Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 17 ・ 2

Би бол жирийн нэгэн гэрийн эзэгтэй, бяцхан охины ээж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор хичээж яваа нэгэн. Ажлаасаа оройтоод ирэх үе бүрдээ, амралтын өдрөөр гэртээ биш ажлынхаа ширээний ард суух болгондоо охиндоо хангалттай цаг зарцуулж, түүнийгээ хангалттай их хайрлаж чадахгүй байгаа мэт санагдан битүүхэндээ гэмшдэг учраас ядахнаа орой бүрийн ганцхан цагийг зөвхөн түүндээ зориулахыг хичээдэг юм.

Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

Охиндоо зориулах оройн нэг цагтаа ихэвчлэн ном уншиж өгнө, номынхоо талаар ярилцаж өнгөрөөдөг. Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх нь тэднийг өөртөө итгэлтэй, амьдралдаа гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө үүрж чаддаг, өөрөөсөө чадал дорой нэгнийг ч энэрэн хайрлах сэтгэлтэй, хүн бүрийн дотор орших “би”-г хүндлэн үздэг нэгэн болж төлөвшихөд бага ч гэсэн хувь нэмэр оруулдаг хэмээн би боддог тул энэ цагийг тун ч чухалчлан авч үзэж, үргэлж л шинэ номын эрэлд гардаг билээ. Тийм ч болохоор өдөр бүхэн урьд өмнө үзэж харж дуулаагүй цоо шинэхэн зүйлстэй танилцаж, орчлон дэлхийг өөрийнхөө нүдээр нээж яваа охины маань хамгийн хайртай таван номыг энэ нийтлэлээрээ бусдад дэлгэрэнгүй танилцуулахыг хүслээ. Бяцхан үрээ номонд хайртай нэгэн болгохыг хүсэж байгаа хэдий ч номын дэлгүүрийн лангуун дээрх өнгө будаг нь алагласан олон зуун номон дундаас хараахан сонголт хийж чадаагүй байгаа эцэг эхчүүдэд энэхүү нийтлэл маань бага ч болов тус болно хэмээн найдаж байна.

1. Хайлтын ном (Өвөл, Хавар, Зун, Намар)
Германы хүүхдийн номын зохиолч Susanne Berner-ийн хамгийн алдартай бүтээл бол “Их хот” хэмээх цуврал зурган ном юм. Ямар ч текст агуулаагүйгээрээ тун онцлогтой энэхүү дөрвөн цуврал номонд их хотын өдөр тутмын амьдралыг харуулах бөгөөд хуудас бүхэнд хотын иргэдийн жирийн нэгэн өдрийн амьдралын түүх өрнөдөг. Зарим үйл явдал нь зөвхөн тухайн улиралдаа өрнөөд дуусах бол зарим нь бүтэн дөрвөн улиралыг дамнан үргэлжлэх нь ч бий (өвөл номон дээр дөнгөж шавыг нь тавьж байсан байшин намар цуврал дээр ашиглалтанд орох жишээтэй)
Анх энэ номыг охиндоо худалдан аваад нээж үзэхэд яг л “Монголын нэг өдөр” хэмээх алдартай зурагны хүүхдэд зориулсан хувилбарыг үзэж буй мэт санагдсан шүү. Номын баатруудад тохиолдох төрөл бүрийн адал явдлууд нь анхаарал, ой тогтоолт, аливаа зүйлийг тогтвортойгоор ажиглан харж үйл явдлуудын хоорондын уялдаа холбоог анзаарах гээд олон хэрэгтэй чадваруудыг хүүхдэд олгож чаддагаараа маш олон аав ээжүүдийн талархлыг хүртэж чадсан ном юм билээ. Ганцхан хуудсан дээр л олон үйл явдал зэрэг өрнөдөг тул энэ номыг ахин дахин унших явцад бяцхануудын үгсийн сан хурдтайгаар нэмэгдэн, харилцан ярилцах чадвар нь мөн адил сайжирдаг юм шиг надад ажиглагдсан шүү.
Миний хувьд гэвэл “Их хот” хайлтын номын Монгол хувилбарт нь илүү дуртай. Монгол хувилбар нь бидний ахуй, соёлтой илүү ойрхон байдаг бөгөөд охинд маань аль хэдийнээ танил болсон гудамж, талбай, дэлгүүр, хоршоог дүрслэн харуулж, зарим хэсэгт нь бүүр бидний таньдаг хүн маань хүртэл гараад ирдэг тул охин бид хоёрт илүү дотно байдаг юм. Улирал бүрийн онцлог, тэрхүү улиралд тохиодог томоохон үйл явдал, баяр наадам гээд олон адал явдал номон дээр өрнөдөг тул тэр бүхний талаар охинтойгоо хамт ургуулан бодож, хуудас бүр дээрх хүмүүсийн хийж байгаа зүйлсийг үрдээ уйгагүй тайлбарлан ойлгуулахыг хичээх боломжийг олгодог учраас энэ ном охин бид хоёрын үлгэрийн цагийг үнэхээр бүтээлч, үр дүнтэй байхад тусалж чаддаг билээ.

2. Диснейн цувралууд
Нэгдүгээр ангийн жаахан охин байхдаа би хамгийн анх телевизийн сувгаар ”Немогийн эрэлд” хүүхэлдэйн киног үзэж байснаа сайн санадаг юм. Аавгүй өссөн болоод ч тэрүү, хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явах гайхалтай аавын түүх тэр үед надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэн, тэр үеэс л Диснейн хүүхэлдэйн кинонууд миний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбогдсон доо. “Тоглоомын түүх”, “Немогийн эрэлд”, “Мангасуудын ертөнц” гээд Дисней, Пиксарын хүүхэлдэйн киноны философи, хүүхдэд өгөх гэсэн санаа нь надад хэзээ ч хуучрашгүй мэт санагддаг тул эдгээр цувралуудыг охинтойгоо хамтдаа уншихаар авж байсан билээ. Тоглоомоо нандигнан хайрлах Эдди хүү, Buzz Lighter Woodie хоёрын нөхөрлөл, алга болсон Немо хүүгийнхээ төлөө адал явдлаар дүүрэн аялалд сэтгэл шулуудан гарах алиалагч загасны түүх ямар ч насны хүүхдийг огтхон ч уйдахааргүйн зэрэгцээ, маш эерэг хандлагыг, зөв үлгэр дуурайлыг хүүхдэд өгдөг мэт санагддаг учраас охин бид хоёр хоёулаа Диснейн эдгээр цуврал номондоо тун их хайртай байдаг.
Мэдээж хүүхдэд зориулсан хувилбар тул тод өнгийн зураг, багахан хэмжээний тексттэй. Гурван ой хүрж яваа охины маань насны хүүхдүүд өдөрт дор хаяж 30 минут хүүхэлдэйн кино телевизээр үзэх нь жирийн үзэгдэл болсон хэдий ч дэлгэцээр гарах хүүхэлдэйн киног ном хэлбэрээр нь уншвал арай илүү бүтээлч мэт надад санагддаг юм. Эхлээд номуудаа уншиж дуусгаад хүүхэлдэйн киног нь амралтын өдрөөр гэр бүлийнхээ хамтаар үзэх ч бас сайхан шүү.

3. “Гэдэс нь өлссөн авгалдай”
Бараг хоёр жилийн өмнө 3 хүүхдийн ээж Сингапур найзаасаа охиндоо ямар үлгэр уншиж өгөх вэ?, чиний хүүхдүүдэд хамгийн ихээр таалагдсан үлгэрийн ном зөвлөөч гэхэд найз маань “Hungry Catterpillar” буюу “Гэдэс нь өлссөн авгалдай” номыг хүүхдүүд нь бүгдээрээ 5 нас хүртлээ орой болгон ээжээрээ уншуулдаг байсан гэх түүхийг хуучлан ярьж охиндоо энэ номыг заавал авж өгөөрэй гэж надад зөвлөсөн юм. Тэр үед охин маань дөнгөж ой гарантай байсан хэдий ч энэ номын дүрслэл, өнгө будаг нь хурц тод хүүхдийн анхаарлыг маш сайн өөртэй татдаг учир тэр үеэс л эхлээд энэ ном охины маань хамгийн хайртай ном болсон доо. Өөр зөндөө олон номтой ч гэсэн ном унших уу? гэж асуух тоолонд үр маань энэ номоо л бариад хүрээд ирдэг. Гэдэс нь өлссөн авгалдай өдөр бүр нэг жимсийг нүхлэн идэж буйгаар үйл явдал эхлэх болно. Яагаад заавал гэдэс нь өлссөн авгалдайн талаар бичсэн нь ч надад сонирхолтой санагдаж байсан. Авгалдайн адилаар хүүхдийн хамгийн тэсвэрлэж чадахааргүй хэцүү мэдрэмжүүдийн нэг бол гэдэс өлсөх шүү дээ. Тэдний хамгийн сайн мэддэг зүйлийн талаар өгүүлж байгаа тул хүүхдүүд тун ч анхааралтайгаар авгалдайн түүхээр аялах болно шүү.
Өдөр бүр өөр өөр жимсийг нүхлэн идсээр хагас сайн өдөр болох үед хүүхдүүдийн хамгийн дуртай амттаныг нэг дор нь авгалдай маань идээд дуусгачихдаг. Харин дараа өдөр нь бяцхан авгалдайн гэдэс өвдөн, ногоон навчийг нүхлэн идэж сая нэг бие нь зүгээр болдог. Энэ хэсэг бол хүүхдүүдэд дуртай юмаа идэх нь тун сайхан хэрэг хэдий ч өөрийнхөө биед ашигтай тустай ногоо жимс хэрэглэх нь түүнээс ч чухал зүйл гэдгийг ойлгуулаад өгчхөж байгаа хэрэг. Мэдээж ганцхан орой хамтдаа уншаад хүүхэд чинь төдийлөн сайн ойлгохгүй байж болох ч өдөр бүр хамтдаа уншин, учир шалтгааныг нь тайлбарлах үед хүүхэд чинь өөрийнхөө сонголтоор жаахан ч гэсэн амттай зүйлээс татгалзаж эхлэнэ гэдэгт итгээрэй. Хүүхдийн ертөнцөд биднийх шиг олон төвөгтэй, нарийн асуудлууд огтхон ч байдаггүй. Тэдний хувьд амттай хоол, хөгжилтэй тоглоом, аав ээж гэр бүл гээд цөөхөн хэдэн зүйл л тэдний амьдралын гол утга учир нь. Тийм ч учраас амттай зүйл идэх нь буруу зүйл огтоосоо биш харин гарах үр дагаврыг нь сайн тооцоолон тохирох хэмжээгээр нь хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүүхдийн далд ухамсарт ойлгуулан өгч чаддаг нь энэ номонд хайртай байдгийн нэг шалтгаан юм.
Сарны гэрэлд навчин дээр тогтож ядан байсан нэгэн бяцхан өндөг гэнэтхэн л нүд алдам үзэсгэлэнтэй эрвээхий болон хувирах тэрхүү мөчид хүүхэд үнэхээр ихээр баярлан хөөрнө шүү. Охин маань энэ номыг бараг 100 дах удаагаа уншиж байгаа ч өнгө алагласан далавчтай эрвээхийг харах тоолондоо баярлан алгаа ташдаг юм. Энэ амьдрал тэр чигтээ санаандгүй олон зүйлсээр дүүрэн, тэр дундаа гайхалтай зүйлс амьдралын хором мөч бүхэнд тохиолддог гэдгийг бяцхан авгалдайн түүх хүүхдийн чинь жижигхээн зүрхэнд мэдрүүлэх болно.

4. “Миний анхны ном”
Ой хүрээгүй байхаасаа эхлүүлээд одоог хүртэл охин маань эдгээр “анхны” тодотголтой номуудаа унших тун дуртай. Бие жижиг хэдий ч бэлчээр томтой эдгээр цуврал номууд хүүхдэд эсрэг тэсрэгийн тухай, дуу чимээний тухай, оройн зайн тухай хамгийн анхны ойлголтыг тун энгийн байдлаар ойлгуулж өгдөг. Бидний хувьд энгийн зүйл мэт санагддаг зүйлсийг хүүхдүүддээ хэрхэн тайлбарлаж ойлгуулахаа мэдэхгүй байвал, тэдний яагаад, яагаад гэдэг олон сониуч асуулт бүхэнд нь хэрхэн хариулахаа мэдэхгүй бол эдгээр цуврал номыг уншиж өгөөрэй хэмээн зөвлөж байна. “Манжингийн үлгэр”, “Өнхрүүшийн үлгэр” гээд бидний бага байхдаа сонсож өссөн үлгэрүүд энэ цувралд маш хөөрхөн зурагтайгаар, маш энгийн тайлбартайгаар орсон байдаг. Охин маань одоо энэ цувралын үлгэрүүдийг цээжлээд үеэл дүү нартаа ярьж өгөх хэмжээнд хүрсэн шүү.

5. “Бумбардай”
Хэдийгээр охин маань Улаанбаатар хотоосоо холдож үзээгүй хэдий ч ирээдүйд Монгол хүний үр сад, монгол уламжлалыг тээн хадгалах учиртай нэгэн. Тийм ч болохоор өөрсдийнхөө чадах хэмжээнд түүнийгээ монгол ахуйтай ойрхон байлгахыг нөхөр бид хоёр хичээдэг юм. Харин монгол зохиолчийн бүтээсэн энэхүү зурагт цуврал бид хоёрын энэхүү хүсэлд маш их хувь нэмэр оруулдаг гэдгийг хэлэхдээ таатай байна шүү. Хөдөөгийн бяцхан хүү Бумбардай, түүнд тохиох адал явдлаар дамжуулан номын зохиогч маань бяцхан багачуудад уламжлалт ахуй, ёс заншил, соёлыг тун ч энгийнээр ойлгуулж чаддаг учраас би энэхүү цуврал бүтээлд үнэхээр их дуртай байдаг. Эхний цувралд араг савар, хоёр дахь цувралд борц, гурав дахь цувралд нүүдэл суудлын тухай онцлон өгүүлэх болно. Хөдөө нутагт очиж тэр бүхнийг харуулж, үзүүлэх боломж хомс бөгөөд Монгол ахуйгаас хүүхдээ тэс хөндлөн өсгөхгүй байхыг хичээж байгаа аав, ээж нарт энэ ном гарцаагүй таалагдах байх. Бумбардай хүүгийн үнэнч нөхөр Банхар нохой, саахалт айлын охин Сараана, монгол дээлээр гангаран биелгээ хийдэг Бозоохой зурам гээд өхөөрдөм хөөрхөн дүрүүдэд нь ч гэсэн охин маань хайртай. Н.Эрдэнэбаяр хэмээх энэхүү цувралын зохиолч “Бумбардай”-г цаашдаа 108 цуврал гаргахаар төлөвлөсөн гэдгийг сонсоод эцэг эхчүүд бид хүүхдүүддээ заавал ч үгүй энэ гайхалтай цувралыг уншуулан монгол зохиолчийнхоо нөр их хөдөлмөрийг бага ч атугай дэмжих хэрэгтэй мэт санагдсан шүү.
www.goolingoo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: