Энэ хавар чиний “хөл нийлүүлэх” 8 тренд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 26

Модод нахиалж, цэцэгс дэлбээлээд “ Алив ээ, миний гоо үзэсгэлэнг магтаач” гэх шиг байгаль дэлхий хүртэл өөрийн гоёлоо өмсөхөөр яаран догдолж эхэлдэг урин хавар хэдийнээ хаалга тогшин хүрээд иржээ. Харин чиний минь шүүгээ жилийн хамгийн загварлаг бөгөөд хээнцэр харагдах учиртай энэ улирлыг бүрэн утгаар нь ашиглаж, өөрийн үзэсгэлэн гоогоор Улаанбаатрын гудамжийг чимэхэд бэлэн үү?

 

Энэ хавар чиний “хөл нийлүүлэх” 8  тренд

 

Бикини өмсөн далайн эргээр алхах тухай бодоход арай эрт байгаа хэдий ч гоёл чимэглэл, цүнх, аксисуараар зуныг өөртөө дуудаж, хаврын дулаахан өдрүүдэд гэрэл нэмэхэд чинь туслах яг одоо тренд болж буй 8 загварыг энэ удаа Гоолингоо нь онцолж байна.

 

1. “Бүүр нэг байгалиараа” цүнх

 

Зуны өдрүүдэд салхинд гарахдаа л хэрэглэдэг байсан хулсан, сүлжмэл материалтай цүнх эдгээр хаврын өдрүүдэд чамд дулаахан, энгийн, байгальд ээлтэй мэдрэмжийг авчрах болно. Хулсан сүлжмэл цүнхээ илүү дэгжин харагдуулахыг хүсэж байвал тод өнгийн хээтэй торгон хүзүүний алчуураа нэг талд нь уяхад л болох нь тэр. Байгаль дэлхийн өнгө гэж нэрлэж болох хулсан бор өнгө нь завсрын пастел өнгөнүүд болон хар хүрэн өнгөтэй бүхий л гадуур хувцастай гайхалтай зохицдог гэдгийг нэмээд хэлье.

 

 

 

2. 2 in 1: Бүс ч болно, цүнх ч болно

 

Эртээ урьдын цагт кондуктор эгч нарын маань л ажлын зэмсэг байсан энэ цүнх орчин үед хамгийн загварлаг тренди залуусын салшгүй нэгэн хэсэг болно гэж хэн таамаглах билээ дээ? Өнгөрсөн жил худалдан авсан “belt bag”-ээсээ үл ялиг уйдаад, илүү загварлаг харагдахыг хүсэж байгаа бүсгүйчүүл маань энэ хавар цүнхээ тайл хэсгээрээ бүс шиг зүүхийн оронд дээрхи зураг шиг мөрөөрөө давуулаад үүрэхэд л хангалттай тренди харагдах болноо гэдгийг дуулгахад таатай байна.

 

Энэ трендийг туршихдаа санах нэг зүйл: Гудамжаар дүүрэн “belt bag” үүрсэн арван жилийн хүүхдүүдээс ялгармаар байвал beige, nude эсвэл час улаан, тас хар өнгийг, материалын хувьд цэвэр арьс юмуу эсвэл савхийг сонгоорой.

 

 

 

3. Энгийнээс энгийн сандааль

 

Нүсэр тоноглол, этгээд хээ угалз, олон өнгийн хослол огтхон ч байхгүй энэ загварын өсгийтүүд тренд болж буй нь олон олон минималист бүсгүйчүүлийг маань баярлуулж буй нь гарцаагүй биз ээ. 90-ээд оны төгсгөл 2000-аад оны эхэн үеийг санагдуулам минималь сандааль энэ хавар зуны гутлын голлох трендийн нэг байх болно. Аль болох нарийхан уяатай, энгийн загвартай, хар бараан өнгийн сандааль худалдаад авчихвал энэ хавар зуны турш бараг бүх төрлийн хувцаслалтан дээр чинь зохицоно гэж мэд. Аа харин, дурлаж авсан сандаалиа өмсөхөөсөө өмнө хөөрхөн хөлөө арчилж, педикьюрт орохоо мартуузай.

 

 

 

4. Могойн арьс

 

2019 оны хавар зуны цуглуулгууд бүхэлдээ төрөл бүрийн хээгээр баялаг байсан билээ. Гоёл чимэглэлээс өгсүүлээд гадуур хувцаснууд хүртэл төрөл бүрийн хээгээр бидний нүдийг хужирласан. 
Энэ дундаас бүсгүйчүүлийн хамгийн ихээр дурласан мөн нэмээд “практик” хэрэглээ сайтай хээ нь яахын аргагүй могойн арьс байсантай хэн ч маргахгүй биз. Милан, Нью-Йорк, Парисын загварын долоо хоногийн зочдын хувцаслалт ч бүсгүйчүүл могойн арьсанд хэчнээн их дурлаж байгааг батлаад өгөх шиг л болсон. Урт түрийтээс авахуулаад оймсон өсгийт, Dr.martens гээд бидэнд могойн арьсан хээний тунчиг арвин сонголтууд бий. Тренч цув, макси даашинз, ноолууран хүрэм гээд бараг бүх төрлийн гадуур хувцсан дээр зохицох ийм хээ тийм ч олон байхгүй тул эргэлзэх зүйлгүй өөрт тохирсон могойн арьсан хээг энэ хавар өөрийн болгоорой, хонгор минь.

 

 

 

5. “Урлаг урлал” хоёрын давхцал

 

Хэдэн мянгаараа үйлдвэрлэгддэг “fast fashion” загваруудаас илүүтэй гар аргаар зөвхөн ганц хувь хийгдсэн урлагийн бүтээлийг худалдан авч, өөрийн дотоод мөн чанараа гоёл чимэглэлээрээ дамжуулан илэрхийлэхийг хүсдэг бүсгүйчүүлийн тоо улам олширсоор байгаа билээ. Тэр ч утгаараа энэ хавар гоёл чимэглэлийн тал дээр давамгайлж буй тренд бол урлаг урлал хоёрын хослол болсон дахин давтагдашгүй, үнэ цэнтэй байж чадах ээмгүүд юм. Чи эдгээр загварыг үдшийн болзооноос авахуулаад өдөр тутамдаа ч зүүж болно. Хувцаслалт маань хэт нэг хэвийн, уйтгартай болчихоод байгаа юм шиг мэдрэмж хааяахан даа бидэнд төрдөг тийм үү? Яг тэр үедээ дээрхи зурагтай ижилхэн гар аргаар хийсэн “урлаглаг” ээмгийг хувцаслалтайгаа тохируулан зүүгээд үзээрэй. Чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Гар аргаар цөөхөн тоогоор хийгдсэн хэдий ч үнийн хувьд тун боломжийн маш олон маркууд гадаадад төдийгүй Монголд ч хэд хэд бий тул чи минь жаахан л эрэл хайгуул хийвэл, зөвхөн чамд зориулагдсан загварыг олж чадах болно шүү.

 

 

 

6. Сувд сувд бас дахин сувд

 

Гудамжны загварын бэлгэ тэмдэг болсон алдартнуудын гоёл чимэглэлийн хайрцаг руу яг одоо шагайн харвал бид дор хаяж хэд хэдэн сувдан ээмэг, зүүлт, үсний хавчаарыг олж харж чаднаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна шүү. 
Сувдыг зөвхөн баллет үзэхдээ л зүүдэг гэх гунигтай хандлага замхран алга болж, “it girls”-үүд ёстой төрөл бүрийн сувдан гоёлуудаар жинхэнэ наадаж өгч байна, цаана чинь. Хэрвээ чи энэ хавар сувдан чимэглэл авахаар төлөвлөж байгаа бол сонгодог загвараас илүүтэй, контемпорари хэв маягийг агуулсан илүү орчин үеийн загварыг мөн дээр нь нэмээд ямар ч өө сэв байхгүй дугариг хэлбэртэйг биш яг л байгалийн хэлбэрээрээ байгаа сувднаас сонголтоо хийхийг зөвлөж байна.

 

 

 

7. “Коршонкон” малгай

 

Зураг 7 Охиныхоо өмсдөг нарны малгайнаас нэн дариу том размерийг худалдаж авах шаардлагатай боллоо доо. 90-ээд оны хит трендүүдийн нэг, бидний нэрлэж заншсан “коршонкон малгай” маань хориод жилийн дараа дахин загварын ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. Энэ жил нарнаас өөрийнхөө арьсыг эрчимтэй хамгаалахаар төлөвлөөд буй бол сайн чанарын нарны тостой хамт энэ загварлаг малгайг заавал худалдан аваарай. Өнгөнийн тухайд гэвэл: неон шар, саарал цагаан цагаан бор гэх мэтийн шоон хээтэй загварууд өдөр тутмын хувцаслалтан дээр илүү зохимжтой, уусаж харагдах болно.

 

 

 

8. Хэдий чинээ хурц байна, төдий чинээ загварлаг

 

Эрвээхэй, мууран загварын шилээрээ энэ хавар ч мөн адил гангарахаар төлөвлөж байгаа бол түр азна. Энэ хавар нарны шилний хувьд-зуйван, дугуй хүрээ ор тас мартагдаж харин түүний залгамж халааг хурц өнцөгтүүд эзлэн аваад буй. Гурвалжин дөрвөлжин зургаан өнцөгт гээд өөрт таалагдсан хүрээгээ л сонго. Чиний сонгосон шил дангаараа ч хувцаслалтыг чинь бүрэн дүүрэн “cool” харагдуулж чадна.

 

 

 

Алиийг нь авмаар байна?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх