Хүзүүний арьсанд “халтай” хамгийн муу зуршлууд болоод хэрхэн арчлах вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 04 ・ 2

Нүүрний арьсаа хэчнээн арчилсан ч хүзүүний арьсанд хэр үрчлээ тогтсноор эмэгтэй хүний насыг тогтоож болдог гэх үг бий. Яг үүнтэй адилхан хүзүүний арьсаа хэр арчилдаг, анхаарал тавьдаг вэ гэдгээр чинь чамайг хэр “арчаатай” бүсгүй болохыгг тодорхойлж ч бас болно. Бидний арьс арчилгааны хамгийн чухал хэсгүүдийн нэг бол хүзүүний хэсэг. Гэвч нүүрний арьсандаа хэт анхаараад энэ хэсгээ бараг мартчихаад байдаг талтай. Бас ямар ямар муу зуршлаас болоод хүзүүний арьс амархан үрчлээ суудаг юм бол?

Өдөр тутамдаа бид ямар алдаа гаргадаг вэ?

Нарны тос хэрэглэхгүй байх – Нарны тосыг бүх улиралд хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэх байх. Харин зөвхөн нүүрэндээ биш хүзүүндээ тогтмол түрхэж байх тухай хэр сайн мэдэх вэ? Хүзүү бол хамгийн хурдан үрчлээ суудаг хэсэг. Тиймээс гадуур гарахдаа нарны тосноосоо хүзүүндээ байнга түрхэж нарны хэт ягаан туянаас хүзүүгээ хамгаалаарай.

Утсаа хацартаа наагаад мөр хоорондоо барьж утсаар ярих – Энэ нь нэг талаасаа хүзүү үрчлээтэх нөгөө талаасаа хацар хэсгийн арьс соронзон долгионы нөлөөгөөр гэмтэх, эд эс үхжих, бохирдож батгажих аюултай. Тиймээс боломжтой гараараа барьж бас хацарнаасаа зайтай барьж ярих зэрэг зөв үйлдлийг нь сонгоорой.

Үнэртэй усаа байнга хүзүүндээ цацах -Үнэртнээ хүзүүнд түрхэх нь үнэрээ удаан хадгалахад тусалдаг гэдэг. Энэ нь ч үнэн. Гэхдээ тогтмол цацах уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хүзүүний арьс амархан үрчлээ тогтох, үнэртэнд агуулагдах химийн найрлага нь арьсыг гэмтээх, эрүүл байдлыг алдагдуулах нөлөөтэй учрааас хэзээ, хэрхэн, хэр хэмжээгээр хэрэглэхээ тооцоолоорой.

Биед эвгүй эсвэл хэт том хүзүүний зүүлт зүүх - Мэдээж гоёмог зүүлт зүүх нь бүсгүй бүрийн гоо үзэсгэлэнг тодотгодог. Гэхдээ байнга зүүгээд дэмий. Мөн төмөр метал материалаар хийгдсэн байвал хүзүүний арьсанд харшил өгөх, хүнд металаар арьсан дээр дарснаар хөлстэй урвалд орсноор арьсанд хортой нөлөө үзүүлдэг. Энэ нь хүзүүний арьс амархан үрчлээ суух, өвчлөх суурь болж магадгүй учраас худалдаж авахдаа хийц материалыг нь сайн харах, нүцгэн хүзүүн дээрээ байнга зүүхгүй байх зэргээр зөв ашиглаарай. Ялангуяа зуны цагт зүүхдээ анхаараарай.

Доошоо харж унтах – Энэ байрлалаар унтах нь хүзүүний гоо сайхныг алдагдуулаад зогсохгүй булчин шөрмөс, элэг цөс зэрэг эрхтний хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Ингэснээр биеийн жин хүзүү болон цээжин хэсэг дээр төвлөрдөг учраас эд эс, булчин шөрмөсүүд шахагддаг. Тиймээс дээшээ харж унтах нь хамгийн зөв. Болж өгвөл хүзүү, нурууны ясаа нэг төвшинд байлгах дэр дэрлэ. Энэ нь чамайг хүзүүний арьсаа толигор байлгахад ч, тав тухтай унтаж амрахад тусална. Мөн нэмж хэлэхэд байнга хажуу тийшээ харж унтах нь тухайн талын зовхины үрчлээг нэмэгдүүлдэг.

 

Ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүй байх – Тогтмол дасгал хөдөлгөөн биеийн бүхий л хэсгийг эрүүл байлгахад тусалдаг. Тэр бүү хэл хүзүүний арьсыг хүртэл шүү. Дараах дасгал нь чиний хүзүүний гоо сайхныг хэвээр нь хадгалах, үрчлээнээс хамгаалах нэг алхам болно. Сууж байхдаа хүзүүгээ нар зөв 4, буруу 4 тойруулан хий. Нэг их хүч хөдөлмөр шаардахгүй ч өгөх үр дүн нь хэд дахин сайн байх болно. Аан, бас “ЭНЭ” нийтлэлийг уншаарай.

Амьдралын буруу хэвшил – Буруу хооллодог, нүүрний будгаа арилгалгүй орондоо ордог, ус сайн уудаггүй, ариун цэвэр сахьдаггүй, дасгал хөдөлгөөн огт хийдэггүй гээд буруу хэвшлүүдийг ахин дахин дурдаад яахав. Үүний оронд зөв арга замыг хэлье. Гоо сайхан байдлаа хадгалж, эрүүл амьдралыг хадгалахын тулд:

Бага суу, их хөдөл – Тэр тусмаа суугаа ажилтай хүмүүс аль болох байн байн босож сунгалт хийж байх
Өдөрт 8 аяга ус уу. Ингэснээр арьс хуурайших, үрчлээтэх зэргээс маш сайн хамгаална.
Зөв суу – Суухдаа бүү бөгтий. Ингэх нь амьсгалын замыг хаах, давхар эрүү үүсэх, хүзүү амархан үрчлээтэхэд нөлөөлнө. Тиймээс нуруу цэх суу. Нэг л мэдэхэд бөгтийчихсөн байдаг ч хичээгээд байвал өөрийн мэдэлгүй л цэх сайхан суудаг болчихсон байна.

Тэгвэл хүзүүнд үрчлээ үүсэхээс сэргийлэхийн тулд яах вэ?

Нүүрээ угаахдаа хүзүүгээ ч бас угаа – Хүзүүний арьс ч бас өдрийн турш арьсанд наалдсан бохирдлыг цэвэрлэхийг биднээс хүсдэг. Тиймээс нүүрээ угаахдаа давхар хүзүүгээ угааж хэвшснээр бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хүзүүгээ хамгааллаа л гэсэн үг. Мөн хүйтэн усаар шавшвал арьс чангарна.

Хэрвээ тамхи татдаг бол яг одоо боль - Арьсанд үрчлээ суухад гол нөлөөтөй зүйлсийн нэг бол тамхи. Учир нь тамхинд агуулагдах хорт бодис нь арьсан дахь коллагений идэвхижлийг алдагдуулж, эд эсийг үхүүлэн арьсыг өнгө үзэмжгүй болгодог. Энэ тохиолдолд үрчлээ маш хурдан сууна.

Улаан лооль нимгэн хэрчээд хүзүүн дээрээ тавь – Эд эсийг сэргээж, нүхжилтээс ч үрчлээ тогтохоос ч хамгаална.

Тогтмол чийгшүүл – Нүүр орчмын арьсаа маш сайн чийгшүүүлдгийг чинь сайн мэдэж байна. Тэгвэл ахиад жаахныг нэмж аваад хүзүүндээ “илүүчил”. Арьсыг чинь ямар сайхан чийгшлээр дэмждэг билээ, хүзүүний арьсыг ч яг тэгж л “халамжилна”.

Үрчлээний эсрэг шөнийн тос тогтмол хэрэглэж хэвш – Шөнө хүний арьс нөхөн төлжиж байдаг учраас энэ цагаар хүзүүгээ арчлах боломжийг бүү алд. Сайн чанарын, арьсны онцлогт тохирсон үрчлээний эсрэг тос авч унтахаасаа өмнө түрхэж заншаарай.

 

Гоолингоо.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: