С.Ганбаатар: Оюутолгойн гэрээ бурхны зарлиг биш, ард түмэнд ашигтай болгож засах ёстой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 24 ・ 2

 

Үйлдвэрчний эвлэлийн жагсаал, тэмцлээр  олон нийтэд танигдаж, хожим   “Босоо”  хэмээн нэршсэн, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын “Толь” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна. 

 

-Оюутолгойн гэрээтэй хийсэн таны тэмцэл одоо мухардсан гэж хэлж болох уу. Учир нь энэ гэрээ ямар ч тохиолдолд энэ хэвээрээ үргэлжлэх нь тодорхой болж байх шиг?

-Огт мухардаагүй. Харин ч миний 10 гаруй  жил тэмцэж ирсэн тэмцлийн дүнд Баабар мэтийн амаа олохгүй  магтаж байсан зарим хүнд ухаарч ойлгуулах, бөглөрсөн сүвийг  нь нээх таатай үе ирлээ  гэж үзэж байна. Энэ гэрээ ямар ч нөхцөлд үргэлжлэх нь тодорхой боллоо гэж үзэж байгаа хүмүүст хандаж хэлье. “Рио-Тинто”, тэдний гар хөл бологч хөлсний бичээчид монголчуудыг ийм гутранги үзэлтэй, буулт хийх сэтгэлгээтэй, ямар ч тэмцэлгүй үхээнц дорой болгохын төлөө их хичээсэн.

Битгий баярла, “Оюу толгой”-н гэрээ бол бурхан тэнгэрийн зарлиг биш, энэ гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгоно. 14 жилийн өмнө энэ гэрээний тухай ярьж байхад хүмүүс намайг ямар их доромжилж байлаа. Одоо энэ гэрээг бараг улстөрч болгон ярьдаг болж. Монголчууд үнэнийг мэдэрсэн байна. Бид ялах шатандаа ойрхон очиж байна гэсэн үг. Олон жил тэмцэж, зүтгэж байгаа хүн нь бууж өгөөгүй залхаагүй  байхад, хөндлөнгөөс харж байгаа зарим нь залхаад яахнав дээ.

-Таныг “Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгчдэд буулт хийсэн”  гэж хэлдэг  юм билээ. Үнэхээр лоббинд өртөх магадлал, боломж хэр байсан бэ?

-Жинхэнэ монгол гүтгэлэг байна. Лоббид өртсөн ч байдаг болоосой,  тэгвэл энэ гэрээг бүрэн цуцлах үндэслэл баримт болно. Харамсалтай нь “Рио-Тинто”-гийнхон тэр “зарим хүн” шиг гэнэн тэнэг биш юм даа.

-Танд “Рио Тинто” компанийн зүгээс ямар нэгэн байдлаар санал, дэмжлэг ирж байсан уу?

– Хэзээ ч үгүй. Тэд тийм гэнэн биш гэж хэлсэн шүү дээ.

-Зарим нь таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зардлаа тэр компаниар даалгуулсан ч гэж ярьж, бичдэг.  Таныг  тэдний “B” төлөвлөгөө  нь байсан ч гэж зарим хүн ярьдаг?

-Та намайг чин сэтгэлээсээ дэмжсэн Монголын хагас сая хүнийг гүтгэн доромжиллоо. Монголын сэтгүүлзүй тулга тойрсон огт логикгүй, баримтгүй юм ярьдагт их харамсдаг. Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл нь “Оюутолгойн гэрээ”-г Монголын ард түмэнд ашигтай болгоно гэж заасан байсан юм шүү. Нөгөө хоёр  нөхөрт ийм төлөвлөгөө, санаа огт байгаагүй. “Рио тинто”-гийн хувьд С.Ганбаатар л биш бол хэн ч гарсан хамаагүй байсан. “Рио Тинто”-гийн угаадас долоодог  улстөрч гөлөгнүүд нь миний эсрэг амжилттай сайн ажилласан.

-Таныг Оюутолгойн гэрээтэй тууштай, шийдэмгий тэмцдэггүй. Ердөө л тухайн нөхцөл байдлаас болоод няцдаг, ухардаг гэж дүгнэдэгтэй санал нийлэх үү?

– Нийлэхгүй. Би буугаар буудахаас бусад бүх хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тэмцлүүдийг хийсэн, хийх ч болно. Өлсгөлөн зарлаж байсан, мэтгэлцээн хийж бас маш олон ярилцлага өгч, видео кино  хийсэн. Ном хүртэл гаргасан. Жагсаал цуглаан ч зөндөө хийсэн. Өөр ямар хэлбэрийг нэммээр байна. Та санал хэл дээ.

-Тухайлбал, энэ жишээн дээр таны С.Баярцогттой хийсэн мэтгэлцээнийг жишээ татдаг л даа. Та тэр үед яагаад тийм хүлцэнгүй, бууж өгсөн байдалтай байсан юм бэ?

– С.Баярцогт над руу хувь хүн рүү минь дайрах тактиктай орж ирсэн. Харин би тэр   боломжийг ашиглаж,  “Оюутолгойн гэрээ”-г ард түмэндээ илүү ойлгуулахыг л хүссэн. Тэр миний нэг ч асуултад хариулаагүй. Зөвхөн хувь хүн, нэр хүнд рүү минь дайрч мэтгэлцээнийг хэрүүл болгохыг хүссэн. Харин би нэр хүндээ золиослон байж гэрээний зүйл заалтын эргэн тойронд  ярих тактиктай байсан.Би алдаагүй, түүх дүгнэнэ.

– С.Баярцогтыг та үнэхээр лоббинд орж, авлига авсан гэж боддог уу?

-Тэгж боддог. Энэ бол хууль шүүхийнхний шийдэх асуудал. Би хувь хүний талаар ярих дургүй. Харин тэр хүний монголчуудын нэрийн өмнөөс хийсэн буруу үйлдэл,  шийдвэрийн эсрэг тэмцдэг. Хэдхэн сая долларын төлөө Монголын ард түмний  хүртэх ёстой олон тэрбум долларын ашгийг золиослож хэрхэвч болохгүй. Энэ бол  олон мянган монголчуудыг ажилтай, орлоготой байлгах асуудал шүү дээ.

-АТГ болон хууль хяналтынхан С.Баярцогтыг  баривчилж шалгасан ч буцаагаад суллачихлаа. Цаашид хэргийг хааж ч магадгүй гэлцэж байна? 

– АТГ-ыг  С.Баярцогтын хулгайн мөнгөнөөс хуваалцсан гэж үзэж байна. Хэрэв  ингэсэн бол АТГ болон хууль хяналтын байгууллага  С.Баярцогтын хам хэрэгтнүүд гэсэн үг. Манай АТГ-хан Швейцарын хууль хяналтынхнаас ичиж амьдрах хэрэгтэй.

-Монголчууд “Оюутолгойн гэрээ”-г муу хийснээсээ сургамж авсан гэж бодсон үгүй бололтой. Түүнийгээ дахин муутгаж “Дубайн гэрээ” гэгчийг байгуулсан. Энэ мэтээр бидэнд онох тавилан ер нь байгаа болов уу?

– “Дубайн гэрээ”-нд  Ч.Сайханбилэг гарын үсэг зурсны дараахан би  Бат-Эрдэнэ гэдэг эрдэмтэн найзтайгаа “Turquoise hill”- ийн вэб сайтаас ухаж байж мэдээллийг нь олж авсан. Маргааш өглөө нь чуулганы нэгдсэн хуралдаан  дээр бүх гишүүдийн ширээн дээр  орчуулгатай нь хамт  тавьсан. Шанд нь “Ч.Сайханбилэг  босоо Ганбааг хэвтүүлжээ”  гэсэн алдарт үгээ хэлж,  баахан хөлсний бичээчдээр  намайг  баахан гөвүүлсэн. Товчхон хэлэхэд, муу улстөрчдөөс болж улс орон сүйрдэггүй, харин муу улстөрчдийн талаар юу ч хэлдэггүй, тэмцдэггүй ард түмэнтэй бол улс орон сүйрдэг. “Дубайн гэрээ” гэгч бол бидний тавилан биш ээ. “Дубайн гэрээ”-г  хийсэн муу улстөрчдөд ямар ч сонгуулиар  дүн тавьдаггүй, хариуцлага тооцдоггүй  ард түмэнтэй байгаа нь бидний тавилан юм даа.

-Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээг илт өмөөрдөг байсан. Нэгэнт айлд өгсөн охиныхоо араас битгий гоншигно гэж хүртэл хэлж байсан шүү дээ?

-Тухайн үед УИХ-ын хаалттай хуралдаан дээр Ц.Элбэгдоржийн эсрэг Оюутолгойн гэрээний талаар  би ганцаараа ярьж байсан даа. Мань хүн над руу маш бүдүүлгээр дайрч байсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 26/

    За энэ хүн ч төр түших хүн биш дээ, ийм хүнийг сонгож ирсэн манай сонгогчид боловсролоо ахиулмаар юм байна даа, сонгох хүнээ олж чадахгүй юм, тэднийг нь ч тэр намууд нь дэвшүүлэхгүй юм,

    Хариулах
  • Бат / 2019 05 сар 25/

    2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь

    Хариулах