Аутизмтэй хүүхэд жирийн сургуульд суралцах эрхгүй гэж үү - тэд бусдаас ӨВӨРМӨЦ нэгэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 08 сар 30 ・ 2

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд аутизмын эмгэг гэх онош ихээхэн гарах болсон. Ялангуяа монголчууд бид энэ эмгэгийн талаар тэр бүр мэдээлэл байдаггүй.

Тиймдээ ч энэ төрлийн эмгэгтэй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй нэгэн мэтээр ч харах болсон. Сүүлийн үед хүүхдийн дунд энэ төрлийн эмгэгтэй хүүхэд ихээхэн анзаарагдах болсноор олон нийт ч үүнийгээ дагаад мэдрэх болж. Харин хүмүүс тэднийг тэс ондоогоор буюу хөгжлийн бэрхшээлтэй нэгэн мэтээр л мэдэх болж байгаа нь тун харамсмаар. Энэ төрлийн эмгэгтэй хүүхэд бол зүгээр л бусдаас өөр сэтгэлгээтэй өвөрмөц нэгэн гэж хэлж болно. 

Энэ төрлийн эмгэгтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ тэдний сурч боловсрох эрх ч ихээхэн хөндөгдөх болсон. Эцэг эхчүүд нь тэднийг ерөнхий боловсролын сургуульд хамруулахыг хүссэн ч энгийн дунд сургуулиудад энэ төрлийн хүүхдүүдэд хэрхэн боловсрол олгох тал дээр мэдээлэл муу байгаагаас ихээхэн хүндрэл үүсэх эхлэл бий болоод байгаа нь анзаарагдах боллоо.

Аутизмын оноштой хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гол төлөв жирийн хүүхдүүдийн хамтаар сургахыг илүүд үзэх ч тэдний байдлыг ойлгоход нийгмийн харилцаа тун хүндрэлтэй байгаа юм. Боловсролын яамнаас ч энэ талаар дорвитой арга хэмжээ авахыг орчин шаардах болсон. Аутизмтэй хүүхдүүдийг тусгай боловсролын сургуульд явуулах хэрэгтэй гэж зарим нэгэн үзэх хэдий ч энэ төрлийн хүүхдүүд нь нийгэмд жирийн хүмүүсийн харилцаанд байж байх нь тэдний ирээдүйн хөгжилд илүү их нөлөөтэй. 

Энгийн нэгэн жишээ дурдвал, өчигдөрхөн буюу энэ сарын 29-нд нэгэн эцэг өөрийн аутизмтэй охиныг нь ерөнхий боловсролын сургуулиас хассан явдалд ихээхэн бухимдан цахим орчинд үзэл бодлоо илэрхийлжээ. Хүний эрхийн дагуу аливаа хэн нэгэн бусдын адил тэгш боловсролд хамрагдах ёстой гэсэн заалтын дагуу ийм төрлийн эмгэгтэй хүүхдүүд ч жирийн сургуульд явах эрхтэй. Тэгтэл нийгэмд тэдний талаар андуу ташаа мэдээлэл байгаагаас аутизмтэй хүүхдийг оюун ухааны доголдолтой нэгэн мэтээр харуулах болжээ. Энгийнээр бол аутизмтэй хүүхдүүд жирийн хүүхдээс оюун ухаан сэтгэн бодох чадвар арай удаан л болохоос тэд жирийн л хүн. Тэд өөрсдийн гэсэн үзэл бодолтой, аливаа зүйлийг шууд нүдээр харснаараа л хүлээн авдаг цав цагаан цаас шиг л сэтгэхүйтэй нэгэн гэж хэлж болно. 

Аутизм гэдгийг тун товчхоноор тодорхойлвол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Бидний тархи өдөр бүр харсан, сонссон, үнэрлэсэн, амталсан, хүрсэн гээд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан авсан бүх мэдээллээ боловсруулж байдаг. Харин бидний уураг тархи хэвийнээр эргэн тойронд болж буй зүйлсийг ойлгож, таньж мэдэж чадахаа боливол бид бүхэн сургуульд сурах, унших, харилцах, ярилцах, амжилт үзүүлэх гээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход бэрхшээл учирна.

Аутизмтай хүүхдүүд, бусдаас арай өөр байдлаар ертөнцийг хүртдэг. Тэдний хувьд бусадтай харилцаж, өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэх нь маш том бэрхшээл байдаг ба тусгай тусламжтайгаар л бусадтай харилцдаг. Түүнчлэн аутизмтай хүүхдүүд болж буй үйл явдалд бусдаас арай өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Бидний чихэнд энгийн сонсогдох дуу чимээ тэдэнд маш чийртэй, чанга сонсогддогоос болж чихээ гараараа таглана. Зарим тохиолдолд бас түүнд зүгээр л хүрэхэд эвгүй санагдаж жийрхдэг. Мөн найзууд, харилцагчидтайгаа тогтоодог энгийн хялбар харилцааг үүсгэх нь ч аутизмтай хүүхдүүдэд хэцүү байдаг. Жишээлбэл хэн нэгэн инээмсэглэж байвал бид түүнийг эелдэг эсвэл жаргалтай байна гэж хүртдэг бол тэдэнд аз жаргалтай, эерэг харилцаатай хүнтэй нүүр тулах үед тун таагүй байдалд ордог.

Түүнчлэн аутизмын нэг онцлог бол өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэхэд учрах саад байдаг. Төсөөлвөл бид хэн нэгнийг ойлгох гэдэг ч хэрэв үг, өгүүлбэр тодорхой биш бол ойлгож чаддагүйтэй адил. Үүнтэй адил тэд өөрсдийгөө илэрхийлэхдээ тохирсон зөв үг, өгүүлбэр сонгох тал дээр тун их бэрхшээлтэй тулгардаг. Яг ямар үг яриа хэрэглэх, хэрхэн, яаж өөрийгөө илэрхийлэх тал дээр томоохон саадтай учирна. Мөн аутизмтай хүүхэд нэг үгээ дахин дахин давтах, гэнэт огцом уурлах /удаанаар уйлах/, нэгхэн эсвэл нэг хэсэгхэн тоглоомоор л тоглох түүнчлэн ихэнх аутизмтай хүүхдүүд юмсын байршлийг өөрчлөхөд тун ихээр дургүйцэх хандлагатай байдаг. Тэд өөрийн тоглоом, эд зүйлсийг нэг л газар тавьж, байршуулдаг ба байгаа зүйлсийг байснаар нь л байлгахгүй бол айхтар уурлаж, уйлдаг байна.

Аутизм зарим үед хүүхдийн сэтгэхүй, хэл ярианд хүчтэй нөлөөлж харин заримд нь арай сул нөлөөлөх зэрэг хүүхдийн сэтгэц, оюун ухааны байдлаас хамааран өөр байдаг. Аутизмтай хүүхдүүд бол хорвоо ертөнцийг биднээс арай өөрөөр хүртдэг хүүхдүүд. Тэдний хувьд шинэ зүйл, өөрчлөлттэй тулгарах нь хэцүү байдаг. Харин эргэн тойрныхон нь тэднийг өөрчлөх гээд байдаг нь улам хүнд байдал үүсгэдэг. Тэднийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн том чухал асуудал юм. Энэ бол сэтгэцийн эмгэг биш хөгжлийн эмгэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

АНУ-ын "CDC" /өвчин эмгэг судлалын нэгдсэн төв/-өөс гаргасан судалгаанд 2018 онд 59 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж оношлогдсон байна гэжээ. Үүнээс 37 хүү тутамд нэг, 151 охин тутамд нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Тэгвэл Монголд ч энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. 

Одоогоор Монгол Улсад “Монголын Аутизмын Холбоо” ТББ /2014 онд байгуулагдсан/, “Аутизм Монгол-АНД” ТББ /2011 онд байгуулагдсан/, “Монголын Аутизм судлалын хүрээлэн” ТББ /2017 онд байгуулагдсан/ тэргүүтэй байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр төрийн бус байгууллагад бүртгэлтэй аутизмтай хүүхдүүдийн тоог харвал:

ТББ-уудад тус тусдаа бүртгүүлсэн ч давхардсан тоогоор СЭМҮТ-д бүртгэгдсэн.

1. “Монголын Аутизмын Холбоо” ТББ – 271 /албан ёсоор бүртгүүлсэн/
2. “Аутизм Монгол-АНД” ТББ – 262 /албан ёсоор бүртгүүлсэн/
3. “Монголын Аутизм Судлалын хүрээлэн” ТББ – 145 /албан ёсоор бүртгүүлсэн/
4. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв – 470 /энэ тоо ирэх дөрөвдүгээр сард шинэчлэгдэнэ/

Энэ мэтээр сүүлийн жилүүдэд аутизмтэй хүүхдийн эрхийг хамгаалах олон асуудал тулгаран гарах болсны хамгийн чухал зүйл нь тэдний боловсролын асуудал юм. Ийм төрлийн хүүхдийг хөгжүүлэх хамгийн гол орчин бол тэднийг бусдаас тусгаарлах бус үе тэнгийн хүүхдүүдийн хамтаар хөгжих орчин. Тиймээс боловсролын яам үүнд анхаарлаа хандуулан энэ төрлийн оноштой хүүхдийг бусад хүүхдүүдэд хэрхэн өөрсдөдтэй нь ижил нэгэн гэдгийг ойлгуулж мэдүүлэхэд туслах арга зүйг боловсруулахаас гадна хамгийн гол нөлөө үзүүлэх багш сурган хүмүүжүүлэгчдийг энэ төрлийн сургалтанд ихээр хамруулах хэрэгтэй гэдгийг харуулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: