Meal planning буюу хоолны төлөвлөгөөг хэрхэн зөв зохиох вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 04

Ингээд Ням гарагт ажлын 5 өдөр идэх хоолны жагсаалтаа гаргаж, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, хоолныхоо мах ногоог бэлтгэж, ууталж тавив. Бэлтгэх явцад хамгийн ихдээ 1 л цагийг шаардана, харин өглөө бүр босонгуутаа хоол бэлтгэж хийж авч явна гэдэг ажлын цагаас хороодог учраас “за за яг маргаашнаас л болъё” гэж хойшлуулах магадлал тун өндөртэй болохыг ойлгосон учраас амралтын өдөр бэлтгэлээ базаалаа.
Meal planning нь гадаадын орнуудад хөгжсөн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд зориулалтын хоолны цэс, төлөвлөгөө хөтөлдөг төрөл бүрийн гоёмсог хуудсууд онлайнаар зарагддаг юм билээ. Ингээд өөрийнхөө хоол бэлтгэсэн төлөвлөгөө болоод meal planning гэж чухам яг юу болох талаар энд дэлгэрэнгүй хүргэж байна.

 

 

 

Meal planner буюу хоолны төлөвлөгөө гэж юу вэ? 
Хоолны төлөвлөгөө бол чи болон чиний гэр бүл нэг долоо хоног, нэг сарын туршид “юу идэх вэ” гэдгээ шийдэх төлөвлөгөө юм. Хэт энгийн, байдаг л зүйт мэт сонсогдож магадгүй ч гэр бүлийн уур амьсгал, санхүү төсөв болон эрүүл мэндийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг төлөвлөгөө аж. Хүнсээ цуглуулан төсвөө хэмнэх, гэртээ хоол бэлтгэж эрүүлээр хооллох энгийн арга юм. Таарснаа идэж, гадуур хооллож, болсон болоогүй хүнс идэхэд бие болон сэтгэл зүйд мэдрэгддэг таагүй шинжүүд гэртээ хоолоо төлөвлөж бэлдэх үед огтхон ч төрөхгүй гэдгийг амлъя. Бас завгүй энэ цаг үед “ямар хоол идэх вэ, яах вэ, за за бэлэн юм аваад идчихдэг ч юм билүү?” гэсэн асуултанд эерэг шийдэл болно.

 

Тэгэхээр хоолны төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ? 
Цаас үзэг гаргаад хамгийн багадаа долоо хоногоор нь төлөвлөж идэх хоол, өглөө өдөр оройдоо бэлтгэх хүнсний жагсаалтыг гаргаарай.

 

 

 

Энд би загвар болгож

ажлын цайны цагаар авч явсан нэг долоо хоногийн төлөвлөгөөгөө жагсаалаа. (Зөвхөн өдрийн хоолны цэс)
Даваа гараг:
 Гурвалжин будаатай хуурга (Тахианы бүрмэл+Шарсан дүпү+ Броколли++Лууван+Гурвалжин будаа) 
Эхний өдрийн хоол хүнд төрлийнх байсан. Гурвалжин будаанаас бусад нь шарсан, ростолсон хүнсүүд байгаа юм. Гэхдээ гадуур хоол идэхгүй гэдэг амлалтдаа хүрсэн учраас өөрийгөө зөвтгөж орхив.

 

Мягмар гараг: Овъёос+Шинэ тараг 
Тэр чигтээ эрүүл хооллолт байсан. Овъёос ер нь өдрөө даадаг байх. Өлсгөлөн мэдрэмж нэг хэсэгтээ төрөөгүй. Мөн ходоод амарч байгаа юм шиг мэдрэмж ч төрж байв. Гэхдээ махсаг хүн чинь дан ийм зүйл идэхээр махаа санаж байна лээ.

 

Лхагва гараг: Будаатай хуураг (Хонины шинэ мах+Лууван+Броколли+Шарсан өндөг+Будаа) 
Энэ хоолыг би өөртөө биш ээж минь надад бэлтгэж өглөө. Оройтож боссоноос үүдэж хоолоо бэлтгэж амжихгүйд хүрсэн ч ээжийн сэтгэл шингэсэн, амттай, шинэхэн хоолоор өдрийг амжилттай давсан шүү.

 

Пүрэв гараг: Тахианы цээж мах+Броколли+Лууван+Дүпү+Өндөг+Гурвалжин будаа
Бусад хоолноос ялгаатай нь бүх хүнсээ жигнүүр дээр жигнэж бэлэн болгосон. Энэ үнэхээр давуу талтайгаас гадна хайрсан зүйл идэхгүй байхсан гэсэн бодлоо биелүүлэхэд ихээхэн тус болсон.

 

Баасан гараг: Ногоотой хуурга :Мах+Ногоон сонгино+ Броколли+ Бууцай+ Лууван+Төмс
Төлөвлөгөөнөөс нэг алхам зөрсөн ч үнэхээр амттай байсан шүү. Шарсан тахианы мах тостой, хэдий хүнд төрөлдөө орсон ч ногоо болон гурвалжин будаагаар тун сайхан “даруулсан”. 
Миний ажлын өдрөөр бэлтгэж авч явсан хоолны төлөвлөгөө тун амжилттай байсны дээр сэтгэл санаа илүү өөдрөг болж, гадуур хооллох гэдгийг мартаж орхив. Ходоодны тал дээр мэдрэг байдаг над шиг хүнд гэрээсээ эрүүл шинэ хоол бэлгэх авчрах төлөвлөгөө үнэхээр “зохиж” байсан шүү.

 

 

 

Хоолны төлөвлөгөөгөө биелүүлэхдээ: 
Баасан гарагт хоолны төлөвлөгөө гарга -
 Төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн хоолоо ажлын өдрүүдэд санаа зоволгүй хийж дадахын тулд чи эртнээс төлөвлөгөө гаргасан байх шаардлагатай. Үүний тулд 5 дахь өдрийг сонгож ирэх 7 хоногт өглөө өдөр оройн хоолонд юу идэхээ тодорхойлж, ямар ямар хүнс бэлэн байлгахаа төлөвлөөрэй. Мөн төлөвлөгөөг гаргахдаа тэмдэглэлт өдөр, баярыг тооцохоо мартваа! Ингээд дэлгүүрээс авах хүнсний жагсаалт Баасан гарагт бэлэн болно.

 

Бямба гарагт хүнсээ цуглуул - Супемаркет, зах, томоохон хүнсний дэлгүүр орж хүнсээ цуглуулах ажлыг энэ өдөр гүйцэлдүүлбэл нэн сайн шүү. Ажлын өмнөх өдөр чи хоолоо бэлтгэх учиртай болохоос дэлгүүр хэсэж цаг алдах ёсгүй.

 

Ням гарагт хоолоо бэлтгэ - Одоо сонгож авсан хүнсний материалуудаа хувиарлах, бэлтгэх цаг. Тэдгээртээ зориулж амыг нь нааж болдог тор, болвол цаасан уут, бүр болж өгвөл тус бүрт нь хоолны сав бэлтгээрэй. Гэхдээ хамгийн хялбар амар сонголт нь гялгар уут байдаг. Ингээд хэрчиж, арилгаж, хувааж, хувиарлаад чиний танай ирэх 7 хоногийн хүнс бэлэн.

 

Бонус зөвлөгөө: 
· Дэлгүүр орох хугацаагаа тодорхой болгоорой 
· Төлөвлөгөөнд хугацаа тогтоогоорой 
· Хүнс цуглуулахдаа дуртай амттанаа авахаа бүү мартаарай (мэдээж чихэр шоколад, чипсээс татгалзана. Харин тараг, жимс, хатаасан жимсийг сонго)
· Жорны гоё сайт, блог, аппуудыг турш 
· Хоолонд дурлагсдыг олж, группт нэгдэн туршлага болон жороо солилц.

 

Хоолны төлөвлөгөө гаргаж хэвшихийн гайхалтай үр дүн нь юу байна гээч? 
· Илүү эрүүл байна 
· Мөнгөө хэмнэнэ 
· Цагаа хэмнэнэ
· Илүүдэл хоол хаяхгүй байж чадна
· Хоолноос болж огтхон стресстэхгүй
· Гэртээ хамгийн амттайг нь хийж идэж чадна
· Сэтгэл хангалуун бус гадуур хооллолтоос татгалзаж чадна.

 

Гоолингоо нь хайгаад байсан хоол төлөвлөгч хуудсаа “ Tinabel stationery” саяхан гаргасан эзэгтэй багцаас олж чадсан шүү нээрээ. Гадаадын хоол төлөвлөх принт хуудасны загвар олон байдаг ч бидний онцлогт тохирсон монгол принт байна лээ.

 

Ингээд эзэгтэй чамд амжилт хүсье!

 

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх