"Сүүдэр цармын цэцэг" хагдрахгүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 16 ・ 1

Зураг дээр: Баруун гараас О.Дашбалбар, Ц.Хулан, Д.Банзрагч, Ш.Дулмаа, Н.Нагаанбуу

"Сүүдэр цармын цэцэг", "Хөвсгөл далай" тэргүүт шилдэг дуунууд, "Чингис хааны гал булаг", "Чингис хааны хонины морь" зэрэг шилдэг зохиолуудын эзэн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагчийн тухай МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Цэрэннадмидын бичсэн хөрөг нийтлэлийг хүргэж байна.


...Тэр дүн өвлийн цасан бударсан үдшээр, бүр шинэ жилийн сүлд модны баярт маань гэнэт л өвлийн өвгөн шиг хүрээд ирсэн. Гэнэт л онгог буурал үсээ зүүн гараараа ойр ойрхон даялан илбээд, саарал каракуль малгайгаа нөгөө гартаа базаж бариад жаахан санаа зовсон маягтай үүдэнд зогсож байсан сан. Манай дэлгүүрийн хүүхнүүд ч дуу дуугаа авалцан тэднийг урин хоймороо залж:

-Өө. Ямар сайхан учрал вэ.Ийм мундаг яруу найрагч нар вэ гэлцэн Пунцагийн Бадарч гуай тэр хоёрыг тойрон эргэлдэж хөхин баясч байж билээ. Хуучин пионерын ордны баганат танхим дүүрэн эгшиглэх шинэ жилийн аялгуунд хамтдаа бүжиглэж, хамт олонд минь хэд хэдэн шүлгээ уншиж, манай хүүхнүүдийг нэгмөсөн нурааж уярааж өгөөд, арын өрөөнөө тусгайлан зассан эрхлэгч дарга нарын бяцхан найранд тэр хоёр дуртайяа оролцсон юм . Бадарч найрагч чухам дуулж шүлэглэж олон бүсгүйчүүд тойруулан онгод нь орж арай л уйлж үзүүлээгүй их ч хөгжилтэй сайхан байлаа.

Одоогийн Ардын уран зохиолч П.Бадарчтай манай шинэ жилийн баярт ирсэн тэр хүн бол Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул Дашзэвгийн Банзрагч хэмээх нэрт яруу найрагч байсан юм.

Тэр 1988 оны өвөл найрагч дөнгөж 40 насны босгон дээр зогсож байж залуухан,,цэвэрхэн, дэгжин хувцасласан дөлгөөн сайхан эр байлаа. Бадарч найрагч ч бадарч явалгүй яах вэ, 50 нас ч хүрээгүй гялалзаж ид мандаж “Болор цом” авсан жил нь. Алдар хүндийн оргилд дэрвэх аугаа найрагчид өөрсдөө ирсэнд эхлэн бичигч над шиг амьтан баярлалгүй яах билээ..

Анхны хэдэн шүлгээ “Утга зохиол,урлаг ” сонинд дөнгөж хэвлүүлсэн миний мэт шүлэг зохиолын хорхойтон хоёр том найрагчийг орж ирсэнд машид бэлгэшээж, амтат идээ, “Арарат” морь сарлагаа хуваалцлаа. Тэр хоёрын царай улам, улам гэрэлтэж,үгийн сувдан хэлхээ тасрах мэт асгарч улам яруу уншиж, улам хөгжилтэй болж дотрын бүрзэн нь нэгмөсөн арилж байгаа бололтой.

Сүүлд би Банзрагч найрагчаас та хоёр яаж яваад тэнд орж ирсэн бэ? гэхэд:

-Бид нар тэр өдөр нэг шинэ жилд орж тэр чигтээ үргэлжлүүлээд ид сайхан байхад дарс дууссан.Хороон дээрээсээ гараад урамгүйхэн алхаж явтал хөгжим нүргэлээд хүмүүс дуулалдаад нэг их гэгээн зүгийн анир мэдрэгдээд хоёулаа орсон юм. Тэгээд л чамайг олсон доо гэж хэлдэг сэн.

Шинэ жилийн арга хэмжээ өндөрлөв. Саран мэлтэрсэн, цасан бударсан сайхан чиг үдэш байсан сан. Бид гурав хамтдаа гарлаа. Бадарч найрагч “Миний эртний танил хар Санжжав хэмээх яруу найрагчийн гэрт очсугай” гэхэд нь дөнгөж танилцсан байж огтхон ч эргэлзэлгүй мань хоёрыг дагаад л 10 дугаар хороолол руу тэр айлд очсоноо одоо гайхдаг юм. Гээд яахав сайхан яриа хөөрөө өрнүүллээ. Цай хоол ганц шил юм гээд тэр үеийн л хамгийн сайн сайхан бүгдээр дайлуулж, цайлууллаа. Алдарт дуучин Түмэндэмбэрэл гуайд зориулж “Хун” гэдэг шүлгээ бичсэн найрагч байж билээ тэр гэрийн эзэн Санжжав гуай. Домог шиг сайхан хууч яриа сонсож, бүгдээрээ хэд хэдэн шүлэг дуудлаа. Би анх удаа том найрагчдын өмнө аюумшиггүйгээр шүлэг уншиж үзэв. Тэд миний шүлгийг урам хайрлан “Хүн дуурайгаагүй өөрийнхөөрөө их зүгээр” хэмээн магтахад нь сэтгэл хөөрөн догдолж байлаа.

Санжжав гуайхаас гараад хөлсний тэргээр тэр хоёр намайг гэрийн минь үүдэнд хүргэж өгөөд буцаж билээ...

Анд найз шиг, ачит багш шиг, амраг сэтгэлтэн шиг, ахан дүүс шиг нөхөрлөх болсон түүхийн эхлэл ийм буюу....

Он жилүүдийн буурал тоосонд сэтгэлийн доторх гэгээн дурсамж хуучрахгүй. Буурал Банзайгийн алдарт, аялгуут шүлгүүд аниргүйн орчинд байраа тавьж өгөхгүй.

Банзрагч найрагчийн шүлэг аядуу намуухан атлаа, алсаас ирэх морин төвөргөөнийг чагнаархан байх болзоот бүсгүйн зүрхний айзамт цохилго мэт дуулдсаар чимээлсээр монгол түмнийхээ дунд удаан амьдарна. Түүний дуу эгшиглэсээр.. Тэр бүтээлээрээ мөнхөрчээ.

Оргилон ирээд хатан ширгэж хөрснөө шургах жаахан булаг биш он удаан жил амны ус алдахгүй хүн малыг ундаалах цэнгэг горхи мэт түүний уран бүтээл, шүлэг дуу түгэн тархсаар уянгалан дуулсаар байна даа. Түүний бүтээлүүд эрчлэн дайрах хуй салхи шиг биш, түүний зурсан зургууд догшин хэрцгий биш билээ.Алаг хорвоог аргадсан, эв найрыг тааруулах гэсэн хүнийй сэтгэлийг зөөлрүүлэх гэсэн айзам, хэмнэл төгс, бас нүд эсгэм хурц хурдангүй ч маш их эрчимлэг өөрийн өнгө аяс, хөгжимлөг хөдөлгөөнийн дотроо агуулж байдаг юм .

Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дашзэвгийн Банзрагч хэмээх том зохиолчийн уран бүтээлийг миний мэт шаврай амьтан яахин үнэлж дүгнэн судлах билээ. Санаан зоргоор өөрийн бодлоо бичиж буй нь энэ. Ингэж үзэг цаас нийлүүлэн суухын учир нь Банзрагч найрагч сэрүүн тунгалаг байсансан бол энэ жил 70 насныхаа ойг тэмдэглэж уран шүлгээ уншиж, уянгат дуугаа алдарт дуучдаар дуулуулан жаргаж наргиж суух байсан биз ээ. Түүний 70 насны ойд зориулан энэхүү дурсамжаа тэрлэлээ. Ойр дөт явж, орь залуу насны гэгээн сайхан сэтгэлээр итгэн танилцаж, уран бүтээлийн замд жолоог минь чиглүүлж өгсөн ачтанаа, эрхэм нөхрөө, нэгэн цагийн дотно хүнээ зүгээр л халуун элгэн сэтгэлээр дурсахын учир эдгээр мөрүүдийг бичиж сууна. Уран бүтээлийн багш гэж байхгүй хүн юм аа би гэдэг хүн. Залуу халуун насандаа “Таны багш хэн бэ?” гэх асуултад “ном” гэж торохгүй хариулаад би багш магшгүй өөрийнхөөрөө гэж нэг их бардам тэнэг явдаг байсан цаг бий. Одоо бодоход Банзрагч маань миний багш байжээ. Би л гаднаа хүлээн зөвшөөрөхгүй дүр эсгэхээс биш яруу найргийн ертөнцийн болоод яруу найрагчийн ёс зүйн олон үнэт зүйлсийг заан сургаж, намайг МЗЭ гэдэг их айлын өндөр босгоор хэн хүн элсдэггүй хүндтэй эрхэм цагт нь давуулж тоот гишүүний дансанд ихээ эрт бичигдсэн байх юм. Цаг төрийн ороо бусгаа эргэлтийн эхэн үед анхны номыг минь ерөөлийн сайхан үгээр мялааж, хянан тохиолдуулж Улсын хэвлэх үйлдвэрэээр хэвлүүлж өгсөн билээ. Банзрагчтай нөхөрлөж явсны ачаар ХХ зууны сор болсон олон сайхан уран бүтээлч, зохиолч, яруу найрагчидтай танилцаж, аян замын ганзага нийлж, алт мэт сургаалийг нь сонсож,хааяахан бор дарс хуваан хүртэж шидэт үгсийг амнаас нь сонсож,бишрэн хүндэлж явдаг найрагчдаа ёстой л амьдаар нь харж уулзаж ярьж хөөрч явлаа.

Тийм ээ. Банзрагч найрагч миний уран бүтээлийн багш юм. Муухан шүлэгч боловч халуун сэтгэлээр багшаа дурсан он жилүүдийн цэнхэр манант хөшгийг ярж эрхэм найрагчаа үгүйлэхүйд сэтгэлийн угт нэг их гуниг задарчих гээд байх шиг хүнд оргино. Тэр өдийд тэнхлүүхэн гялалзаж, бүтээл туурвилаа хийгээд хөдөөгийн агаар мэт тунгалагхан шүлгээ хэлхэн амьд л явах учиртай хүн юмсан даа.

Ширээтийн бор уулсын дунд төрж өссөн малчны хүү, эрүүл чийрэг биетэй, амьдралын буулганд тийм амар бөхийхгүй хал үзсэн эр хүн юмсан. Ажаа, ижий хоёр нь ная холж давж сайхан насалсан буянт буурлуудюм билээ. Гэвч тэр минь өнөөдөр алга. Эргэж төрөхгүйн орчлон руу олоон жилийн өмнө одсон доо. Бүх юм уруугаа харсан мэт түнэр хорвоод заримдаа түүнийг их л үгүйлэх юм аа. Гэхдээ надад түшигтэйсэн гэхээсээ илүү түүний ид сайхан насандаа, хийж бүтээхийн хамгийн оргил үедээ, Нацагдоржийн шагнал дөнгөж аваад удаагүй холын аянд мордсоныг бодохоор харуусалтай. Гэлээ ч ийм хорвоог яалтай билээ.

Би ижийгээ бурхан болсны дараахан адилхан хүн харахаар дагаад явчихмаар, өөрийн эрхгүй үг солимоор санагдаж, гуч гарсан бүсгүй байж бүүр сэмхээн араас нь алхаж, нулимсаа урсгаж явсан ч үе бий. Яг түүн шиг хааяахан Арлааны Эрдэнэ-Очир найрагчтай уулзахаар тэр их нийцэч зан нь, хүнийг дээр доор ялгахгүй тэгш сайхан хандлага нь, хөдөөг мэдрэх унаган байгалийн өгөгдлийг нь хараад өөрийн эрхгүй “Банзрагчтай адилхан юм даа, хэн” гэж сэтгэлдээ сэм шивнэж байдагсан. Дух, шанаа руугаа хэзээнийл сул унжиж ирэх урт үсээ сурмагхан илж арагшлуулах нь, эр хүн байж эвдрээгүй цэвэрхэн сайхан гар нь,бас цэмцгэр, цэгцтэй атлаа донж маягийг нь тааруулан хувцаслах нь гээд олон талаараа Банзайг санагдуулагсан тэр сайхан найрагч залуу дүү минь бас л хаврын шувууд ирэх цагаар зөрөөд нисээд явчихсан. Хайртай олон хүмүүсээ ирээдүйд өөрөө очих, үл мэдэхийн хязгаар руу нулимстай үдэж байна даа хөөрхий хорвоо...

Миний шүлгээр бүтсэн анхны дуу 90-ээд оны дундуур олноо түгж, тухайн цаг үедээ л нийтийн дууны хит парад гэгчийн тэргүүн эгнээнд нэрлэгдэж эхэлж байхад Банзрагч маань ганц сонсоод л “За энэ дуу жигүүрээ дэлгэнхэн дэвжээ. Чи энэ дуугаараа л олонд танигдана. Уран бүтээлийн жам гэдэг ийм” гэж хэлээд талархан хундага өргөж билээ. Тэр үнэн байсаан. Банзрагч найрагч Ч. Сангидорж хэмээх авъяас, ааш хоёр нь хэтийдсэн Хонгор нутгийн хөгжмийн зохиолчтой андтайгаа хамтран “Монгол далай” гэдэг алдарт дуугаа зохиож анхны“Морин хуур” наадмын тэргүүн шагналын 1990 онд авч гал улаан сарнай цэцгийн баглаа тэврэн баяр хөөр дүүрэн ирээд надад цэцгээ бэлэглэж, манай ажил дээр бид тэр баярыг нилээн сүртэй тэмдэглэж билээ.

Ер нь Банзрагч тэр үеэс л бүх цаг үеийн хит болсон гайхамшигт дуунуудаа зохиож, дууны яруу найрагт шимтэн орсон санагдана. “Монгол далай”, “Шүүдэр царамын цэцэг”, “ Жирмийн цагаан нуур”дууны шүлгээ зохиоход нь миний бага залуугийн анд, нэрт яруу найрагчийн охин болон одоогийн төрийн соёрхолт нэгэн эрхэм хүн бид хамт анхны сонсогч нь болж байсан түүхэн үнэн бий.

1988- 1994 оны хооронд тэрээр “Галтай чулуу”, “Бодь модны навч”, “ Хул азаргатай адуу”хэмээх шүлгийн гурван номоо, “Гал булаг” шүлэглэсэн романаа хэвлүүлж, “Хүннү” хэмээх теле дууриа алдарт “Цэнхэр залаа”гийн Баатарсүхтэй хамтран бүтээсэн гээд уран бүтээлийн цалгисан онгодтой жилүүд нь байсан юм. Миний хувьд Банзрагчид хийсэн ганцхан тус нь “Хул азаргатай адуу” нэртэй шаргалхан хавтастай номыг нь хэвлэх зардлыг дааж,тэр үедээ л тийм ч бага биш мөнгө 40 000 төгрөгөөр хэвлүүлж өгч байсан минь юм байна. Сонингийн цаас ч олдохгүй ховор хэцүү байсан шилжилтийн үед Цэргийн хэвлэхийн дарга Бадамсэдтэй хамтдаа бид гурав сууж байгаад адууны сэдэвт шүлгээрээ дагнасан ном хийх санаа ярилцаж байгаад даруй хэвлэхээр дайчин төлөвлөгөө гаргав аа. Цаас бэлэн Бадамсэд аргална. Шүлэг бэлэн цээжээр ч уншина гэнэ найрагч маань. Өмнөх үгийг төрийн соёрхол аваад удаагүй нэг нутгийн анд их найрагч Бавуугийн Лхагвасүрэн нь бичих гэнэ. Харин зардал л яах ийх дээрээ туллаа. “Би дааяа” гэж би дуугарсан тэгээд даасан.Тэр нимгэхэн ном яг одоо ч ширээн дээр минь сонингийн бор цаасан дотроос сүрэг адуу янцгаах мэт хөг айзамт шүлгээ бүртийлгэн байж л байна.

Банзрагч найрагч ганцаараа явахгүй ээ.Сүрэг адууны манлай аятай сэрүүн салхинд сэвлэг үсээ хийсгэн хэсэг уран бүтээлч нөхөдтэйгөө ирнэ.Тэдний дунд яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч, төрийн сайд, хөдөөх эр, дуучин, овоо зэгсэн архичин ч байдаг л байсан. Ганцхан тэд бүгд уран зохиолд хайртай дуртай, түүнгүйгээр амьдрах утгагүй гэдэгт санал нэгтэй хүмүүс байсан юм. Гэрэлт хүмүүс. Хүний сэтгэлээс туяарах гэгээн гэрлийг би тэр л сайхан хүмүүсээс харж ойлгож, сурч авсан юм. Түүний төлөө би Банзрагч найрагчийн гэгээн дурсгалд мэхийнэм.

Залуу халуун насандаа бадаг шүлгээ зориулж хэн хэндээ уншиж, дурсгаж л явлаа.Шүлэг болон номын хуудсанд дурайх ч бий. Дуу болон эгшиглэсэн ч бий. Өнөөдөр энэ надад зориулсан би түүнд зориулсан гэж дэлгэх нь зөв бурууг мэдэхгүй юм. Нэгэнт л найрагчийн тухай дурсамж юм чинь шүлгийн мөрүүдээс ишлэхгүй яахин болох вэ. Банзрагч ерөнхийдөө их л иргэнлэг уянгын найрагч билээ. Анд найзууд бидэнтэйгээ уулзахдаа уншсан тэр шүлгүүдээс нь голдуу бүрдсэн “Галтай чулуу”, “Бодь модны навч”хэмээх яруу найргийн түүврүүд нь бол хайрын сэтгэл, дурлал хайрын тухай уяран бичсэн шүлгүүд олон бий. Ихээхэн зайг нь ХАЙР эзэлсэн зөөлхөн халуухан ном билээ.

Гучин насны минь төрсөн өдрөөс хоногоор хожимдож ирээд энэхүү шүлгийг надад зориулан бичлээ гээд олны өмнө уншиж өгсөн өдрийг одоо ч би тодхон санадаг.

“Хонгор дүү, болзоот хүүхэн, хайрт охин минь болсны чинь төлөө..” А.Блок гэсэн ишлэл үгийн доор :

Сэтгэл минь цогшин галаа манаж

Цээжин дотор минь халуун бодол хононо

Сэрвүү холоос чамайгаа санаж

Шөнийн харанхуйд гэрэл цацруулан хэвтэнэ

Чиний минь надад хэлсэн үгс

Чимххэн ч буруугүй гомдол тунирхлын аяс

Үнэн хайрын гэрэлтэй үгс байсныг

Үгүйлэн санахын цагт хоолой зангирна....

...Огтхон ч буруугүй чинийхээ хайрын сэтгэлийг

Ойртохын аргаүй холоос бодож л явна даа

Олон шөнийн зүүдэндээ чамайгаа харж

Орой намрын насандаа ч гэрэлтэж л байна даа... гэсэн мөрүүд бий.

Тэртээх хаврын урт өдрүүдэд хүнд өвчтэй ижийгээ сахиад нутагтаа сар гаран болоод ирэхдээ би түүнд зориулан:

Үйзэн хорвоогийн гэгээн өдрүүдэд

Үд дундын хонгор нас чинь хайрлалтай

Намар эртийн нуурын цахлайд шиг

Намирах үсний чинь мөнгөн сор уяралтай

Ухаан тэтгэх хонгор хүү минь

Учрал дээдлэх амраг хүү минь

Алаг хорвоогийн гэгэлгэн өдрүүдэд

Аяар аяархан чамайг дуудаад байлтай

Аргагүй үнэн үгийг чинь сонсон

Атгахан зүрхээ амраан жаргалтай

Ухаан тэтгэх хонгор хүү минь

Учрал дээдлэх амраг хүү минь гэсэн шүлэг зохиож түүнд МУУГЗ Г.Тэрбиш ая зохион тэр үеийн БЦДБЧ-ийн гоцлол дуучин Оюунцэцэг дуулж байсансан. Бидний цаг үе улиран өнгөрч үйл явдал нь түүх болон үлджээ. Хагас жаран ард хоцорч... Түүнтэй найзлан нөхөрлөж явсан олон олон андууд нь өнөөдөр энх тунх ажил үйлсээ хийж, ач гучаа өсгөн сайн сайхан амьдран байгаа. Хэний ч амнаас “Банзрагч жинхэнэ монгол эр байсан даа “ гэх бахархсан сайхан үг гарна гэдэгт би гүнээ итгэнэ. “Сэтгэлд гал баййвал зууханд гал олдоно” гэх яруухан үгсийг үлдээсэн сайхан найрагч Л.Лувсандорж андаа үгүйлэн дурсах дуртай байсансан. Сүүлд “Хөдөөгийн зохиолчдын холбоо” гэж Барнангийн Доржпалам агсантай нэг хэсэг хөдөө хотгүй их явсан байх. Тэр цагаас эхлэн уулзах маань ховор болсондоо. Бүүр сүүлд Бээжинд соёлын ажилтнаар явсан билээ. Хоног сар биднийг аажим аажмаар холдуулсаар аж амьдралын амаргүй хүнд сорилтуудын нугачаанд бие биеэсээ сураг төдий алсран одовч сайны чимээ сонсох бүртээ баярлан хааяа нэг олны дунд учрал ерөөл таарч бүтэн мэнд, бүлээн зүсээ харалцдаг байлаа, амьдралын сүүлийн жилүүдэд нь бид хоёр.

Үйлдвэрчний соёлын төв ордонд болсон Болор цомын тайзан дээрээс Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаа гардаж аваад байхдаа завсарлагаар хоёулаа таарч аяга кофе хувааж уугаад, барьж явсан цэцгийн баглаагаа “Чингис хааны хонины морь” нэртэй сайхан номынхоо хамт дурсгаад л салсан. Тэр бид хоёрын нартад уулзсан сүүлчийн уулзалт байжээ. Тэр номон дээр нэр овгийг минь бүтнээр нь тавиад “ Хайрт шавь чамдаа дурсгав” хэмээн онцолжээ. Он жилүүдийн цаана ингэж гансран бичихийг минь мэдсэн юм шиг, багш минь байж гэж хүлээн зөвшөөрч харамсахыг мэдсэн юм шиг бүтэн шилмэл шүлгийн түүврээ үлдээгээд явжээ.

Болор цом үзэх гэж хүүхнүүд нойргүй хонодог байхад Болорцомын тасалбар олох гэж СТӨ гадаа шөнөөр дугаарлаж зогсдог байхад “Хонины морь”, “”Хурданы морь,” Уургын морь” шүлгээрээ олны талархлыг хүлээж мөндөр шиг шаагих алга ташилтын чимээнээс чихний дөжрөө арилаагүй шахам байхад андууд цуглан наргиж шүлэглэж дуулж байх цаг дор айргийн тавд үлдээд хасагдсан түүнийг аргадан тайвшруулж уншиж байсан шүлгээрээ энэхүү дуртгалаа өндөрлөе. Бүх цаг үеийн андуудыг нь төлөөлж ийн дурсвай. Тэд ч бас буурал Банзрагч найрагчийнхаа дурсгалын цэцэрлэгт өөрсдийн дурсамжаа нэмэх буй заа.

Шүлэгчид

Амгалан сэтгэлийн бодрол уянга намуун, өнгө зохиролт шүлгүүд чинь

Алга нижигнүүлэн таших гэнэн соёрхол горилоогүй бодлын хүлэг

Айл харан ам булааж, алхаа хөнгөрөх агсам морин бус

Алс холын замдаа явдал гангарах наран шарга ажнай

Сэтгэлийн хий морин минь ижлээ эрэн найргийн талд эргэцэн байхуйд

Сэмхэн надад онгодын сахиус илгээсэн чи минь тэнгэрийн хүн

Яруу айзамт шүлгийн хэм тэгшлэх заяат чамайг хайрласан

Янжинлхам бурхан – охин тэнгэр танаа сүслэн сүслэн мөргөм үү би..


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: