсгүй шахам ажиллаж байхад эрчүүд 10 цагаар ажилладаг байжээ.

Энэ үед АНУ-д олон үйлдвэрүүдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1857 оны 3-р сарын 8-нд дахин нэг байгууллага нэмэгдэж анх удаа эмэгтэйчүүд гишүүнээр элсэж эхэлсэн байна. Мөн энэ өдөр Нью-Йоркийн олон хотуудад сонгох сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болжээ. 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй 3-р сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж дэлхийн олон улс орны эмэгтэйчүүд энэ уриаг хүлээн авч хөдөлмөрлөх эрх, нэр төрөө хамгаалах, хүндлүүлэх эрх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэлд нэгдсэн байна.

1911 онд Австри, Дани, Герман, Швейцар зэрэг оронд 3-р сарын 19-ний өдөр уг баярыг анх удаа тэмдэглэж сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцжээ. Харин дараа нь 1912 оны 5-р сарын 12- нд уг баярыг тэмдэглэх болжээ. 1913 онд тухайн үеийн Оросын нийслэл Петрбург хотод анх удаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн гэнэ. Хотын даргын нэр дээр ирсэн өргөдөлд “эмэгтэйчүүдийн асуудлаарх шинжлэх ухааны төлөө” хэмээх байгууллагын тухай тусгагдсан байв. Засгийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 1913 оны 3-р сарын 2-нд Полтавскийн гудамжинд орших Калашниковийн талхны биржийн байранд 1500-гаад хүн цуглаж эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө, төр засгаас төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгаа хэлэлцжээ. Дараа жил нь Европын олон оронд 3-р сарын 8-нд эсвэл энэ өдрийг дөхүүлэн эмэгтэйчүүд дайны эсэргүүцэл жагсаал зохион байгуулах болсон байна. 1917 онд Оросын эмэгтэйчүүд 2-р сарын сүүлийн 7 хоногийн ням гаригт “Энх тайван ба талхны төлөө” гэсэн уриа лоозон барин гудамжинд жагсжээ. үүнээс 4 хоногийн дараа эзэн хаан II Николай ширээнээсээ татгалзаж, түр засгийн газар эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг баталгаажуулав. Тухайн үеийн Оросын мөрдөж байсан цаг тооны бичиг болох Юлианы тооллоор 2-р сарын 23 -ны энэ түүхт өдөр нь Григорианы тооллоор 3-р сарын 8- нд байлаа.

Сонирхуулахад: Энэ өдрийг сонгох хувь тохиол Клара Цеткинд оногддог ч үүнтэй нэгэн адил Эсфирийн тухай домог ч бас яригддаг ажээ. Олон зууны өмнө Эсфирь гэгч бүсгүй ард түмнээ дарлан зовоогч эзэрхэг мангасаас аварчээ. Иймээс түүнд зориулан жил бүр еврейн ард түмэн (Клара Цеткинийг еврей байсан гэсэн сурвалж байдаг) Пурим хэмээх хамгийн хөгжилтэй баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ баяр нь өвлийн адаг хаврын эхэн сард болдог ажээ. Магадгүй олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх болсон тэр өдөр буюу 3-р сарын 8-нд Пуримын баярыг тэмдэглэж байсан ч байж болох юм. Хэдийгээр Еврейн Пуримын баяр нь үнэн алдартны Пасхи буюу улаан өндөгний баяртай бараг давхцдаг ч өдөр нь зөрдөг байв. Пуримын баяр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч шашны баяр биш байжээ. Магадгүй үүгээрээ ч 3-р сарын 8-ны баяртай утга дүйх болсон байх.

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх