Тууштай бэлдэж чадвал ЭЕШ-д 800 оноо авах хэцүү биш

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 12 ・ 2

  • Шалгалтын өмнө догдлох, хэт их санаа зовж болохгүй. Үүнээс болоод маш олон хүүхэд цагтаа амжихгүй байхаас эхлээд олон алдаа гаргадаг
  • Сүүлийн хэдэн сар өдөр шөнөгүй бэлдэх биш өдөр бүр тогтмол цагт, өглөө эрт бэлдэх нь үр дүнтэй шүү гэж зөвлөмөөр байна

Зуны эхэн сар гарч, оюутан сурагчдын шалгалт шүүлэг дөхөж, амьдралын чухал сонголтоо хийх ахлах ангийнхан айдас, сандралтай уралдан бэлтгэлээ базаасаар байна. Төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт бол амьдралын хамгийн чухал даваа, үнэ цэнтэй сонголтоо хийх цаг мөч юм. Их, дээд сургуульд элсэхээр бэлтгэж буй сурагч бүрийн хувьд өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэх нь хамгийн чухал. Гэвч хэн бүхэн 800 оноо авч, хүссэн сургуульдаа орж чаддаггүй. Цар тахлын үед онлайн хичээл үзэж, шалгалтандаа бэлдсэн ахлах ангийн сурагчдадаа зориулж ЭЕШ­-д 800 оноо авсан сурагчдын туршлагаас хуваалцаж байна.

Өнгөрсөн онд 111 төгсөгч 800 оноо авчээ

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 18,130 төгсөгч шалгалт өгснөөс, хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан 111 шалгуулагч байв. Тодруулбал, Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас найм, Говь­Алтай аймгаас тав Өвөрхангай аймгаас тав Хэнтийгээс дөрөв, Ховд, Увсаас гурав, Архангай, Хөвсгөл, Дорнод, Дундговь, Баян­Өлгий аймгаас хоёр, Булган, Дархан­Уул, Дорноговь, Өмнөговь, Завхан аймгуудаас тус бүр нэг шалгуулагч 800 оноо авчээ.

Б.Ганцоож: Шалгалтад бэлдэх хоёр цагаа үр дүнтэй зарцуулдаг байсан

• 800 оноо авсан хичээл: Газар зүй

• ЭЕШ өгсөн он: 2019

• Төгссөн сургууль: Увс аймгийн Улаангом хотын 1-­р бүрэн дунд сургууль

• Элссэн сургууль: МУИС

Би геологийн чиглэлээр ажиллахыг хүсдэг учраас газар зүйн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн. Өдөр 14­-16­-гийн хооронд хоёр цагийг бэлтгэлдээ зориулдаг байсан. Хичээлээ хийж буй тухайн цаг бага ч гэсэн чанартай байх нь чухал. Өдөр шөнөгүй бэлтгэх биш цагийн зөв зохион байгуулалт хийх хэрэгтэй. Маш сайн бэлдсэн хүүхдүүд амархан сорил ирлээ гэж баярлах, сэтгэл хөдлөлд автах зэргээс болоод шаблон буруу бөглөх, бага оноотой жижиг даалгаваруудад оноо алдах нь түгээмэл. Газар зүйн сорил анализ хийх, уншиж ойлгох, тооцоолох чадвар шаарддаг учир анхаарлаа маш сайн төвлөрүүлэх ёстой. Мөн шалгалтын өмнө догдлох, хэт их санаа зовж болохгүй. Үүнээс болоод маш олон хүүхэд цагтаа амжихгүй байхаас эхлээд олон алдаа гаргадаг. Мөн ЭЕШ-­д бэлдэхдээ жижиг зүйлсийг орхигдуулж болохгүй. Сурах бичигт товчхон дурдсан аль эсвэл “Энэ орохгүй биз дээ” гээд орхисон сэдвүүд заавал орж ирдэг юм билээ. Газар зүйн хичээлээр шалгалт өгөх хүүхдүүдийн хувьд 8-­12 дугаар ангийн сурах бичгээ бүрэн уншиж, сорилын номон дээрээ бүрэн ажилласан байхад 800 оноо авах тийм ч хэцүү биш. 

Т.Цэцэгмаа: Он бүрийн тестийг хувилбараар нь хөөж ажиллах нь үр дүнтэй

• 800 оноо авсан хичээл: Монгол хэл 

• ЭЕШ өгсөн он: 2019

• Төгссөн сургууль: Өвөрхангай аймгийн Хужирт сумын бүрэн дунд сургууль

• Элссэн сургууль: МУИС 

Би бэлтгэлдээ өдөрт 5­-6 цаг зарцуулдаг байсан. Ахлах болон дунд ангийн бүх сурах бичиг, дүрмийн ногоон ном болон сорилын эмхэтгэлүүд дээр ажилласан. Хүүхдүүд сурах бичгийг орхигдуулах хандлагатай байдаг. Сурах бичигтэй холбоотой даалгавар ирдэг учраас сурах бичигтэйгээ тулж ажиллах хэрэгтэй. Даалгаврын 50 хувь нь монгол хэл, 25 хувь нь монгол бичиг, үлдсэн 25 хувь уран зохиол гэсэн агуулгаар орж ирдэг учраас аль нэгийг нь орхивол өндөр оноо алдана. Миний хувьд нэг оны эмхэтгэлийг дуусгах бус 2006 оны А хувилбарын тест дээр ажилласан бол дараагийн оны А хэсгийг бөглөх гэх мэтээр он оны хувилбараа барьж, босоо арга барилаар бэлдсэн. Нэг оны сорилыг бүхэлд нь дуусгаж байгаа нь дараагийн тестийг цээжилж, ижил төстэй даалгаврыг автоматаар хийх дадалд сургадаг. Эцэст нь энэ жилийн элсэгчдэдээ сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангаарай гэж зөвлөе. Шууд засах систем нэвтэрсэн учраас өмнөх шалгалтаас авсан сэтгэл зүйн хөөрөл, гутралаасаа гарч чадалгүй дараагийн шалгалтад орж, тааруу өгөх эрсдэлтэй юм билээ.

П.Цэдэн-Иш: Англи хэлний шалгалтад өндөр оноо авахад үгийн сан хамгийн чухал

•800 оноо авсан хичээл: Англи хэл

• ЭЕШ өгсөн он: 2018

• Төгссөн сургууль: Өвөрхангай аймгийн Мэргэд цогцолбор сургууль 

• Элссэн сургууль: МУИС 

Би өдөрт 1-­2 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг байсан. Англи хэлээр өндөр оноо авахад хамгийн чухал нь үгийн сан. Үг цээжлэхийн тулд нэг бүрчлэн бичиж, сонин шиг хэлбэртэй бэлтгээд байнга авч явдаг байлаа. Сорилын эмхэтгэлээс гадна Чимидийн ном гэж бий. Тэр тестийн номыг би 3-­4 удаа нэг ч удаа алдахгүй болтлоо ажилласан. Мөн Test master гэсэн номыг бүрэн ашигласан. Технологийн дэвшил ашиглаад BBC news, Learn English зэрэг апп­уудыг хэрэглэж, сонсголоо сайжруулсан нь оноо алдахгүй байхад нөлөөлсөн. Сүүлийн хэдэн сар өдөр шөнөгүй бэлдэх биш өдөр бүр тогтмол цагт, өглөө эрт бэлдэх нь үр дүнтэй шүү гэж зөвлөмөөр байна. Шалгалтын эхний даалгавар article ч юм уу хүнд сэдвээс эхлэхээр хүүхдүүд сандарч эхэлдэг. Чадах даалгавруудаа хийж, шаблон дор дор нь бөглөх хэрэгтэй. Цагтаа амжаагүй тохиолдол маш олон гарч байсан. Тиймээс анхааралтай, хариуцлагатай байж, шалгалтаа амжилттай өгөөрэй.

www.zgm.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: