Аз жаргал бол ном унших: Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 10

Тэмдэглэл бичих нь үр дүнтэй уншлага хийх, сэтгэгдэл санаа бодлоо эмх цэгцтэй илэрхийлэх, өөрийн “бүтээл”-ийг туурвих нэгэн арга юм. Харин яаж вэ? гэдэг нь л сонирхолтой. Гоолингоо энэ удаагийн нийтлэлээр өөртөө хамгийн үр дүнтэй байдаг тэмдэглэл бичих аргыг хуваалцаж байна.

Аз жаргал бол ном унших: Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ?

 

Номоо битгий хайрла буюу хүссэнээрээ ашигла
Унших явцад таалагдсан эшлэл, санаа зэргийг номон дээрээ тэмдэглэж байх. Тодруулагч, харандаа, өнгийн үзэг ашиглан таалагдсан, чухал хэсгийн доогуур тэмдэглэл хийгээрэй. Номоо эргэн сөхөхөд шууд л хамгийн таалагдсан бөгөөд чухал санаа өгөх үг өгүүлбэр нүдэнд тусдаг байвал номоос авах ёстой зүйлээ дэгээдэж буйтай адил. Нэг танил маань номын бүлэг бүрээс төрсөн санаагаа наадаг цаасан дээр тэмдэглэж дунд нь хавчуулдаг. Хэрэв номоо алаг эрээн болгохыг хүсдэггүй бол энэ арга тустай. Аль нь байлаа ч дараа нь тэмдэглэл хөтлөх, нийтлэл бичвэр бичих, номын гол санаагаа тодорхойлоход тусалдаг юм шүү.

 

Эшлэл, ухаарал, шинэ санаа өгөх үг, өгүүлбэрийг тэмдэглэдэг тусгай дэвтэртэй болох
Онцгой хэсгүүдийг бичдэг зориулалтын дэвтэртэй болохыг эрмэлзээрэй. Уйдсан үедээ, шинэ санаа хайсан үедээ, ганцаардсан үедээ тэмдэглэснээ эргээд унших нь үр дүнтэй аргуудын нэг болдог. Нөгөө талаасаа дэвтэрт бичсэн зүйлс чиний дотоод ертөнцийг, номын үнэ цэнийг илтгэхүйц үнэт цаас болно оо гэсэн үг.

 

 

Номоо уншиж дуусангуутаа тэмдэглэл хөтлөхийг эрмэлзэх
“Ямааны мах халуун дээрээ” гэдэг дээ? Энэ арга нь номоос төрсөн “халуухан” мэдрэмжээ буулгаж, төрсөн санаагаа шинэ дээр нь тэмдэглэхэд тус болдог. Бичиг үсэг, утга найруулгын алдааг дараа нь засчхаж болох учир эхлээд орж ирсэн үг бүрийг л буулгахыг хичээгээрэй. “Бичиж тэмдэглэх гэсээр байгаад санаа маань бараг л хуучирчихлаа дөө” гээд тэмдэглэл бичихээ хойшлуулсаар байдаг тохиолдол олон бий. Хэрэв чи номын тэмдэглэл бичихийг хүсэж байгаа л бол дотор чинь нисэж байгаа мэдрэмж, үг хоёрыг шинэ дээр нь бариад аваад дэвтэртээ буулгаарай.

 

Жишээ, баримт тэмдэглэлдээ оруулах 
Өөрт тохиосон бодит жишээг тэмдэглэлдээ татан оролцуулах нь тэмдэглэлийг сонирхолтой бөгөөд уншихад хялбар болгодог. Мөн тодорхой үйл явдал, бодит жишээгээр баяжуулах нь номын санаа ой тойнд буухад илүү амархан байдаг.

 

 

Бусдад биш өөртөө зориулж бичих
“Хүмүүст зориулж бичиж байна” гээд бодчихоор “бусад хүмүүс юу гэх бол” гэсэн бодолд ороогдож сүүлдээ үг ч гарахаа больчихдог тал бий. Тиймээс чи өөрөө ямар санааг тэмдэглэлээрээ илэрхийлэхийг хүсэж байна, ямар санааг буулгамаар байна, яг юуг холбож бичмээр байна зэрэг асуултад хариу өгөх байдлаар санаагаа буулгахыг эрмэлзээрэй. Чиний бичвэр чамд л хамгийн түрүүнд таалагддаг байх хэрэгтэй.

 

Блог эсвэл пейж хөтлөөд үз
Мэдээж заавал хийх зүйл биш л дээ. Гэхдээ ингэснээр санаа бодлоо цэгцтэй илэрхийлж, бичгийн найруулга сайжрахын сацуу хамгийн гол нь дурлаж хийдэг зүйлтэй болж номоор дамжуулан өөрийн ертөнцийг бүтээх юм. Хийсэн, бүтээснээ бусадтай хуваалцана. Магтаал бас шүүмж сонсож, тэр хэрээр бичих чадвар улам сайжирна. Тиймээс хүсвэл энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

 

 

Бичих хүслээр дүүрэн байх 
“Бичмээр, бичээд л баймаар” тэр мэдрэмж дотор чинь асаж л байгаа бол өөрийгөө гололгүй бичээд л байгаарай. Чадвар гэдэг давтамжийн тоогоор өсөж, сайжирдаг зүйл. Тиймээс өөрийгөө бүү гол, бусадтай битгий харьцуул.

 

Бич бич бас дахин бич
Дээр хэлсэндээ олон давтах тусмаа л илүү сайжирна. Уншсан нэгэнд таалагдахгүй байхвий, уйтгартай эсвэл замбараагүй ойлгомжгүй биччихвий зэргээр бидэнд бичихээс “зугтаах” тохиолдол олон. Тэр бодлыг л үл ажраад, тогтмол бичихийг эрмэлзээд сурчихвал жигдрэх юмандаа орно шүү дээ. Алдаж, онож байж сонирхолтой өнцгөөс сонирхолтой бичиж сурна. Тийм болохоор “бүтэхгүйдээ” гэдэг бодлоо хаяад тасралтгүй бичээд л байгаарай. Нэг л мэдэхэд сайжирна гэдгийг баттай хэлье.

 

 

Номын тэмдэглэл, бичвэрүүд бол чиний өмч 
Хэдий их бичнэ чамд харьяалагдах үнэ цэнтэй өмчийн тоо нэмэгдсээр л байх болно. "Би бүтээл туурвиж байна" гэж бодон чин сэтгэлээсээ хийгээрэй. Тэгэж чадвал цаг заваа зориулж бичсэн тэмдэглэлүүд чинь зүгээр л нэг бичвэр болон үлдэхгүй юм шүү.

 

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх