Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 09
・ 1

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч Г.Ганхуягтай бөөрний өвчлөлийн талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Үүний зонхилох гол шалтгаан нь юу вэ?
-2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын нэг нь бөөрний эмгэгээр шаналж байна гэж үздэг. Жил бүрийн гуравдугаар сарын 12-нд бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдрийг Монголд тэмдэглээд 10 гаруй жил болж байна. ДЭМБ аливаа өвчинг халдварт болон халдварт бус гэж хоёр хуваадаг. Халдварт бус өвчний тоогоор эхний таван байранд зүрх судас, элэг, амьсгалын замын эмгэг ордгийн нэг нь бөөрний өвчлөл байдаг. Үүнийг нас баралтын эзлэх хувь, өвчлөлийн цар хүрээгээр тогтоодог. Сүүлийн үед Монгол Улсад энэ өвчлөл өндөр байгаа боловч бөөр судлалын шинжлэх ухаан хөгжиж байна гэж үзнэ. Учир нь бөөр орлуулах аппарат улсын хэмжээнд 200 гаруй, Улаанбаатар хотод гэхэд 14 эмнэлэг байх жишээний. Дүүрэг бүр нэг аппараттай болсон. Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгадаг боллоо. Одоогийн байдлаар 300 гаруй хүнд суулгасан байна. Мөн одоогоор бөөрний түүдгэнцрийн үрэвслийг эцсийн вариантаар оношилдог эдийн шинжилгээг авдаг нэгхэн газар байгаа бөгөөд энэ нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Тус эмнэлгийнхэн биобси аваад хоёр дахь жилдээ болж байна.
-Бөөрний өвчлөл нь дотроо маш олон хам шинжтэй байдаг. Үүнээс түүдгэнцрийн үрэвслээр өвдөж, хүндрэх тохиолдол голлож байна уу?
-15-20 жилийн өмнө бөөрний түүдгэнцрийн үрэвсэл тэргүүлэх байрыг эзэлж байсан бол одоо сахар, даралт ихсэх өвчин тэргүүлж буй Түүдгэнцрийн үрэвсэл нь хүний дархлаа, хоолойн болон шүдний өвчлөлөөс үүдэлтэй. Хүүхдийн сүүн шүднээс авхуулаад хорхой идсэн шүдийг эмчлэхгүй удвал зүрх, бөөр муутай болгодог. Мөн хоолой идээлснээр бактерийн гаралтай нян үүсч, түүдгэнцрийн үрэвсэл үүсгэх гол нөхцөл шалтгаан болдог. Улмаар дархлаа султай байвал энэ өвчлөлд хүрч байна. Дархлаа нь хоол, нойрноос 100 хувь шалтгаална. Стрессээс үүдэн дархлаа унаж байна, мөн кето, уургийн дэглэмүүд үүнд нөлөөлж буй. Энэ дэглэмийг бөөр, элэг муутай хүн барьж болохгүй. Эрүүл хүн барихдаа ч бөөр, элэгний үйл ажиллагаагаа үзэж байж шийдэх ёстой. Зарим хүн бөөр өвддөг гээд дасгал хөдөлгөөнөө тас хорьчихдог эсвэл хэтрүүлчихдэг. Хэтрүүлэхээр судас нарийсдаг.
-Энэ үрэвслийг 100 хувь эдгээх арга чарга бий юү?
-Энэ бол залуучуудын өвчин. Яагаад гэвэл өнөө л идэж, ууж байгаа хоол хүнс, дархлаатай холбоотой. Бас цаг агаарын нөхцөл байдал нөлөөлнө. Хувцсаа тохируулж өмсч чадахгүйн дээр, дороосоо даарч хөөрч байна. Ажлын ачаалал их байгаагаас амралтаа зохицуулж чадахгүй байна. Хөдөлгөөний дутагдалд орчхоод байна. Түүдгэнцрийн үрэвслийн эдийн шинжилгээний эцсийн оношийг тогтоосны дараа аливаа эмчилгээний аргууд бий. Дээр үед цус, уургаар шээдэг энэ өвчнийг эдгэдэггүй гэж ярьдаг байсан. Харин одоо эдгэдэг гэдгийг сүүлийн үеийн ном зохиолд бичсэн. Гэхдээ бөөрний архаг дутагдалд ордог шалтгааны гуравдугаар байранд түүдгэнцрийн үрэвсэл ордог. Тэгэхээр яавал шээсээр уураг, цус алдахгүй, хавагнахгүй, уургийн дутагдалд орохгүй байх вэ гэдэг ерөөс амьдралын хэв маягаас л шалтгаална. Өвчнийг нөхцөлдүүлээд байгаа шалтаг шалтгааныг арилгаж чадах ёстой. Хүн 20.00 цагаас хойш шингэн юм уух шаардлагагүй. Ингээд бат бөх унтаж амрах нь зүйтэй. Нэг зүйлийг 1.30 цагаас илүү хугацаанд харж, үзэж болохгүй. Нүдний судас нэг удаа агшихад бөөрний судас 10 дахин агшдаг. Судас агшаад, нарийсаад байвал бөөрний цусан хангамж буурна. Тэгэхээр бөөр бол судас, судас агшаад байвал маш муу гэсэн үг. Жишээлбэл, нэг цаг хөдөлгөөнгүй суухад нуруу чилж өвддөг. Цус байнга эргэлдэж, хөдөлж байх ёстой. Хөдөлгөөн дутагдаж, цус сэлбэгдэхгүй болохоор л бөөр муудаад эхэлнэ. Түүдгэнцрийн үрэвслийг намжмал байдалтай байлгах шалтаг, шалтгаан энэ бүхнээс хамаарна.
-Түүдгэнцрийн үрэвслийг намжмал байдалтай яаж удаан барих вэ, гэхдээ эцэстээ дутагдалд орж бөөр шилжүүлэн суулгахаас өөр арга байхгүй гэдэг шүү дээ?
-Түүдгэнцрийн үрэвсэл ямар гаралтай байгааг эдийн шинжилгээгээр тогтоодог гэж хэлсэн шүү дээ. Энэ үрэвсэл нь дотроо 3-4 бүтэцтэй. Эдийн шинжилгээний дараа үүнийг ийм аргаар эмчилбэл үр дүнтэй гэдэг нь номон дээр бичигдсэн байдаг. Хамгийн түрүүнд гормон эмчилгээ хийнэ, дараа нь олон янзын химийн гаралтай эмийг өгдөг. Сүүлийн үед циклоспорин, наярит гэм мэт эмийг түлхүү хэрэглэж байна. Эдгээр нь гормон эмчилгээний үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд хэрэглэгддэг. Гэхдээ үүнийг хийхийн тулд заавал эдийн шинжилгээ хийж, онош батлах ёстой. Эмчилгээний үр дүнд шээсээр цус, уураг алдах, хавагнахаа больдог. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр, шинжлэх ухааны үндэслэлтэй практик дээр түүдгэнцрийн үрэвсэл эдгэрдэг гэдгийг судлаад эм тан гаргаад ирсэн байна. Энэ өвчин 15-20 жилийн дараа бөөрний архаг дутагдалд хүргэдэг нь үнэн. Гэхдээ үүнд хүрэхгүйн тулд яах ёстой вэ, ямар дэглэм барих вэ гэдгийг сайтар санах ёстой.
-Түүдгэнцрийн үрэвсэлтэй хүнийг жил бүр элсэн сувилалд явахыг санал болгодог. Элсэн сувилал шинжлэх ухаан талаасаа ямар ач холбогдолтой вэ?
-Намжмал үедээ элсний сувилал эмчилгээнд явбал маш сайн үр дүнтэй. Хэдий чинээ намжмал үеийг уртасгана төдий чинээ дутагдалд орохоос урьдчилан сэргийлнэ. Харин элсэн сувилалд явснаар энэ үеийг уртасгадаг практик байна. Элсэн сувилалд 20 гаруй жил явсан хүмүүс байдаг. Тэд шээсээр уураг, цус алддаггүй. Нэг муу зуршил харагдаж байгаа нь чи өвчтэй хүн гээд хүнийг сэтгэл санаагаар унагааж, бүх зүйлийг нь хорьчихдог. Энэ нь хүнийг хагас амьтан болгодог. Хорионд орсон хүний тархи кодлогдчихдог учраас хүнд юм өргөх, буруу хоол идсэний дараа өвчин сэдэрчихлээ гэж боддог. Тэгэхээр зөв амьдрах амьдралын хэв маяг хамгаас чухал. Хориотой зүйлсийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Үе үе л идмээр, уумаар санагдаад байгаа зүйлээ хийхэд л болно гэх гэсэн санаа.
-Элсэн сувилалд явахаар улам сэдэрдэг, зарим нь болохоор жилээ даадаг гэх юм?
-Би Говь-Алтай аймагт байрладаг Бигэрийн элсэн сувиллын талаар 2001 онд магистр хамгаалсан. Архаг түүдгэнцрийн үрэвслийн элсэн сувилал эмчилгээний үр дүнг судалсан. 1971 онд анх Бигэр элсэн сувиллыг байгуулсан гэж үздэг. Монгол Улсын ШУА-аас Баянхонгорын Эгийн голын элс, Дундговийн Өөш манхан, Дорноговийн Улаан уулны элс гэхчилэн 5-6 газрын элсний найрлага бүтцийг судлаад Бигэрийн элсийг хамгийн сайн нь гэж тодруулсан байдаг. Юугаараа давуу вэ гэхээр, байгаль экологийн онцлогтой газар. Тодруулбал, баруун талдаа Бурхан буудай уултай, зүүн талдаа Хөх сэрхийн нуруутай, салхин дээрээ давстай нууртай Алтан тэвш гэдэг хонхор газар байдаг. Хоёр талын уулан дээгүүр үүл бүрхээд бороо ороод байдаг. Тэнд огт бороо ордоггүй байсан. Сүүлийн үед л байгаль экологийн өөрчлөлтөөр ороод байгаа болохоос биш. Элсэнд орох хамгийн тохиромжтой үе нь зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15 байдаг. Тэр үедээ хөрсний температур 46 градус хүрч халдаг учраас хамгийн таатай нь гэгддэг.

-Элсэнд орох зааварчилгаа гэж байдаг уу?
-Агаарын температур 20-оос, хөрсөн дээрх нь 55-аас, гүнийх 43 хэмээс дээш үед элсэнд ордог. Хөндлөн хэлбэртэй банн татсаны дараа элсээ ээж байгаад биеэ хучуулна. Ингэхдээ амьсгал давчдуулахгүй байхаар нимгэн зузааныг тохируулна. Битүү халуун элсээр хучихаар зүрх дэлсдэг. Цээж, хэвлийг хэр нимгэн, зузаан хучих вэ гэдэг тухайн хүнээс хамаарна. Элсэнд өдөрт 1-2 удаа 7-9 минут орно. Үүнээс илүү орж болохгүй. Гэхдээ анх очихдоо эхний гурав хоногт нэг удаа л орох нь зүйтэй.
-Бөөр судаслаг эрхтэн аж. Судасны цусан хангамжийг сайжруулах ёстой байдаг уу?
-Бөөр хоногт 3500 литр цус урсгадгаас нэг хувь буюу 3.5 литр нь анхдагч шээс болж гардаг. Ингээд ахиж бөөрөөр шүүгээд 80 хувийг нь гаргана гэсэн үг. Өдөрт хүн 6-8 удаа шээх ёстой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.