“Монгол Улсын шүүхээс төрсөн гавьяат хуульчид” ном хэвлэгдэн гарлаа

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 04 ・ 1

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр зарлигаар БНМАУ-ын "Гавьяат хуульч" цол бий болгожээ. Монгол Улсын шүүхээс 1971 онд  Цэргийн шүүхийн гишүүн, хурандаа Ролжингийн Цуучил, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч Сатишпаны Шайзадаа, Улсын Дээд шүүхийн орлогч дарга Цэндийн Лувсаншарав нар анх удаа хүртжээ. Шүүхээс төрсөн гавьяатуудын тухай ном бүтээгдэж байгаагүй бөгөөд гавьяатуудынхаа амьдрал, амжилтын буухиагаар энэ салбарын үүсэл, хөгжлийг дүрслэн буулгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор Жанчивдоржийн Бямбацогт, Оросоогийн Зандраа нар номыг бүтээжээ.

Энэ номыг бүтээгчид гавьяат хуульчдын намтар түүх, хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, үлдээсэн өв, ховор нандин зураг тэргүүтнийг эрэн сурвалжилж, хэн ч уншсан сонирхолтой, залуу хуульчдад сургамжтай, ийм л хүмүүс гавьяатын жинхэнэ эзэд байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Үүний зэрэгцээ энэ номд шүүхийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүдийг онцолсон нь шүүхийн түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах, эх сурвалжийн ач холбогдолтой бүтээл болсон билээ.

Монгол Улсын шүүхийн байгууллагад ажиллаж байсан, гавьяат хуульчид цөөнгүй байгаа боловч БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлснээр гавьяат хуульч цол хүртэгсдийн хүрээнд номыг бүтээжээ.

Номын зохиогчид энэ номыг бүтээхдээ хүмүүсийн хувийн архиваас эхлэн архивын сан хөмрөг, сонины шарласан хуудсуудыг ч уйгагүй шүүж, номд багтсан гавьяатуудын талаарх мэдээ, сурвалжилгыг олж нэгтгэсэн нь нөр их хөдөлмөр гэлтэй.

Энэ номд багтсан гавьяат хуульчдын намтрыг харахад нийгмийн амьдралын тал бүрийн хүрээнд хүч сорьж, амьдралын мөн чанарыг биеэр туулж, тал бүрийн өргөн мэдлэгтэй хүмүүсийн намтар түүх, туулсан замнал, бүтээсэн өв соёлтой, хойч үедээ танилцах боломж олгожээ. 

 

           

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: