Бизнес эрхлэгчдийг тэвчихийн аргагүй болтол элгээр нь хэвтүүллээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 09 ・ 3

  • Зарим салбарын бизнес эрхлэгчид олсон ашгаараа 3-4 сар тэвчсэний эцэст амаараа шороо үмхэж эхэллээ
  • Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, мөн гадаадад гацсан иргэдээ хүний нутагт ясаа тавихаас нь өмнө хилээ нээхийг төр засгаасаа иргэд хүсэж байна

Манай сонин коронавирусийн халдвар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогод хэрхэн нөлөөлж байгаа талаарх цуврал сурвалжилга хүргэсээр байгаа билээ. Энэ удаагийн дугаарт алжаал тайлах үйл ажиллагаа явуулдаг спа салонуудыг онцолж байна. Тус салбарынхны орлого 30-60 хувь буурчээ. Орлого буурах гол шалтгаан нь иргэдийн санхүүтэй шууд хамааралтай ч коронавирусийн халдвараас болж олон нийтийн газар явахаас зайлсхийх болсон нь голлон нөлөөлсөн аж. Тухайлбал, Oyu spa салоны орлого 50 хувь буурчээ. Тус салбарынхан орлогоороо цалинждаг учраас ажилчид нь энгийн үетэй харьцуулахад хоёр дахин бага цалин авч байна. Уг нь орлого олох оргил үе нь 6-8 дугаар сар байдаг гэнэ. Тус салоны зохион байгуулагч Б.Болормаа “Орлого буурсантай холбоотойгоор түрээсээ төлөх боломжгүй байгаа тул өр хуримтлагдсаар байна. Сард 10 сая төгрөг олдог байсан бол одоо тал хүрэхгүй хувийг нь олох болсон. Алжаал тайлах массаж хийлгэх үйлчлүүлэгч байхгүй байгаа учраас зөвхөн гоо сайхнаар дагнан үйл ажиллагаа явуулж байна. Орлого олох оргил үедээ үйлчлүүлэгчгүй байна гэдэг үнэхээр харамсалтай” гэсэн юм. Мөн дөрвөн жил үйл ажиллагаа явуулж буй Japenese beauty салоны орлого 50-60 хувь буурчээ. “Хүмүүс санхүүгийн чадалтай байгаа ч эрүүл мэндээ бодоод гэрээсээ гарахгүй байна. Үүнээс үүдээд бидний орлого 50-60 хувь буурсан. Баярын өдрүүдэд үйлчлүүлэгч их байдаг. Гэтэл хөл хорионоос болоод цагаан сар, хонхны баяр, наадмыг зохион байгуулахгүй шийдвэр орлогод шууд нөлөөлж байна. Түрээсээ 50 хувь хөнгөлүүлсэн учир ажилчдынхаа цалинг асуудалгүй өгч, түрээсээ ч боломжоороо төлж байгаа” хэмээн тус салоны менежер Б.Урантуул ярилаа. Түүнчлэн Butter салоны орлого 30-40 хувь буурсан аж. Тус салоны ажилтан Г.Одонжаргал “Долоо хоног бүрийн пүрэв гарагаас бүтэн сайн өдөр хүртэл үйлчлүүлэгч ихтэй байдаг байлаа. Гэтэл одоо зөвхөн амралтын өдөр үйлчлүүлэгч арай олширч байна. Бид орлогоороо цалинждаг. Үйлчлүүлэгч их, бага байхаас шалтгаалаад бидний цалин хэлбэлздэг” хэмээв.

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахал салбар бүрийн орлогыг 30-100 хувь бууруулж байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг ихэнх байгууллага тэсэж үлдэх эсэхдээ эргэлзэж буйгаа салбар бүрийн төлөөллүүд учирласан юм. Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй хэрнээ хилээ хааж, сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоосноос гадна олон нийт цугларах эрсдэлтэй хэмээн үзвэр үйлчилгээ, баар ресторан, сургалтын төвүүдийн үйл ажиллагаанд хориг тавьж, уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлна гэгчээр муйхарласан манай улс иргэдээ хохироосоор байна. Коронавирусийн халдвар гаднаас орж ирсэн нэгдүгээр сарын сүүлээс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, ямар ч орлогогүй болсон үзвэр үйлчилгээ эрхлэгчид өчигдөр тэвчээр алдан жагсаал зохион байгууллаа. Дэлхий даяар COVID-19 цар тахал гэрлийн хурдаар тархах болсон тул гэр бүлийнхээ болон бусдын эрүүл мэндийг бодоод бизнес эрхлэгчид шүд зууж өдий хүрсэн аж. Гэтэл вакцин гартал хилээ нээхгүй хэмээн сүржигнэж, хөл хориог таван сарын турш сунгав. Тэнхээтэй үлдсэн хэдхэн жижиг, дунд бизнес эрхлэгчид нь олсон ашгаараа 3-4 сар тэвчсэний эцэст амаараа шороо үмхэж эхэллээ. Ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээс эмээсэн бизнес эрхлэгчид төр засгаасаа аврал эрсээр байна. Тиймээс бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, мөн гадаадад гацсан иргэдээ хүний нутагт ясаа тавихаас нь өмнө хилээ нээхийг төр засгаасаа иргэд хүсэж байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 09/

    Гол нь эруул байцгаая

    Хариулах
  • zochin / 2020 06 сар 09/

    ard tumen mini ene uvchun buten 1jil urgejelne 2021 ... setgelguin beltgeltei baih heregtei mungu tugrug u gamnaj ediin zalsiin hemnelt hhsen ond garna shu odoo herne em garj ireegui bna ih olon hunii amidral hundrene shu olon ail ajil gui hoolgui uls ih bno shu

    Хариулах
  • ккк / 2020 06 сар 09/

    Угаасаа сонгууль дуусахаар л тавигдана. Магадгүй 2020-07-01-нь хорио тавигдах байх гэж тааж байна. Тавигдахгүй бол үр дүн нь үнэхээр таашгүй. Аймшигтай.

    Хариулах