Энэ хавар чиний зайлшгүй турших ёстой 5 төрлийн үсний тренд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 18

Сар шиг хэлбэртэй нарийхан хөмсөгнөөс бусдаар бол тэр чигтээ 90-ээд оны хувцас загвар, нүүр будалт, үс засалтын трендүүд энэ онд Инстаграм ертөнцийг эзэгнэж, “It girl”-ууд ч 90-ээд оны трендээр бүрэн амьсгалж байна гээд хэлчихэд хилсдэхгүй байна шүү. Энэ дунд үс засалтын тренд ч мөн багтана. Шуусан үс, төрөл бүрийн шигтгээтэй хавчаар, том боолтууд гээд л. Эдгээр үсний трендүүдээс энэ хавар аль нэгийг нь заавал туршиж үзэн, өдөр тутмын энгийн хэв маягтаа бага зэрэг өөрчлөлт оруулаасай гэж Гоолингоо нь чамаас хүсэн энэхүү нийтлэлээ бэлдлээ.

 

Энэ хавар чиний зайлшгүй турших ёстой 5 төрлийн үсний тренд

 

1. Шуусан үс

 

Үсээ дээшээ шуух нь цаг нь тулсан үдэшлэг, гэнэтийн болзоо гээд аль ч үед бидний амийг аварч чаддаг ид шидтэй үс засалт билээ. Хэрвээ чи Инстаграм одууд шиг төгс үсээ шуухыг хүсэж байвал доорхи хэдэн зөвлөгөөг дагахад л хангалттай. 
1.Зулайныхаа хэсгийг ар талаас нарийхан шүдтэй самаар үрж, эхлээд үсээ босго.
2. Угаа босгочихоод өнгөн хэсгийг нь том шүдтэй самаар үл ялиг самна. 
3. Зулай хэсгийг урагш нь түлхэх маягтайгаар боож, илүү их өндөрлө.
4. Эцэст нь урд хэсэгтээ үлдээсэн үсээ самнаад, лак цацаарай.

Том цагираган ээмэг, дур булаам нүүр будалтаа тодотгож харуулахад үүнээс илүү зохицох үс засалт гэж үгүй. “Ponytail”-ийн үнэнч шүтэн бишрэгчдийн цуваа Ariana Grande, Hailey Bieber, Beyonce гээд уртаас урт хөврөх болно. 90-оод онд тренд болж байсан энэхүү үс засалтыг инстаграм, хувцас загварын ертөнцөд эргэн авчирч өөрийнхөө имижээ болгож чадсан нэгэн бол Ariane Grande. Ariane Grande-ийн шуусан үс чамд хэтэрхий хүүхдэрхүү санагдаж байгаа бол оронд нь шуусан үснийхээ доод хэсгийг үл ялиг эргүүлж долгион оруулаад Hailey Bieber-ийн төрхийг бүтээж ч бас болно шүү дээ.

 

Цахилгаанжиж сөрдийсөн үсгүй, нямбай шуухын тулд боохоосоо өмнө үснийхээ хоёр талаар үсний вакс түрхэхэд л хангалттай. Духны зааг хэсгээр байдаг богинохон сэвлэгүүдийг хойш нь болгохын тулд, самандаа үсний лак цацаж байгаад тэрүүхэнд нь арагш самнаад үзээрэй.

 

 

 

 

 

 

2. Ээжийн хавчаар

 

 

Ээжийн хавчаар, аалзан хавчаар ч гэж нэрлэдэг энэ үсний гоёлыг харахаар шуудхан л “Найзууд” цуврал, “Spice Girls” хамтлаг, тод өнгийн уруулын будаг санаанд минь ордог юм. Ээжүүдийн залуу цагийн загварын мэдрэмжтэй цуг алга болсон гэж бодож байсан энэ хавчаар өнгөрсөн оны Alexander Wang-ийн намрын хувцасны цуглуулгын гол үсний гоёл болон тайзнаа гарснаас хойш “it girls”-ийн дуртай үсний хавчаар болон хувирсан билээ. Үсээ угаахаа мартсан өглөөдөө шуудхан л зүүгээд гарахад тохиромжтой энэ хавчаар хэрэглээ талаасаа ч тэр тун ч ашигтай хавчаар юм шүү.

 

Хэрэглэхэд ч энгийнээс энгийн. Үсээ таллаж хуваагаад ард нь хавчих, эсвэл бүтнээр нь шууж байгаад ард нь хавчихад л хангалттай. Бага зэргийн үс урдуураа гаргаж өгөөд тун донжтой хавчих юм бол тийм ч их хичээгээгүй хэрнээ тун ч дэгжин төрхийг бүрдүүлж болно. Эсвэл яг л Bella Hadid шиг үсээ голоор нь хагалж хуваагаад ард нь хавччих. Аль аль нь чамд зохих болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

 

 

 

3. Том боолт

 

 

2000-аад оны эхээр телевизийн сувгуудаар гарч байсан “Зүрхэнд шингэсэн намар”, “Өвлийн хайрын дуу” гээд хит киноны эмэгтэй жүжигчид бүгдээрээ яг дээрхи зурагтай ижилхэн том том боолтоор гангарч, өнөөх кинонуудыг үзсэн эгч нар маань өөр хоорондоо хэн нь том боолт зүүснээрээ өрсөлддөг байсан тэр хөгжилтэй үеийг санаж байгаа хүн байна уу? Яг тэр үед тренд болж байсан өнөөх том боолт маань дахин бүсгүйчүүлийн загварлаг үсний гоёл болон эргэн иржээ.

 

Үсээ доор нь сулхан боох, хагаслаж боох, сүлжих гээд бараг бүх нөхцөлд энэ боолт чамайг хөөрхөн харагдуулах ид шидтэй. Үсээ бүхэлд нь шуух эсвэл задгай тавихаас зайлсхийдэг бүсгүйчүүл өөрт тааалагдах өнгө, дизайнтай том боолтнуудаас хэд хэдийг аваад нөөцөлчихөд тун гэмгүй. Мөн нэмээд чиний хувцаслалтыг илүү охинлог болгож, царайны ерөнхий төрхийг чинь зөөллөж өгөх болно. Өсвөр насны охидоос эхлүүлээд ажил хэрэгч, оффисын бүсгүйчүүлд маань ч энэ боолт зохих болно шүү.

 

 

 

>

 

 

 

4. Төрөл бүрийн шигтгээтэй хавчаар

 

 

Эдгээр шигтгээтэй хавчаарууд хормын төдийд л чиний ердийн төрхийг чинь тэр чигт нь өөрчилж чамайг орчин үеийн, тренди бүсгүй болгож хувиргах болно. Дээр нь нэмээд иймэрхүү том хавчаар зүүсэн үед үсээ ч тусгайлан янзлах шаардлагагүй болох бөгөөд жижигхэн үснүүд урдуур унжаад байхгүй тун цэгцтэй болчихдог юм байна лээ шүү. Төрөл бүрийн үгтэй, сувдан шигтгээтэй, аль эсвэл алтлаг боронзон өнгөтэй гээд төрөл бүрээс хэд хэдийг авчихвал энэ хавар зуны турш чи их хотын тренди, загварлаг бүсгүй байна л гэж мэд.

 

 

 

 

5. Үсээ хоёр хувааж боох

 

 

Энэ засалтыг хараад санаанд чинь шуудхан “Spice Girls” хамтлагийн Emma-ийн “Wanna be” дууны клипэн дээрх түр төрх шуудхан орж ирж байгаа биз дээ. Спорт зааланд дээрээ бэлтгэл хийх үедээ эсвэл хотоос гадна салхилахдаа үсээ ардаа шууж боохын оронд Kendall шиг хуваагаад боочихвол чи тун ч спортлог бөгөөд загварлаг харагдах боломжтой. Нимгэхэн резинээр үсээ боож өгвөл илүү цэвэрхэн харагдах болно гэдгийг мартуузай. Хааяа ч гэсэн зоригтой, шийдэмгий, секси дүр төрхөө түр хойш нь тавиад юу ч хийхээс буцахгүй сахилгагүй, дэггүй охин болж хувирахад юу нь буруу гэж, тийм ээ.

 

 

 

 

Чи алийг нь туршмаар байна?

 

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх