Шүлэг дотор "шавьж мурилзсан" нь

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 10
Чингисийн одонт Мэнд-Ооёо найрагчийн “Чулууны аялгуу” хэмээх уянгын шүлгийн англи орчуулгыг санаандгүй олж үзлээ. Манай социализмын үед гүн ухааны санаандгүй, санамсаргүйн категорийг базаалтай тоож өгдөггүй байв даа. Гэвч “санамсаргүй” гэдэг заавал нэг юм руу хөтлөөд байх шиг молхи надад санагддаг бөлгөө. Энэ удаа ч намайг энэ бяцхан шүүмжийг бичихэд хөтөллөө шүү. Уг шүлгийг Simon Wickham-Smith гэж хүн орчуулжээ. Манай зарим яруу найрагч түүнд хөл алдаж, Монголын яруу найргийг Америк, Англид таниулж байгаа цорын ганц хүн хэмээн шагшдаг л даа. Манайхан түүнийг зүгээр л Саймон гэж дууддаг учир би түүгээр нь дуудсу. Тэр хүний хэд хэдэн орчуулгын тухай гарсан шүүмжийг (Дэлгэрмаа, Оюуны-Ундраа) уншиж байсан тул түүнд баахан итгэл алдарсан байсан л даа. Энэ удаа ч уг орчуулгыг үзэхдээ Мэнд-Ооёо маань ингэж бичлээ гэж үү хэмээн гайхах, эргэлзэх хоёр хослов. Эхтэй нь тулгаагүй байж хүнийг сүнсгүй хэлж бас яахин болох! Чингээд юу ч гэсэн монгол эхийг олж, түүнтэй нь тулган үзэхээр сэтгэл шулуудав. Тулгаж үзээд мэл гайхаж, цэл хөхрөв. Шүлэг дотор шавьж мурилзуулж болдгийг үзээд хөх инээд хүрэв. Гэхдээ эхлээд хэдэн өгүүлбэрийн хөрвүүлгийг харьцуулъя л даа. Үүнд: "Бумбан бор манхан наранд шарагдан намайж" гэж шүлэг маань эхэлж байна. Үүнийг Саймоны орчуулсан нь “Gilded by the hazy sun which fills the ritual urn” гэжээ. Үүнийг монголоор эргүүлэн буулгавал “тахилын бумбыг дүүргэсэн бүүдгэр наранд алтдуулсан” гэсэн өгүүлбэр болно. Энд “манхан” нь суга үсрээд алга болчихсоныг ч яая гэх вэ. Орчуулагч бодвол энэ хэрэггүй үг байна гэж бодсон юм болов уу даа.
Бас “бумбан” гэдэг зүйрлэл нь “тахилын бумба” болоод хувирчихаж. Уг нь орчуулгын онолд “хувиргал” [transformation] гэж зарчим бий л дээ. Түүгээр хувиргасан гэхэд... Тэгтэл “бүүдгэр наранд алтдуулсан” гэснийг нь уншихдаа “Бүүдгэр нар бас юмыг алтдаж” чаддаг байх нь гэж хачирхаад, алтдуулдаг нь юу юм бол оо гэж цааш уншвал “The waters of good fortune shower into air" гэнэ ээ. Энэ нь монголоор юу гэсэн өгүүлбэр вэ гэвэл “Агаарыг шүршдэг сайн хувьт ус” юм байна. 
 
Мэнд-Ооёо юу гэж шүлэглэсэн бэ гэвэл “Бургих булгийн ус өлмий юугий нь сүрчин сэрүүцүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл булгийн ус манханы өлмийг сэрүүцүүлнэ” гэсэн утга байна даа. Гэтэл нөгөөх нь агаар руу шүршдэг ус болчихож.
 
Даанч тэн бангүй байна аа даа. Цаашилбал,
"Ерөөлөөр учирсан биз ээ, үйрмэг зөөлөн элсэн дунд 
Ембүү хэдэн чулуу усны бараадна" гэснийг 
Саймон абугай буулгахдаа:
“Amid tears and suffering, this is a benediction.
And how many silver pieces are there in those living waters” гэх буюу “Нулимс, зовлонгийн хооронд адис өгч, амьд усан дотор ямар олон мөнгөний хэлтэрхийнүүд байна вэ” хэмээн гайхсан байх юм. Үгүй нээрээ, орчуулагч маань тэр мөнгөний олон хэлтэрхийнүүдийг түүж баяжих ч юм билүү, хэн мэдлээ!
"Эрх цовоо булгийн урсгал сатааран намхраад
Эл хулийн дунд дуугаа хулжаасан байж билээ"
“The flow of bright fortitude fades away,
The voices frightened off from these fawn-colored horses”
“Эл хулийн дунд дуугаа хулжаасан” гэсэн уран мөрийг “дуу нь хул зүсмийн морьдоос үргэсэн” ухааны юм буулгасан байна даа. Орчуулаачин маань “усны шүршдэг агаараас л морьд” буулгаж ирээд, шүлэгт шигтгэж” орхисон байх юм. Үгүй мөн мундаг аа!
“Оргилох булгийн хэдэн  чулуугаар тоглохын хорхой хөдлөөд” гэсэн хөдөөний монгол хүүхдийн заншлыг  харуулсан хөөрхөн өгүүлбэрийг “There are insects squirming among these lucky stones” гэж буюу “Азтай чулуунуудын завсраар шавьж мурилзан явна” гэж буудсаныг уншаад, энэ орчуулаачийн бас шүлгэн дотор “шавьж мурилзуулж” чадсаныг үзэхдээ Ц.Хасбаатар багштан манай нэгэн орчуулагчийн “номон дотроос гахай гаргасан”-ыг шоглож “Гахай номон дотроос” гэсэн хошин шүүмж бичсэн нь сэтгэлд ургав шүү. Тийм ээ, энэ орчуулаачин бас хошин хүн байна шүү. Шүлэгт байхгүй шавьж, морь зэрэг баатруудыг “усны шүршсэн агаар”-аас ийн бий болгоод л... Чингисийн одонт Мэнд-Ооёо маань чамгүй сайн найрагч юмсан. Одон аваагүй байхад нь үүнийг орчуулсан байх л даа, Саймон! Би энэ өгүүллийн эхэнд “баахан итгэл алдарсан” гэж бичсэн, тэгвэл одоо итгэл бүр алдрав шүү, энэ орчуулагчид!
 
Уг нь монгол хүүхэд чулуугаар тоглодог заншилтай, чингэж чулуугаар тоглох гээд булгийн хэдэн чулууг авснаар булгийн ус татарч, аавдаа уурганы хуйваар хэд ороолгуулж, чулууг буцааж тавьснаар булаг дахин ундарч байгаа тухай л шүлэг байна л даа. Байгаль хамгаалах санааг хүүхдийн ухаарлаар харуулсан энэ шүлгийн утга англиар бууж, англи хэлт уншигчийн ой тойнд хүрсэн болов уу. Ээ дээ юу л бол! Харин энэ монголчууд чинь утгагүй балай юм бичдэг юм байна гэж л бодсон доо гэхээс яс минь хавтайнам! Намайг хүн тас гүжирдэж байна гэж бас шүүмжлэх хүн гарч юуны магад. Тэгвэл харгуулаад үзэгтүн! Миний энд өгүүлснээс өөр гажгийг ч та олж үзэх болмуй заа.
 
 
Чулууны аялгуу 
(ууган аялгуу)
 
Бумбан бор манхан наранд шарагдан намайж
Бургих булгийн ус өлмий юугий нь сүрчин сэрүүцүүлнэ.
Ерөөлөөр учирсан биз ээ, үйрмэг зөөлөн элсэн дунд 
Ембүү хэдэн чулуу усны амь бараадна.
Онгон их элсэнд чулуу ховортойнх ч юм уу даа 
Оргилох булгийн хэдэн чулуугаар тоглохын хорхой хөдлөөд
Аваачиж, адуу мал болгон наадсан өдөр
Аавын щилбүүрийн хуйв аянга цахилгаан шиг тачигнаж билээ.
“Булгийн хэдэн чулууг булааж авсан уу, та нар!
Бурхны нэрийг дуудаж буруугаа хүлээж гуй!
Чихээ дэвсэж байгаад урсгал чагна, та нар!
Чимээ аялгууг нь аргидан дуудаж авчир!"
Эрх цовоо булгийн урсгал сатааран намхраад
Эл хулийн дунд дуугаа хулжаасан байж билээ.
Хоёр өвдөнд хоорондоо толгойгоо хавчуулаад 
Хорвоон учрыг  сүүмэн ухаарч гэмшиж билээ.
Цоносон халуун тэр өдөр тоглоомон гэрээ нүүлгэж 
Цолхийтэл булгийн уснаа буцаан тавьж билээ.
Булт чулууг зөөн зөөсөөр буруугаа засахад минь
Булгийн аялгуу нь ирээд ход ход хоржигнож билээ.
 
The Melody of Stones
(the original melody)
 
Gilded by the hazy sun wich fills the ritual urn,
The waters of good fortune shower into air.
Amid tears and suffering this is a benediction
And how many silver pieces are there in those living waters?
And are stones rare on the vast sands of Ongon?
There are insects squirming among these luchle stones.
They take the stones away, excite the horses,
And father`s whip crashes like lightning and thunder.
“Have you stolen our lucky stones?
Call upon the Buddha and request forgiveness!
Keep you ears open, the current is strong!
Bring on the melody, call it forth!”
The flow of bright fortitude fades away,
The voices frightened off from these fawn-colored horses.
They tuckn in their heads where the two old people are,
They regret how little they understand the world.
This blazing day moving the agreement of games,
The splashing water is taken back.
Returning all the stones, I repair my mistakes
The melody of the gifts comes gurgling.
 
Хатагин Го.Аким

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх