“Бид бороотой, цастай байна гээд хилээ эзгүй хаядаггүй”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 06
Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа хүссэн мэргэжлээрээ сураад ажиллана гэдэг бүр ч сайхан. З.Цэрэнбат Хилийн цэргийн дээд сургуулийг 2005-2009 онд Ар талын ажилтан мэргэжлээр сурч, төгсөөд Хилийн 0198, 0129 дүгээр ангид заставын орлогч, заставын дарга, шуурхай жижүүр гэсэн албан тушаалд ажиллаж байгаад 2013 оноос Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст мэргэжилтнээр, 2014-2015 онд Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст мөн мэргэжлээрээ ажиллажээ. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2014 онд анх удаа “Шилдэг офицер”-ын тэмцээнийг зохион байгуулахад II байр эзэлж ОХУ-ын Ерөнхий цэргийн академид гурван жил суралцан төгсч ирээд 2018 онд Хилийн 0165 дугаар ангид Цэргийн сургалт, сахилга албаны зохион байгуулалтын тасгийн даргаар ажиллаж байна.
 
Түүний аав Ж.Зоригтбаатар НАХЯ-ны хилийн цэрэгт алба хаажээ. Тэрээр хүүдээ “Монгол Улсад хил гэж байгаа цагт түүнийг манах хилийн цэрэг байна. Ямар нэгэн байдлаар хилийн цэрэг үгүй болсон тохиолдолд Монгол гэдэг улс оршин тогтохгүй” хэмээн хэлдэг байсан нь хүүд өвөрмөц, сонирхолтой санагджээ. З.Цэрэнбатыг Х ангид байхад аав нь “Миний хүү ямар мэргэжилтэй болох вэ. Хилийн цэрэгт орох уу” гэхэд нь тогтсон мэргэжил сонгоогүй ч цэргийн хүн болох бодол нь дийлсэн аж. Хилийн цэрэг гэж байгаа бол зориулалтын мэргэшсэн хүчин байх ёстой гэдгийг ч ойлгосон байна. Тиймээс хилийн цэргийн офицер болох хүсэл өвөрлөсөн нь биеллээ олж ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд Хилийн цэргийн дээд сургуульд шалгалт өгч тэнцсэн байна. Тэрээр “Хилийн цэргийн нэг онцлог нь тайван цагийн байлдааны үүргийг тогтмол гүйцэтгэдэг. Улсын хил хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулдаг гэдгээрээ илүү санагдсан. Бид өнөөдөр бороотой, цастай, шуургатай байна гээд хилээ эзгүй хаядаггүй. Харин ч хилээ чангатгаж, эрчимжүүлдэг нь таалагдсан. Цэргийн академи төгсч ирсний дараа зорилго нь тодорхой хэмжээгээр нэмэгдсэн” гэж байв.
 
Офицер хүн багш байх ёстой. Офицер том ч бай, жижиг ч бай цэргийн дарга л байдаг. Тиймээс офицер хүн бүр багш, сурган хүмүүжүүлэгч байна. Тухайн хүн ямар багш, цэргийн дарга вэ гэдгийг хамт олон л тодорхойлно. Хилчин хүний хамгийн сайхан мэдрэмж улсын хилийн багана. Хилийн баганад хүссэн хүн бүр очиж чаддаггүй. Хилийн цэргийн алба хааж байгаа хүссэн хүн очиж болдоггүй. Хилийн багана дээр очоод нутгийн гүн рүү харах сайхан байдаг. Үүнээс цааш харийн нутаг, эндээс нааш эх орон гэдгийг хилчин хүн л мэдэрдэг юм. Үгээр хэлж болохгүй тийм сайхан омогшил, эх оронч үзэл энэ үед төрдөг. Хилчин хүмүүс хамгийн эх оронч хүн шиг санагддаг. Эх орондоо хайргүй хүн гэж байхгүй хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байсан.
Түүний гэргий мөн ахлах цолтой. Гурван охинтой. Удам дагасан хилчин гэхээр надад сонин санагддаг. Хүүтэй болоод хилчин, цэргийн хүн болчихвол зүгээр юм болов уу гэж боддог. Хилийн анги, заставт амралтын цаг хомс болохоор чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ байхыг эрмэлздэг. Мөн найз нөхөдтэйгөө зааланд тоглохыгг хүсдэг. Мөн өөрийгөө хөгжүүлэхийн тулд шинэ гарсан хууль дүрэм, зааврыг судлахыг эрмэлздэг. Ийш тийшээ явахад замд цаг гардаг болохоор уран зохиолын ном унших дуртай гэж байлаа.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2019.5.6  ДАВАА  №93  (6060)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх