Оросуудад хайрлагдсан МОНГОЛ ХҮҮ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 29

Удахгүй ХҮҮХДИЙН баяр болно. Энэ өдрийг угтаж манай сайтын зүгээс хүчирхийлэл, хойд эцгийн тарчлаан зэрэг хар бараан мэдээллийг хойш тавьж авьяаслаг, ухаалаг эс бөгөөс эгэл нэгэн бор хүүг ч онцолж тэдний гэмгүй цагаахан сэтгэл зүрхийг тольдож хүүхдийн хиргүй тунгалаг инээд, хөөрөөр нийгэмд ГЭГЭЭ нэмэхийг зорилоо.  

 

Эхний онцлох хүүхэд бол ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан тайлбайд ёслол төгөлдөр болж өндөрлөсөн Агуу их ялалтын 74 жилийн ойн баярт Монгол Улсаа, эх орноо төлөөлөн оролцож ая дуугаа өргөсөн долоон настай бяцхан хүү Э.Энгүүнбат юм.

 

 

Хүүтэй уулзаж ярилцахаар эмээ, өвөөгийнх нь гэрийг зорьж очиход Э.Энгүүнбат хүү өрөөндөө тоглож, эмээ өвөө хоёр нь цай, цүү болж угтав. Хоёр хөгшний хийж бүтээснийг нь гэрчлэх хурандаа цол тэмдэг ёслолын хувцсны энгэрт нь гялалзаж харагдана. Цэргийн байгууллагад олон жил ажилласан хоёр буурал цэмцийж угтсан бол цаад өрөөнөөс Э.Энгүүнбат хүү инээмсэглэн угтаад “За сайн уу” хэмээн хэзээний том хүн шиг мэндлээд “Намайг Энгүүнбат гэдэг. Би Нийслэлийн ЕБС-ийн 116 дугаар сургуулийн 1А ангид сурдаг. Удахгүй нэгдүгээр ангиа төгсөх гэж байгаа” хэмээн өөрийгөө танилцуулснаар бидний яриа эхэллээ.

 

-Онц сурсан уу?

 

-Мэдээж онц. Тав дахь өдөр би сургуулиа төгсөнө. Төгсөлтийн баяртаа явна даа.

 

-Сургуульд сурах гоё байна уу, юу сурав аа?

 

-Тоо бодож, 35 үсгээ бүрэн сурсан. Одоо хүрдээ сурч байгаа. Бас хүрд цээжилж байгаа. Хүрдийг уг нь хоёрдугаар ангиасаа үзэх ёстой. Гэхдээ ээж бид хоёр эртхэн сурч байя гээд одооноос сурч байгаа. Эртхэн цээжилчихвэл амар.

 

-Хэдийн хүрд мэдэх үү?

 

-2,4-ын хүрдийг мэднэ шүү

 

-Дотуур байранд амьдардаг гэсэн үү?

 

-Би сургуулийнхаа дотуур байранд суудаг. Өрөөндөө долуулаа амьдардаг. Бид нар чөлөөт цагаагаараа тасагтаа бараг байдаггүй. Ихэнхдээ бусад хүүхдүүдийн өрөөгөөр орж тоглоно, даалгавраа хийнэ. Тэгсээр байтал үдийн цай, оройн хоол болдог.     

         

-Хичээлийн хажуугаар дуулна, тэмцээнд оролцоно. Ядардаг уу?

 

-Дуулах ч яахав, хичээл л жаахан ачаалалтай. Одоо Оросын Шадар сайд ирэхэд намайг урилгаар дуулуулна гэсэн. “Катюша”, “Смуглянка”, “Маленькая страна” гээд гурван дуу дуулахаар бэлдэж байна.

 

-Чи олон орос дуу мэддэг үү?

 

-Орос, Монголгүй л мэднэ шүү дээ.

 

-Чамд дууг нь хэн зааж өгдөг вэ?

 

- Ээж маань зааж өгдөг. Ээж маань Орос, англи, Франц хэлтэй. Надад ээж одооноос орос хэл зааж байгаа. Оросын дараа Англи хэл сурна гэж бодож байгаа. Янз бүрийн хэл сураад л явна даа.

 

-Ээжийнхээ мэддэг бүх хэлийг сурна даа, тийм ээ?

 

-Ээжийнхээс ч илүү олон хэл сурмаар байна. Ээж намайг 26 хэл сураарай гэсэн. Нэг Казахстан хүүхэд зөндөө олон хэлээр дуулж байгаа бичлэг үзсэн. Түүн шиг л болно гэж бодоод байгаа.

 

-Орос дуу, орос хэл сурах хэцүү байсан уу?

 

-Нээх хэцүү биш дээ.

 

 

-Саяхан Орос улсад очоод “од” болоод иржээ.

 

-Тэгсэн. Гэхдээ би анх удаа Орост очсон юм биш л дээ. Өмнө нь хоёр ч удаа очиж үзсэн. Нэг удаа Орост очиж тэмцээнд оролцоод гранпри шагнал хүртсэн.

 

-Ялалтын баярт оролцоод, олон хүний өмнө гарч дуулахад ямар санагдсан бэ? Олон хүний алга ташилтыг мэдэрсэн үү?

 

-Нэг тийм гоё санагдсан. Би Ялалтын баяр гэдэг нь дайнд яваад ялсан цэргүүд буцаж ирээд тэмдэглэдэг баяр гэж ойлгосон.

 

-Ирээдүйд дуучин болох уу? Чи юу хүсч мөрөөддөг вэ?

 

-Би том болоод дуурийн дуучин болно. Бас Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болмоор байна. Би өөрийгөө энэ мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа. Би төгөлдөр хуур тоглож чадна. Чайковский алдартай хөгжмийн зохиолч байсан гэсэн. Бүр дээр үед амьдарч байсан юм билээ. Би тэрний гэрийг нь очиж сонирхсон. Тэрний амьдарч байсан хоёр давхар модон байшинд нь  төгөлдөр хуур нь байж байдаг юм билээ.

 

Өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад дэлхийн хараагүйчүүдийн холбооны чуулган болсон. Энэхүү чуулганы хаалтын тоглолтод Э.Энгүүнбат хүү оролцон ая дуугаа өргөжээ. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх