ME TIME буюу өөртөө зориулах цагийг хэрхэн гаргаж сурах вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 16

Өөрийгөө илүү ихээр хайрлаж, өөртөө цаг гаргахын хүсдэг бүсгүйчүүд энд цуглаарай. Жирийнээс жирийн мэт санагдах өдөр хоногийг жир бус болгож өдөр тутмын хэмнэлдээ “өнгө нэмэх” санааг хуваалцах гэж байна. 
Энэ бол ME TIME буюу БИ ЦАГ юм.

 

ME TIME буюу өөртөө зориулах цагийг хэрхэн гаргаж сурах вэ?
ME TIME буюу БИ ЦАГ гэж юу вэ?

 

Хамгийн энгийнээр бол өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэх цагийг хэлнэ. Хүн бүрд ижилхэн оногддог 24 цагийн яг хэдийг нь өөрийгөө сонсох, дуртай зүйлээ хийх, өөртөө зав гаргахад зориулж чаддаг бол? Ялангуяа гэр бүл, үр хүүхдээ нэгдүгээрт тавьдаг ээжүүд бидэнд “өөрийгөө хайрлах цаг” гаргах боломж олддог билүү? Ганц бие хирнээ л өөртөө цаг гаргаж чадахгүй явна уу? Ажил ажил гэсээр өөрийгөө мартаж орхисон уу? 
Хэрэв эргэлзэж байвал өөрийгөө эрхлүүлж, өөртөө цаг гаргах үе хэдийнээ иржээ гэсэн үг. Чи ганц бие эсвэл ээж хүн, ажилчин анги байх нь хамаагүй өөртөө цаг гаргах бүрэн эрхтэй бүсгүй хүн гэдгээ санах хэрэгтэй. Тиймээс нь цувралаар орох энэхүү нийтлэлүүдийг чамдаа зориулан бэлтгэж ME TIME буюу БИ ЦАГ гаргаж сурахад чинь туслах гэж буй юм.

 

 

Ингээд 2 асуултыг өөрсдөөсөө асууя.

 

1. Чи өөртэйгөө ярилцаж, өөрийгөө ойлгож, дотоод хүнээ сонсоход цаг гаргадаг уу? 
2. Дуртай зүйлээ хийхэд цаг гаргадаг уу?

 

 

БИ ЦАГ бидэнд яагаад хэрэгтэй гээч?

 

· Ахуй амьдралын, хувийн хувьсгалын гээд чамайг тойрсон олон асуудал бий. Тэднээс түр холдож өөртөө цаг гаргах хэрэгтэй учраас,
· Өөртэйгөө ярилцах, илүү ойр байх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй учраас,
· Дотоод, гадаад өөртөө анхаарал тавьж, “халамж үзүүлэх” хэрэгтэй учраас, 
· Бодит байдлыг холын зайнаас ажиглаж, дүгнэлт хийж эерэг шийдэл олох цаг гаргах хэрэгтэй учраас,
· Өөрийгөө эрхлүүлэх бүрэн эрх чамд бий болохоор.

Өөртөө цаг гаргаж сурснаар:

 

· Дотоод хүч энергиэ нөхөж чадна,
· Өөрийгөө хайрлах бүрэн эрхийг гартаа авч чаддаг болно,
· Өөртэйгөө ярилцаж, өөртэйгөө илүү ойр болно,
· Өөрийгөө хайрлаж, халамжилж чаддаг хүн бусдыг хайрлахдаа ч “гарамгай” болно, 
· Багахан ч болов аз жаргалтай хугацааг өөртөө гаргаж сурна,
· Бодит асуудлуудад арай хөнгөн хандаж эхэлнэ,
· Өөрийнхөө амьдралд чи өөрөө ямар чухал байр суурьтай вэ гэдгээ анзаарч эхэлнэ.

 

 

Өөрийгөө эрхлүүлж, “би цаг” гаргах нь:

 

· Сөрөг таагүй бодолд автахаас сэргийлж, шинийг эрэлхийлэхэд тусалдаг,
· Оюун ухаанаа задалж, сэргэг болоход нөлөөлдөг, 
· Анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг,
· Бүтээлчээр ажиллахад тусалдаг,
· Өөрийгөө шинээр нээх, хайж олох орон зайг гаргаж өгдөг, 
· Илүү гүн, утга учиртай бодолд автах цагийг олгодог,
· Асуудлын эерэг шийдлүүдийг олж харахад тусалдаг,
· Харилцааг илүү дотно дулаан байлгахад нөлөөлдөг,
· Өөрийгөө илүү хайрлахад суралцана.

 

Өөртөө жаахан цаг гаргаад л сурчихвал ажил амьдралынхаа тэнцвэрийг олж, хувийн асуудлаа бодолгүй ажилдаа төвлөрч, ажлаа бодолгүй хувийн амьдралаа сайжруулж, гэр бүл, найз нөхөд, хайр дурлалын харилцаагаа эерэг уур амьсгалтай байлгаж, өөрөө аз жаргалтай амьдарна гэдгийг баттай хэлье.

 

 

Гоолингоо нь та нарт зориулан:

 

· Өөртөө цаг гаргах болсныг илтгэх 7 таагүй шинж
· “Би цаг”-ийг өдөр бүрийнхээ төлөвлөгөөнд хэрхэн нэмэх вэ? 
· Мөнгө үрэхгүйгээр өөрийгөө эрхлүүлэх 20 гоё санаа
· Ганц бие байхдаа өөртөө зориулж хийх 100 зүйл
· Завгүй ээж нарт зориулсан өөрийгөө эрхлүүлэх 10 супер санаа
· 15 минутын дотор хийж болох “me time” санаанууд
· Өөрийгөө эрхлүүлэх өдрөө үзэх 8 хөөрхөн кино 
· Зуны хүслийн жагсаалт: Өөрийгөө эрхлүүлэх 33 санаа 
· Өөртөө хайртай эмэгтэй 5 шинж
· Өөрийгөө хайрлахын жаргал
· Аминчхан зөвлөгөө: Өглөөний цагийг хэрхэн өөртөө зориулах вэ + 10 гоё санаа 
· Аминчхан зөвлөгөө: Оройны цагийг өөртөө хэрхэн зориулах вэ + 10 гоё санаа 
· Өөрийгөө хайрладаг эмэгтэйн заавал хийх 8 зүйл 
· Охидуудаараа “БИ ЦАГ”-аа гоё өнгөрөөх 5 санаа

 

Нийтлэлүүдийг цувралаар хүргэж, өөрийгөө эрхлүүлэх шинэлэг санаануудыг та нартаа хүргэж, урьдынхаасаа ч илүү өөртөө хайртай байхад чинь бяцхан зөвлөгөөнүүдээрээ туслах болно. Бүхий л эерэг өөрчлөлт жижигхээн зүйлээс эхлэлтэй байдгийг санаарай, хонгор минь.

 

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх