Нийтийн тээврийн реформ буюу үйлчлүүлэгчдэд олгож буй сонголтууд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 16 ・ 3

“Утаанаасаа салж чадлаа. Зоригтой бөгөөд зохион байгуулалттай ажиллаж чадвал асуудлыг шийдэж болдог юм байна. Одоо замын түгжрэлийг л шийдээд өгөөч” хэмээн нийслэлийн удирдлагад хандсан иргэдийн санал хүсэлт цахим орчинд их байна. Өдөрт 400 гаруй мянган машин 1000 гаруйхан км авто зам дээрээ зэрэг гарчихаар нам түгжрэх нь ойлгомжтой. Олон улсын жишгээр түгжрэлийг бууруулах гол арга зам нь иргэдийн хандлага, сэтгэхүйг өөрчилж, ойрхон газарт бол алхах, дугуй унах, нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэтээр автомашинаас татгалзах боломж нөхцөлөөр хангах явдал. 

Манай хотын тухайд иргэд, оршин суугчдаа гагцхүү дээрх боломж нөхцөлөөр нь бүрэн хангаагүй байж “Чи машин унаж түгжрэл үүсгэлээ” гэж шууд буруутгавал утгагүй. Тиймээс нийтийн тээврийн салбараа орчин үеийн хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн яаж цогцоор нь шинэчлэхээ хаана хаанаа бодох учиртай.

Нэг үеэ бодоход нийтийн тээврийн үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн соёл, хандлага ч сайжирч байгааг автобусны идэвхтэй үйлчлүүлэгчийн хувьд хэлнэ. Хэдэн жилийн өмнө кондукторууд “хаая, хүүе мөнгөө төл” гэж шахаж шаардаад байхад л сэм “туулайчлах” сонирхолтой хүн олон байсан бол одоо манайхан урд хаалгаар ороод картаа уншуулж мөнгөө төлөөд, хойд хаалгаар бууна гэдэг “дүрмийг” маш сайн баримталдаг. “Монголын хууль гурав хоног” гэж дэмий шахуу хэлцээр өөрсдийгөө зөвтгөж аргацааж сурсан биднийг угтаа шийдвэр гаргагчид оновчтой, тодорхой бодлогоор чиглүүлээд, зөв зохион байгуулаад өгвөл дадал хэвшил болгоод, хэрэгжүүлдгийн жишээ энэ. Гэхдээ нийслэл хотынхоо хүн амын төвлөрөл, авто замын ачааллын эрчимтэй өсөлт болон олон улсын жишигтэй харьцуулахад яст мэлхийн хурдаар л урагшилж буй. Наад зах нь нийтийн тээврийн салбарыг зөвхөн автобусаар төсөөлдөг цаг аль хэдийн хоцрогдоод байна. Тиймээс дараагийн шатны үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд цогц шинэчлэлийн бодлого хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн салбарт реформ хийх шалтгаан бол нийслэлчүүдийн хоолойд тулсан асуудал гэхэд хилсдэхгүй.

Арван тав, зургаан жилийн өмнө л “Зарим автобусаа экспресс буюу шуурхай, заримыг нь богино рейсээр явуулж болдоггүй юм байх даа” хэмээн манай үеийн оюутнуудын хүсэж байсан зүйл өнгөрсөн зун эхнээсээ ажил хэрэг болох жишээтэй. Нийслэлийн Засаг даргын 2019 оны Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай 01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай 02 тоот албан даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газраас гурван экспресс чиглэл нээсэн. Энхтайваны өргөн чөлөөгөөр буюу Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-хан буудалд зогсох шинэ төрлийн үйлчилгээ нэвтэрснээр хамгийн их ачаалалтай зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, иргэдийн зорчих хугацааг 15 минутаар багасгаад байна. Түүнчлэн Таван шар-“Бөмбөгөр”-Консерватор, “Зунжин”-Долоон буудал-“Ард” кинотеатр-“ДЦС-3” гэсэн босоо чиглэлд экспресс автобус сонголттойгоор явуулж, зайлшгүй зогсох шаардлагагүй гурав, дөрвөн буудлыг алгассанаар хөдөлгөөний ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломж нээгдсэн билээ.

Улаанбаатар хотод метро барих талаар бид олон жил ярьсан. Яг үнэндээ манайх шиг хүн ам цөөн хотод метро тохирохгүйг өнөөгийн хотын захирагч үүрэгт ажлаа авсан даруйдаа л мэдэгдсэн. “Метро байгуулахад асар их зардал мөнгө, хугацаа орно. Хамгийн гол нь үйл ажиллагааны зардлаа нөхөхөөс эхлээд манайд тохирохгүй шийдэл бол метро. Олон улсын жишгээр дор хаяж хоёр сая оршин суугчтай, эсвэл эргэн тойрондоо мөн тийм хэмжээний хүн амтай хотууд метро байгуулдаг нь ийм учиртай” хэмээсэн хотын мээрээс “Тэгээд өөр ямар шийдэл байгаа юм бэ” гэж дуун дээр асуусан сэтгүүлч ч цөөнгүй. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: