Намар оройн бороо

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 03 ・ 3

 

- Эсээ -

Асгарсан гуниг шиг аравдугаар сарын хүйтэн бороонд саяхан нүцгэрсэн хөх улиасны дор зогслоо. Гэнэхэн охины хиргүй тунгалаг мөрөөдөл мэт саяхан л дэрвэж байсан жижигхэн навчис толгой дээр минь алга. Харин хөлийн дор хөглөрч үзэгдэнэ. Намар оройн бороо энэ л навчсын гунигийг цуглуулан асгаж байх шиг санагдахад хагдарсан навчис дээгүүр хөл тавихад ч эмзэгхэн санагдана. Нүцгэн модод, ганцаардсан сэтгэл... Хөл дор хөглөрөх навчсыг цуглуулаад хөх улиасны нүцгэн мөчирт зүүж өгмөөр санагдавч нэгэнтээ оройтжээ. Хүлээлгэж тохуурхаж явснаа бодоод тэр нэгэн хөвгүүнийг хүрээд ирэх болов уу гэж санаашравч бас л оройтсон байна.

Намар оройн бороо цаанаа л нэг гунигтай. Ийн сулдаан асгарах бороо яг л болзоогүй амрагийг хүлээх мэт гачлантай санагдахыг яана. Яагаад ч юм би моддыг харах дуртай. Хаврын цэнхэр өдрүүд, хэзээ ч юм амилан цэцэглэх нялх амийг элгэндээ тэврээд ирэх өдрүүдийг хүлээж суугаа модод яг л амаржих гэж байгаа ижий шиг харагддаг.

Чигчий хурууны хумсын толио чинээ жижигхэн навчис чимээгүйхэн эхийнхээ хэвлийд нуугдаад ургах гэж яарч байх шиг санагддаг. Нарны ээл газрын хэвлийгээс төлжиж нэг л өдөр урган дэлгэрэх нов ногоон нахиагаа дэлгэсэн модод дүрсгүй хүүхдийнхээ гараас нь хөтлөөд аз жаргалаар бялхаж яваа ижий шиг харагддаг. Нэгэн модонд ургасан хэр нь зарим нь хэзээ ч бараа бараагаа харж чаддаггүй. Яг л бидний хайнга зан шиг. Хамтдаа дэрвэж хамтдаа нахиалж ургасан хэрнээ тэд хаашаагаа тасран унаж байгаагаа мэддэггүй.

Яг л бидний амьдрал шиг... Нарны илчинд шунан дурлаж, түүндээ шатан уусаж байгаагаа төсөөлдөггүй. Намар оройн бороонд нэвт хөлрөн нүцгэрч буй модод харьд одсон хүүгээ хүлээх настай ижий шиг харагддаг. Навчис ургаад хагдарна. Харин хагдарсан навчис шим болон газарт шингэнэ. Хэн ч тэднийг сонсохгүй. Хэн ч бас үгүйлэхгүй.

Яг л хүмүүс бидэн шиг нэг нэгээрээ мартагдаж хоцорно. Ийм л гунигт орчлонгийн цагаан гэгээн дундуур намар оройн бороо зүсэрч байна. Аравдугаар сарын бороо минь асгаранхан ороорой. Сэтгэлийн гүнд шингэж үлдсэн тэр нэг нулимсыг би чамд л дайж явуулах гэсэн юм.

www.mnb.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: