Дахин төлөвлөлтийн цаана хүүхдүүд хохирч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 22 ・ 1

Ц.МЯГМАРБАЯР

 

Гэр оронгүй болсон хүүхдүүд сэтгэлзүйн гүн хямралд өртсөөр

 

Улаанбаатар хотод агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Хотыг дахин төлөвлөн барилгажууулах” төсөл, хөтөлбөрүүд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Нийт 51 төслөөс 26 төсөл буюу 77 барилгыг шинэчлэн барилгажуулах, гэр хорооллын 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай бүхий 13.317 хашааны 1516.6 га газрыг хамарч байгаа юм. Үүнээс 531 айлын 25 барилга буулгаж, 1176 айлын хашааг чөлөөлж 5001 айлын янданг буулгаж, 1707 айлыг орон сууцанд хамруулжээ.Хотын утаа, бохирдол тодорхой хэмжээнд буурсан олон давуу тал бий ч түүний цаана “дахин төлөвлөлт” гэгчид өртсөн иргэд, оршин суугчид нэн ялангуяа хүүхдүүдийн эрх олон талаар зөрчигдөж, бүр заримынх нь амьдрал орвонгоороо өөрчлөгджээ.Гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртөж орон гэргүй болсон 18 настай Н “…Амьдралын утга учрыг ойлгохгүй, үхмээр санагддаг. Хэтэрхий шударга бус амьдраад байгаа ч юм шиг санагддаг. Өмнө нь үнэхээр дуртай байсан зүйлс одоо тийм ч утга учиртай байхаа больсон. Би бүгдийг нь үзэн ядаж байна…” хэмээн ярьж байна. Гэр нь дахин төлөвлөлтөд орж,  олон удаа нүүж, сууснаар охин  хоёр, гурван удаа сургуулиа сольжээ. Тэрээр ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох, найз нөхөдтэйгөө гадуур, дотуур гарах ч сонирхолгүй болж, улмаар сургуулиасаа гарчээ. Түүний ээж нь ч мөн  олон ажил сольж, хэд хэдэн зээл төлж амьдрах болжээ. Түүнчлэн дахин төлөвлөлтөд өртөж орон гэргүй болсон 15 настай М ярихдаа “…Нэг өдөр хичээлээсээ ирэхэд байрны талыг нураасан байсан. Түүнээс хойш хичээлдээ явахаас ч дургүй хүрдэг болсон. Хоол ч идэх сонирхолгүй болж, шөнө цочиж сэрээд байдаг болсон…” гэв.

 

Сэтгэлзүйн хохирлыг  бодит хохирол гэж үздэггүй

 

Хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах шаардлагатайг Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн тавдугаар сард дахин төлөвлөлт ба хүний эрхийн асуудлаар холбогдох иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, төр захиргааны байгууллагууд хамтран зөвлөлдөх уулзалт хийжээ. Үүний хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болсон юм. Эхний хэлэлцүүлгээс  хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох шаардлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зөрчлийн асуудал ХЭҮК-ын илтгэлд тусгай бүлэг болон орно гэдэг асуудал нэлээд ноцтой болсны шинж. Гэтэл уг асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаануудаар авч хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна хэмээн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн хорооноос мэдээлсэн юм. Энэ нь манай улс сэтгэлзүйн эрүүл мэндийн хохирол учирч буйг  бодит хохирол гэж үздэггүйтэй холбоотой гэж “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын зүгээс хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байсан юм. Сэтгэлзүйн эрүүл мэнд  хүүхдийн үзэл бодол, ирээдүй, бие хүн болоход  чухал нөлөө үзүүлдэг гэдгийг холбогдох дээд байгууллага анхаарах хэрэгтэйг сэтгэл судлаачид анхааруулж байна.

 

Гэрээгээ тэврэн хажуу өрөө, подваль түрээслэн амьдарч байна

 

Зургаан жил өнгөрөхөд дахин төлөвлөлтөд өртсөн өрхүүдийн дийлэнх нь өнөөдөр ч гэрээгээ тэврэн хажуу өрөө, подваль дамжин амьдарсаар байна. Тэдний хүүхдүүд хэрхэн хохирч, эрүүл мэнд, сэтгэлзүйн хувьд ямар хүнд дарамт амсч буйг МУИС-ийн Сэтгэлзүйн тэнхим, “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хоёр сар гаруйн хугацаанд судалжээ. МУИС-ийн Сэтгэлзүйн ангийн III түвшний оюутан Б.Мөнхцэцэг, П.Буянхишиг нар судалгааг хийсэн байна.

 

Б.Мөнхцэцэг:

Хүүхдүүд сэтгэл гутралын хүнд түвшинд орсон

 

-Бид судалгаандаа Сүхбаатар дүүргийн 11-р хороонд төрөөс гаргаж өгсөн түр орон сууцанд амьдарч байгаа 10-18 насны 25 хүүхдийг хамруулсан. Эдгээр хүүхдүүдийг тогтвор суурьшилтай, хэвийн нөхцөлд амьдарч байгаа мөн 25 хүүхэдтэй харьцуулан сэтгэлзүйн түгшүүрийн түвшин, өөрийн үнэлэмжийн түвшин ямар байгааг тогтоосон. Судалгаагаар “дахин төлөвлөлтөд хамрагдсан” айлын хүүхдүүд сэтгэл гутралын хүнд түвшин рүү орсон байгааг тогтоосон. Төлөвлөлтөнд орсноос хойш ээж, аавыгаа алдсан хүүхэд ч байна. Одоо хоёр дүүгээ асардаг. Түр орон сууцнаасаа хэзээ гарах нь мэдэгдэхгүй байнга айдастай амьдарч байгаа охины жишээ ч бий.Түгшүүрийн түвшний үзүүлэлтийг 0-4 гэсэн тоогоор илэрхийлж гаргаж ирдэг. Сэтгэлзүйн түгшүүр багатай хүүхдүүдийнх 0 руу ойр байдаг бол түгшүүрийн түвшин өндөр нь 3-4 рүү дөхсөн тоон үзүүлэлт гардаг. Судалгаагаар хэвийн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн түгшүүрийн түвшин 1.87 байгаа бол дахин төлөвлөлтөд өртсөн хүүхдүүдийн түгшүүрийн түвшин 3.13 гэсэн үзүүлэлт заасан. Эндээс харвал эдгээр хүүхдүүд сэтгэлзүйн эрүүл мэндийн маш их дутагдалд байна. Дахин төлөвлөлтөд өртөж орон гэргүй болсон хүүхдүүдэд сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд бий болжээ. Энэ хэвээр байх юм бол насанд хүрсэн хойноо тэд зан төлвийн хувьд түрэмгий, уцаартай, өөрийгөө нийгмээс тусгаарласан, сэтгэлзүйн хямралаас үүдэлтэй элдэв өвчинд өртөмтгий хүн болж төлөвших магадлалтай. Амьдрах хүсэлгүй болсноор амиа хорлох эрсдэлд ч орж болзошгүй нь харагдаж байна.Тиймээс эдгээр хүүхдүүдэд сэтгэлзүйн болоод бие махбодийн хувьд ч тусламж шаардлагатай байна.

 

П.Буянхишиг:

Дахин төлөвлөлтийн цаана яг юу болж байгааг олон нийт мэдэхгүй байна

 

-Дахин төлөвлөлт хэдий сайхан боловч хаалттай хөшигний цаана яг юу болж байгааг нийгэм төдийлөн мэдэхгүй байна. Дахин төлөвлөлтөд өртсөн хүүхдүүд дан ганц сэтгэлзүйн хувьд хохироогүй. Сургуульд сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх нөхцөл нь алдагдаж байна.Тэр тусам сэтгэлзүйн хувьд маш хүнд нөхцөлд орсон. Бид судалгаа хийх явцдаа нөхцөл байдлыг өөрсдөө нүдээрээ үзэж, биечлэн танилцсан учраас бидний хувьд ч сэтгэлзүйн хүнд нөхцөлд байсан.Тухайлбал, 17, 19 настай хоёр хүүхэдтэй айл байсан. Тэднийх зургаан удаа нүүсэн. Ээж нь өөрөө гурван удаа ажлаа сольсон. Хоёр хүүхэд нь зургаан удаа сургуулиа сольсон. Банкинд 2-3 төрлийн зээлтэй амьдарч байна. Бас нэг айл найман настай хүүтэй. Хүүгийнх нь сургууль Тахилтад байдаг. Хүүхдийнхээ сургуулийн харьяаллыг өөрчилж чадахгүй учир тэндээ сурдаг. Ээж, аав нь хотын төвд амьдардаг. Хүү долоо хоногийн хичээлээ дуусгаад хагас, бүтэн сайнд л ээж, аав дээрээ ирдэг. Тэр хүү ээж, ааваасаа авах хайр, халамж дутуу өсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.22  БААСАН  №233  (6200)

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: