НИХТ-аар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан билээ. 

Өөрөөр хэлбэл, газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ гэж тооцсон аж.

Өрх толгойлсон эцэг, эх гэдэг хувилбарт хамгийн олон хүүхэдтэй өрхийг хамруулна. Хэрвээ адилхан тооны олон хүүхэдтэй айл байвал хүүхдүүдийн нас, амьдарч байгаа бүс, нийгмийн даатгалын төлөлтийг нь харгалзаж үзэх маягаар шалгаруулна.  Квадрат метрээсээ шалтгаалаад үнэ харилцан адилгүй ч энгийн түрээсийн орон сууцын метр квадратын үнэ 6.000 орчим төгрөг байна гэдгийг албаны хүн онцлов.

Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арай үнэ нь бага байх хэрэгтэй гэж үзэж яаманд санал хүргүүлсэн байна. Мөн өмчлөх бүрэн боломжтой аж.

Таван жилийн дотор өмчлөх хэлбэрийг хөнгөвчилж, богино хугацаанд бага хүү төлөөд өмчлөх бололцоотой болох юм байна. Урьдчилгаа хэдэн төгрөг төлснөөс шалтгаалан сард төлөх төлбөр нь янз бүр гарах гэнэ. Түрээсийн орон сууцанд найман төрлийн иргэдийг хамруулна гэж журамд заажээ.

Харин өмчлөхгүй, түрээслэх гэрээ гурван жил тутам шинэчлэгдэх юм банйа. Тиймээс цаашид түрээсэлж амьдрах сонирхолтой иргэд журмынхаа дагуу л гэрээгээ сунгаад явж болно гэсэн үг.

Иргэд маш олон төрлөөр түрээсийн орон сууцад хамрагдах боломж нь нээлттэй аж. Тухайлбал, залуу гэр бүл багш байвал журмын дагуу залуу “Гэр бүл” гэсэн заалтад орно. Эсвэл өрх толгойлсон багш, эсвэл тухайн багшийн гэр бүл хувиараа бизнес эрхэлдэг бол “Хувиараа бизнес эрхлэгчид” гэсэн заалтад орох боломжтой.

972 айлын орон сууцын 40 хувийг нь газар чөлөөлөлөх хэлбэрээр олгоно.   Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Шар хад, Дэнжийн 1000 гэх мэт Улаанбаатар хотод баригдаж буй зургаан дэд төвийн хүрээнд “Орлогод нийцэх ногоон орон сууц”-ын төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийн хүрээнд чөлөөлөлт хийх бүрэн боломжтой.

“Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-д зааснаар иргэдийг дараах ангиллын дагуу сонгон шалгаруулж, хуваарилах аж.

-Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%

-Төрийн албан хаагч- 25 %

-Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20%

-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%

-Өрх толгойлсон эцэг, эх- 5%

-Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%

-Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.

-Харааны бэрхшээлтэй-1%

-Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%

-Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%

-Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%

-Бусад-1%