Саяхан жагсаал зохион байгуулагчид төрийн ордны үүдэнд лам залан уншуулсан. Энэ үйл явдлын талаар иргэд янз бүрийн байдлаар хүлээн авч, сошиалд ч хүчтэй яригджээ. Лам хуврагууд улс төрд орооцолдлоо, хүн огцруулах жагсаалд ямар ном уншдаг юм бол гэх зэргээр бичжээ. Тэгвэл төрийн ордны баруун талын хаалган дээр очсон лам нар ийм зүйл болно гэж огт мэдээгүй гэдгээ тайлбарлан ярилаа. Тэднийг төрийн ордонд ном уншиж өгнө үү хэмээн залж авчраад гэнэт л жагсаал цуглаан дунд хольж орхисон гэдгийг Юндэнбат лам хэллээ.
Лам нарыг урьсан хүмүүс төрийн ордонд ном уншиж, засал хийлгэх гэсэн юм гэдэг урилга хүргүүлжээ. Лам нарын хувьд монгол төрийн ордонд ном уншиж, ард түмний сайн сайхны төлөө мэддэг чаддагаа зориулахад бэлэн гэж бодон очижгоожээ. Гэтэл үүднээс нь эхлээд ном унших хэрэгтэй байгаа юм гэж тайлбарлан ширээ зассан байна. Ингээд лам нар үүдэнд нь уншаад дараа нь дотогшоо орж уншина гэж ойлгожээ. Гэтэл ном уншиж эхэлмэгц жагсаал цуглаан болж хувиран, хэн нэгэн рүү дайрч давшилж эхэлсэн байна.
Тухайн үед лам нар ийм утга учиртай юманд ирээгүй шүү, бид сайн сайхны төлөө ном уншиж байгаа шүү гэдгээ хэлсэн боловч хүмүүст сайн хүргэж чадаагүй гэдгээ хэллээ.
Лам хувраг, бурхны шашинд ямар нэг муу зүйлийн утгаар ном уншина гэж зүйл байдаггүй. Бүх ном сайн сайхны төлөө байдаг гэдгийг Юндэнбат лам хэлж байна. Тухайн үед ч оюун санааны зөв зүйлийн төлөө Ламад, энх тайван амгалангийн тухайд Жанчив гэх зэрэг ном уншснаа тайлбарлалаа. Гэтэл нийгэмд лам хуврагууд буруугаар ойлгогдож, шашин номыг буруу зүйлд ашигласан хүмүүсийн өмнө ард түмнээсээ уучлалт гуйж байгаагаа Юндэнбат лам хэллээ.
Бурхны шашин, ном засал гэдэг маш том ухаарал, философи байдаг. Гэтэл хэн нэгний тусын тулд байдгаас муу санасан зүйл огт байдаггүйг онцоллоо.
Эх сурвалж: www.TV5.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.