Икигай: Урт удаан, жаргалтай амьдралын нууц номоос авсан амьдралын 5 сургамж

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 09 ・ 2

Их сургуулиа төгссөний дараах зун хэсэг Япон жуулчдад хэлмэрч хийх ажлын завшаан надад гарч ирсэн юм л даа. Хамт явсан жуулчдын маань ихэнх нь 60-аас дээш насны бидний нэрлэдгээр “хөгшчүүл” байсан хэдий ч тэд 20 насыг дөнгөж шүргэж яваа надаас ч илүү эрч хүчтэй, баргийн зүйлд ядрахгүй, үргэлж л цовоо цолгин байсаар аяллаа өндөрлүүлсэн нь намайг үнэхээр гайхшруулсан онцгой сонин үйл явдал байсан юм.

 

Икигай: Урт удаан, жаргалтай амьдралын нууц номоос авсан амьдралын 5 сургамж
Тэр арван хоногийн аяллын хугацаанд надад үргэлж сайн хандаж байсан Япон өвөө аялал дуусахын өмнөх орой надаас ирээдүйн төлөвлөгөөг минь гэнэтхэн асууваа. Миний толгойд тоймтой хариулт орж ирэхгүй ингэс тэгэс хийгээд хариулсан болов. Япон өвөө намайг удаан гэгч нь ажиглан харснаа миний байдлыг мэдэрсэн гэлтэй өөрийнхөө төлөвлөгөөг дуржигнуулан ярих нь тэр. 
Сантехникийн инженер мэргэжлээр 40 гаруй жил ажилласан тэрээр хэдхэн жилийн өмнө насныхаа амралтад гарсан хэдий ч тэтгэвэрт гарлаа гээд огт зүгээр суулгүйгээр шуудхан л олон жил сурахыг мөрөөдөж байсан Англи хэлээ сайжруулан орчуулагч болохоор хичээж байгаа бөгөөд ойрын хоёр жилдээ багтаан мэргэжлийн орчуулагчийн үнэмлэх авахаар сэтгэл шулуудаад байгаа талаараа надтай хуваалцсан юм. Хангалттай ажиллаж хөдөлмөрлөн гавьяаныхаа амралтад гарчихсан өвөөгийн ирээдүйн төлөвлөгөө нь ажил амьдралынхаа гарааг дөнгөж эхлүүлэх гэж байгаа надаас хамаагүй тодорхой, хүсэл тэмүүлэл, хийх зүйлсээр дүүрэн байгааг сонсоод тэрхэн зуур би өөрийгөө туйлгүй ихээр голж байснаа одоо ч тодхон санаж байна.

 

 

Орчуулагч болох хүсэлтэй өвөө минь одоог хүртэл надтай фейсбүүкийн найзууд бөгөөд саяхны нэг өдөр мэргэжлийн шалгалтаа амжилттай өгсөн тухай зургаа нийтэлсэн байхыг хараад их баярласан. Залуу хүмүүстэй яг ижилхэн хийж бүтээх зүйлсийн жагсаалтаар дүүрэн, сэтгэл тэнүүн амьдарч буй тэр л япон өвөө эмээ нар шиг утга учиртай, зорилго мөрөөдөлтэй хөгшрөх юм шүү гэсэн далдхан хүслийг тэрхүү богинохон аяллаас би тээж хоцорсон юм.

 

Бидний зарим нь “энэ хорвоод хийх ёстой зүйлээ гүйцээчихээд хурдхан шиг нүд анисан нь дээр” гэсэн тэрслүү бодолтой байдаг ч дийлэнх хэсэг маань үр хүүхэд, ач гучаа тойруулан, чадах чинээгээрээ амьдралын сайхныг амтлах хүсэлтэй байдаг нь туйлын үнэн. Үргэлж аз жаргалаар бялхаж байдаг амьдрал гэж хаа ч байхгүй ч аз жаргалтай хором мөчүүдийг бид бүтээж чадна. Түүний тулд эрүүл саруул, урт удаан наслах нь юу юунаас илүү чухал гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ.

 

Өдөр бүрийн нарыг талархалтайгаар угтахыг хүсдэг хэн бүхэнд Гоолингоо нь энэ удаа “ямагт завгүй байхын жаргал” хэмээн ерөнхий утгаараа орчуулагдах “Икигай” буюу япончуудын урт удаан жаргалтай амьдралын нууц хэмээх номоос өөрийн болгож авсан 5 сургамжаа хуваалцаж байна.

 

 

1. Өөрийн доторх Икигай-г хайж ол

 

Ямар ч сэтгэлийн зовнил, гуниг гутралыг мартаад тэгж ихээр таашааж хийдэг зүйл чинь юу вэ? Ямар үед чи сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг вэ? Яг одоо чи энэ хоёр асуултад олон зүйлийг бодолгүйгээр шуудхан хариулахыг хичээгээрэй. Энэ хоёр асуултын хариу бол чиний “икигай” юм. 
Бид үнэхээр дурласан зүйлээ хийх үедээ цаг хугацааны мэдрэмжээ алдчихдаг шүү дээ. Хоол хийх авьяастай бол дөнгөж хоол хийгээд удаагүй байтал хэдэн цаг өнгөрчих нь бий, аль эсвэл номын хорхойтнууд үдийн алдад нэг ном барьж суугаад нэг мэдэхэд нар жаргаж байхыг сая нэг анзаарч хардаг. Яг л дээрх жишээнүүдтэй ижил чамайг цаг хугацааны мэдрэмжээс халин гаргаж, амьдралын жинхэнэ таашаалыг чамд мэдрүүлдэг зүйлийг Япончууд икигай хэмээн нэрлэдэг ажээ. Япончууд хүн бүхний дотор өөрийн гэсэн икигай байдаг гэдэгт итгэдэг. Япон хүмүүс тэтгэвэртээ гарч чөлөөнд суусан хойноо ч идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөсөөр байдаг бөгөөд эрүүл мэндээ доройтох хүртэл хэзээ ч хөдөлмөрлөхөө зогсоодоггүй нь тэдний икигайтай салшгүй холбоотой юм.

 

Хэрвээ чи одоог хүртэл өөрийнхөө юунд дуртай, юуг чаддагаа олж мэдээгүй яваа бол сэтгэлээр унах хэрэггүй. Чамтай адил зөндөө их хүн бий. Зүгээр л яг одооноос эхлээд өөрийн икигай- г хайж олоход, түүндээ өдөр бүхэн шимтэн дурлахдаа цаг гаргахыг хичээ. Чиний икигай заавал бусадтай ижил мундаг том, агуу зүйл байх шаардлагагүй, хамгийн гол нь чамайг аз жаргалаар дүүргэж чаддаг зүйл байхад л хангалттай юм. Хэрвээ икигайгаа олчих л юм бол чиний амьдралаас тэтгэвэрт гарах, хий дэмий цаг үрэх гэсэн ойлголтууд замхран алга болж, чи хэдий хүнд бэрх ажил хийж байлаа ч тухайн ажлаасаа таашаал авж чаддаг нэгэн болох юм шүү.

 

2. Стресс: Урт наслалтын дайсан

 

Өөрийн икигай-аа л олчихвол ямар ч стресс, ямар ч бартаа саад байхгүйгээр жаргалтай амьдарч болох юм байна гэж зарим нэг маань бодож сууж магадгүй юм. Хэрвээ чи яг одоо ингэж бодож байгаа бол бодлоо өөрчилсөн нь дээр шүү. Учир нь гэвэл хүний тархи тайван амгалан санаа зовох зүйлгүй байх үедээ унтаа, идэвхгүй байдалд шилждэг бөгөөд энэ байдлаараа удаан явбал тархи биднийг 20-иод настай байх үеэс эхлээд л хөгширч эхэлдэг гэнэ. Харин эсрэгээрээ өдөр бүр бага зэргийн стресстэж, өөрийн хүч чадлаас үл ялиг давсан бартаа саадыг даван гарч шинийг эрэлхийлсэн сониуч, аливааг сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байвал бидний бие махбодид кортизол болон адреналин хэмээх даавар өндөр хэмжээгээр ялгаран, наснаасаа эрт хөгшрөхгүй байхад маань эерэг нөлөөг үзүүлдэг ажээ.

 

Тийм ч учраас Япон хөгшин хүмүүс тархиныхаа эсийг үхүүлэхгүйн тулд шинэ хэл сурж, тоглоом тоглон чадах чинээгээр тархиа идэвхтэй байлгадаг байх нь. Харин урт удаан хугацаагаар үргэлжилсэн хүнд төрлийн стресс нь тархины санах ойн эд эсэд муугаар нөлөөлөхөөс гадна, зарим нэг гормоны ялгаралтад хориг үүсгэснээр сэтгэл гутралын үндсэн шалтгаан болдог. Өвчтэй хүүхэддээ санаа зовж маш их бухимдсан гучин есөн ээжийн цусны дээж, дата мэдээлллийг хүүхэд нь эрүүл, стрессийн түвшин багатай ээжүүдтэй харьцуулахад эд эсийн бүтцийг доройтуулдаг телемор хэмээх бодис өвчтэй хүүхэдтэй ээжүүдийн цуснаас хамаагүй их хэмжээтэй илрэн гарсан судалгаа хүртэл байдаг. Хүний бие махбодь хямралд орох үедээ хамгийн ихээр туйлдан доройтдог учраас урт наслахыг хүсэж байгаа хүн бүхэн удаан хугацааны стрессийг аль болох сэтгэлдээ тээж явахгүйг хичээн, сэтгэлээ амар амгалан байлгахад анхаарах нь тун чухал юм шүү.

 

 

3. Энгийн зүйлсээс ч таашаал хүртэж сур

 

Ямар ч ажил эрхэлдэг байсан хамаагүй бидний амьдралд гэрээ цэвэрлэх, угаалга хийх, зүлгээ тэгшлэх гээд жижиг сажиг ажлууд мундахгүй их гарч ирдэг. Ялангуяа гэрийн эзэгтэй, ээжүүдийн хувьд иймэрхүү ажлуудыг хийхэд өдрийнх нь нэлээдгүй хэсэг зарцуулагддаг шүү дээ. Нэгэнт л бид өдөр бүхэн хийх учиртай тэдгээр жижигхэн ажлуудыг заавал хийж байх ёстой учраас тэднийг яршиг төвөгтэй хэцүү ажлууд хэмээн бодохоо больж харин зугаатай, сонирхолтой ажил болгон хувиргаж болно шүү дээ.

 

Билл Гейтс өөрийнхөө ажлын стрессийг тайлахын тулд орой бүр аяга тавгаа угаадаг гэдгийг чи мэдэх үү? Учир нь гэвэл иймэрхүү ажил хийх үед өндөр ачаалалтай өдөржингөө ажилласан хүний тархи тайвширч, ухаан санаа саруул болдог. Франц гэрийн эзэгтэй нар хүртэл орой бүр торгомсог хормогч зүүн, дуртай дуугаа сонсонгоо шалаа шүүрддэг зуршилтай бөгөөд элдэв фитнесс төвд явахынхаа оронд чин сэтгэлээсээ гэрийн ажлаа хийгээд л жингээ барьж чаддаг гэсэн шүү. Тийм ч учраас чи минь урт удаан насалмаар байгаа бол амьдралд зайлшгүй тохиодог, заавал хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг хойш тавин, ялархаж хийлгүйгээр харин ч өөрийнхөө ядаргааг тайлж байна хэмээн бодож, чин сэтгэлээсээ гүйцэтгэж байхыг хичээгээрэй. Хэний ч тоохооргүй жижигхэн ажлыг хийхэд ч өөрийнхөө хүч чадлыг дайчилж чаддаг хүн өмнөө ямар ч том зорилго, мөрөөдөл тавьсан түүндээ заавал хүрч чаддаг хэмээн Япончууд үздэг гэсэн шүү.

 

4. Бүү санаа зов

 

Өдөр тутмын завгүй амьдралын хэв маяг маань нэг л мэдэхэд биднийг бүх л зүйлд яарч адгасан, өөрийнхөө чадлаас хэтэрсэн хэтэрхий олон зүйлсэд санаа зовсон нэгэн болгоод хувиргачихсан байдаг. Утсаар ярингаа өдрийн хоолоо идэх, подкаст сонсонгоо и-мейл бичих, хүүхэдтэйгээ тоглонгоо сошиал хаягаа шалгах гээд бид үргэлж л хэзээ мөдгүй амьдралаа дуусгах гэж байгаа аятай бүх зүйлийг нэг дор амжуулах гэж хичээдэг шүү дээ. Гэхдээ чи телевизээр сагсан бөмбөг үзэнгээ оройн хоолоо идэж суугаа найзаасаа хоолонд нь сонгино орсон эсэхийг асуухад тэр хариулж чадахгүй гэдэгт ч мөрийцсөн ч алзахгүй. Яагаад гэвэл бид хэтэрхий олон юманд санаа зовсоор нэг ч зүйлд бүрэн анхаарал хандуулж чадахаа больсон юм. Бидний ихэнхийн маань туулах зам бодож байгаагаас маань ч дэндүү урт. Урдаа байгаа уртаа гэгчийн замыг аз жаргалтайгаар, эрүүл саруул туулах л бидний гол зорилго шүү дээ. Тийм ч учраас бид хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч, оюун санаагаа эмх цэгцтэй тайван байлгаж сурах нь олон ажлыг нэг дор амжуулахаас хамаагүй чухал юм. Яарч адгах нь амьдралын чанарт урвуу хамааралтай. “Удаан алах тэгвэл илүү хол хүрнэ” гэх мэргэн үг хүртэл байдаг шүү дээ. Хийж буй ганцхан ажилдаа бүрэн төвлөрч чаддаг болчихвол бид ухаан санаагаа саруул байлгаж, хэрэггүй олон бодлын урсгалаа зогсоож чадах юм шүү. Мөн өөрийнхөө хэр чадлаас давсан зүйлсэд санаа зовохоо болих хэрэгтэй. Зүрх сэтгэлээ халуун дулаан байлгахыг хүсэж байвал түүнийг бүү хөгшрүүл. Чамайг чин сэтгэлээс чинь инээмсэглүүлж чаддаг хүмүүст сэтгэл зүрхээ нээж, тэдний сэтгэлийг ч мөн адил хайраар дүүргэ.

 

 

5. 80 хувийн зарчим буюу зохистой хооллолт

 

Япон даяар урт наслалтын тосгон гэдгээрээ алдартай Окинава арлын хойд хэсэгт байрлалтай гурван мянган хүн амтай Огими тосгон бол дэлхийн хамгийн өндөр наслалттай бүс нутаг юм. Энэ бүс нутагт амьдардаг 80 хол давсан хөгшин хүмүүс жирийн иргэдтэй ижилхэн ногооны талбайдаа ажиллан, машин барьж, найз нөхдийнхөөрөө орж гаран, нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг гэдгээрээ тун онцлогтой.

 

Өөрсдийн хоол хүнсний ихэнх орцоо өөрсдөө тариалдаг бөгөөд айл бүхэн өөрсдийн хашаандаа жижигхэн ногооны хашаатай. Нутгийн иргэд халуун ногоо, хоол амтлагчийг оролцуулаад өдөр тутамдаа нийт 206 төрлийн зүйлсийг тогтмол иддэг хэдий ч “хара хачи бу” буюу 80 хувийн зарчмыг үргэлж баримталдаг. “Хара хачи бу”- г хийх нь маш энгийн. Цадаж байгаагаа мэдсэн ч дахиад бага зэрэг нэмээд идмээр санагдах үедээ зүгээр л больчих. Хоолны дараах амттанаа өдрийн хоолны цэснээсээ хасчих, хэтэрхий их илчлэгийг өдөр тутамдаа хэрэглээд байвал бид удаан хойрго болж, их хэмжээний эрч хүчийг зөвхөн идсэн хоолоо боловсруулахдаа л зарцуулсаар эцэст нь бие махбодь доройтож эхэлдэг. Долоо хоногтоо 1 юмуу 2 удаа мацаг барьвал хоол боловсруулах систем маань цэвэрлэгдэж, амсхийх боломжтой болдог. Эрүүл энх, урт удаан амьдрахыг хүсвэл гэдсээ элдэв хоолоор чихэхийн оронд, бүрэн цадалгүй 80 хувийн дүрмээр хооллоход л хангалттай.

 

via GIPHY

Эцэст нь номонд дурдагдсан дэлхий дээр хамгийн урт насалсан хүмүүсийн ухаант үгсээс та нартаа хүргэе.

 

-”Ид бас унт, тэгвэл урт насална. Чи амарч сурах ёстой.” Мисау Окава ( 117настай)
-”Урт наслалтын нууцыг би мэдэхгүй. Миний хийдэг ганц зүйл бол би амьдралдаа ганц ч удаа мах идэж үзээгүй. Үүнтэй л холбож боддог доо.” Мариа Каповилла ( 116 настай)
-”Оюун ухаан, бие махбодио аль алиныг нь завгүй байлгаж чадвал удаан амьдарна.” Валтер Брьюнин ( 114 настай)
-”Өтлөх тусмаа хүн чадвараа алддаг гэсэн яриа бол зүгээр л үлгэр, учир нь харин ч аливааг дэс дараалалтай ойлгох, мөн ажиглах чадвар өтөл насанд л хүнд суудаг. “ Эллсворт Кэлли (82 настай)
-”Одоо байгаа цагтаа л амьдар. Угаасаа ухарч чадахгүй шүү дээ. Одоо байгаа цаг хугацаатай нэгэн хэмнэлд амьдрахыг хүсвэл нүд чихээ нээгээд ном сонин унш, юу болж байгааг мэд сур, бүх зүйлийг сонирх, тэгвэл хар аяндаа л одоо байгаа цагаараа амьдраад эхэлнэ гэж би боддог.” Френк Гери ( 86 настай)

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 12/

    "Икигаэ" гэсэн номныхоо нэрийг зөв орчуулаагүй хүн ямар л олигтой юм хийгээ аж дээ, хөөрхий минь.

    Хариулах
  • Зочин / 2019 05 сар 12/

    "Икигаэ" гэсэн номныхоо нэрийг зөв орчуулаагүй хүн ямар л олигтой юм хийгээ аж дээ, хөөрхий минь.

    Хариулах