Ц.Галсансанжаа: П.Бүрэнтөгс аварга олноос онцлон надаар дээлийнхээ захыг мушгиулсанд нь их баярласан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 16 ・ 3

Aль ч спортын төрлийг, алдартай тамирчныг спортын хорхойтон, үнэнч хөгжөөн дэмжигчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үндэсний бөхийн спортод үнэнхүү дуртай, хайртай Цэдэнбалын Галсансанжаа гэдэг нэртэй нэгэн залуу коронавирусийн халдварын улмаас үзэгчгүй болсон өнөө жилийн наадмыг үзэхийн тулд барилдсан гэвэл уншигч та итгэх үү.

Баяр наадмыг зохион байгуулах хороо анхандаа нэгийн даваанд унасан бөхчүүдийг шууд гэр рүү нь буцаан, нэг давсан хүчтэнүүдийг “XIII зуун” цогцолборт үлдэн, наадам үзэхийг зөвшөөрсөн гэнэ. Тиймээс улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг дуустал нь үзэх, хамгийн гол нь өдий хүртэл үнэнч дэмжиж буй П.Бүрэнтөгсийгөө хэрхэн зодоглохыг харахын тулд заавал нэг давах шаардлага гарч л дээ, Ц.Галсансанжаад. Тиймээс тэрбээр наадмын өмнө Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүдтэй хамт бэлтгэл хийсэн гэнэ.

 Жил жилийн наадмын түрүү бөхийн үзүүрт нэрлэгддэг олон хүчтэнтэй Увсын бөхчүүдтэй хамт наадмын бэлтгэл хийсэн азтай залуу нэг даваад гол зорилгоо биелүүлэхээс гадна хайртай, дэмждэг бөх П.Бүрэнтөгсийгөө улсын наадамд түрүүлж, аварга цол хүртэхийг нь харж, хамтдаа баярласан юм. Өнөө жилийн улсын наадамд шинэ аваргын дээлийнх захыг мушгиж суусан Б.Галсансанжаатай ярилцлаа.

БӨХИЙН БАРИЛДААН ҮЗЭХИЙН ТУЛД УЛСЫН НААДАМД ЗОДОГЛОСОН

Сайхан наадав уу, Та. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Үнэхээр сайхан наадлаа. Хүндэлж явдаг бөх маань түрүүлж, улсын аварга цол хүртсэнд баяртай байна. Намайг Цэдэнбалын Галсансанжаа гэдэг, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат. Тэсо компанид борлуулалтын менежер хийдэг, 30 настай.

Багаасаа үндэсний бөхийн спортод хорхойссон. Цагаан сар, наадмын барилдааныг аав, ээж, ах, дүү нарынхаа хамт радиогоор сонсдог байлаа. “Зургаан залуу заан”-ы өрсөлдөөныг зурагтаар үзэх их дуртай байсан. Тэр бүхэн намайг үндэсний бөхийн спортод ингэж татагдахад, хорхойсоход их нөлөөлсөн.

Үзэгчгүй болсон өнөө жилийн наадмыг үзэхийг тулд зодоглосон нь үндэсний бөхийн спортод хэр дуртай, хүндэлдгийнх тань нэгээхэн илрэл болов уу. Өмнө нь ямар нэгэн барилдаанд хүч сорьж байсан уу?

-Би үндэсний бөхийн спортоор бага зэрэг хичээллэж байсан. Сургуульд сурахын тулд олон жил хичээллэх боломж гараагүй. Тэгээд л үнэнч хөгжөөн дэмжигч, үзэгч болсон доо. Сумын наадамд ганц нэг удаа барилдсан. Нэг удаа шөвгийн дөрөвт үлдсэн. Өөр гавьтай амжилт гаргаагүй ээ.

Улсын наадмыг зурагтаар үзнэ, хүндэлж, ойр дотно явдаг бөхчүүдтэйгээ хамт байхгүй гэж бодохоор танд төсөөлөгдсөн үү?

-Ёстой төсөөлөгдөөгүй. 2010 оноос хойш тасралтгүй Төв цэнгэлдэхэд, бөхчүүдийн суудлаас наадам үзсэн. Бөхчүүдийг давахад нь баярлаад, унахад нь харамсаад хамт хуваалцаад үзэх хэчнээн сайхан гэж санана. Улсын наадамд нэг давсан бөхчүүдийг шууд гэр рүү буцаана, давсныг “XIII зуун” цогцолборт үлдэн, наадмыг дуустал нь үзэхийг зөвшөөрнө гэж яригдаад байсан. Тиймээс наадмыг үзэхийг тулд барилдах, дуустал нь үзэхийн тулд заавал нэг давах шаардлага гарсан юм л даа. Тиймээс “Увс нуур” дэвжээний бөхчүүдийн хамт Харзтайд долоо хоног бэлтгэл хийсэн.

НААДМЫН БЭЛТГЭЛЭЭ “УВС НУУР” ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮДТЭЙ ХАМТ ХИЙСЭН

“Бөх үзэхийн тулд заавал улсын наадамд барилдах, нэг давах шаардлагатай боллоо” гэдгээ шууд хэлсэн.  Тэгэхэд “Увс нуур”-ын бөхчүүд их сайхнаар хүлээн авч, “Нэг давна аа, бөхөө үзнэ. Санаа зоволтгүй” гэсэн. Хүндэлдэг, барилдааныг нь шимтэн үздэг, том цолтнуудтай хамт наадмын бэлтгэл хийнэ гэдэг том аз. Ёстой ховор завшаан шүү дээ. Тэгээд л улсын наадамд анх удаа барилдлаа. Нэгийн даваанд Өвөрхангай аймгийн харьяат, сумын цолтой Азбаяр гэдэг залууг давсан.

Д.РАГЧАА ГАРЬДААС УУЧЛАЛТ ГУЙЯ

Хоёрын даваанд Д.Рагчаа гарьдад унасан бил үү?

-Тэгсэн. Гарьдтай жаахан эвгүй барилдсан байж магадгүй. Энэ ташрамд Д.Рагчаа гарьдаас уучлалт гуйя. Барилдааны өмнө манайхан надад “Хагалж өшиглөөрэй” гэж зөвлөсөн юм. Би барилдааны үеэр хөл рүү нь жаахан эвгүй хавирчих шиг болно лээ. Гарьд “Яаж байна аа, чи” гээд гайхахад нь их санаа зовсон.

Улсын наадамд барилдана гэдэг өөрөө том хувь заяа. Бөхийн спортод үнэхээр дуртай, хайртай надад бүр ч сайхан зүйл. Нэг даваад, улсын наадам үзлээ. Нэг давахад хүмүүс, гэр бүлийнхэн маань улсын наадамд түрүүлсэн юм шиг л баярлаж, баяр хүргэсэн. Хоёрын даваанд унасан ч улсын наадмыг дуустал үзэхээр болсондоо үнэхээр их баярласан. Тэр л чухал байлаа. Улсын наадмыг хоёр дахь өдрийн өглөө П.Бүрэнтөгстэй хамт наадмын талбайд орж ирэх гоё байсан. Тэгээд л дээл, хувцас, цайг нь бариад дэмжлээ. Миний анх удаа барилдсан наадамд хүндэлж явдаг бөх маань түрүүллээ. Би түрүүлчихсэн юм шиг л хүмүүс надад баяр хүргэж байна (инээв).

П.БҮРЭНТӨГС ДЭЭЛ, ХУВЦСАА НАДААР  БАРИУЛАХААР МИНИЙ НЭРИЙГ ӨГӨХӨД НЬ ИХ БАЯРЛАСАН

Үзэхийн тулд зодоглосон, нэг давсан наадамд нь хүндэлж явдаг хүчтэн нь түрүүлж, аварга цол хүртсэн нь танд бүр ч сайхан байгаа нь мэдээж. Хамт бэлтгэл хийсэн танд П.Бүрэнтөгсийг өнөө жилийн наадамд түрүүлнэ гэх багцаа танд байсан уу?

-Байлгүй яах вэ. Би жил бүр П.Бүрэнтөгсийг улсын наадамд түрүүлээсэй гээд дэмждэг, дээлийнх нь захыг мушгидаг. Өнөө жил ч бас тэгсэн. Бэлтгэл дутуу гэх мэт янз бүрийн шалтгаанаар хоёр дахиа түрүүлж чадахгүй байлаа. Аварга цол хүртэх хугацаа нь энэ жил байж.

Хамгийн гол нь хүндэлж явдаг бөхөө улсын наадамд барилдахад нь дээлийнх нь захыг мушгин, түрүүлэхэд нь баярт мөчийг нь хамтдаа хуваалцан, дээл, гутлыг нь өмсүүлэх бөхийн хорхойтон бүхэнд олдохгүй боломж шүү дээ. Танд тийм боломж хэрхэн олдов?

-Улсын наадамд түрүүлсэн бөхийн дээл, хувцсыг том цолтон, тухайн хүчтэний аав, багш нь голдуу барин зогсож байгаад өмсгөдөг шүү дээ. Би ер нь шинэ аваргыг заал, танхимын барилдаанд зодоглоход нь дээл, хувцсыг бариад л дэмждэг. Энэ жил есийн давааны өмнө  Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Увсын бөхчүүдийн байрласан гэрт орж ирээд “Үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүдийн дээл, хувцсыг нь барьж, наадмын талбай руу нэг, нэг хүн орно. Хэн, хэнийг оруулах вэ” гэж асуусан. Би дотроо “Галынхаа том цолтнуудын нэгтэй нь орох болов уу” гэж бодож суутал П.Бүрэнтөгс “Минийхийг Галсансанжаа” гээд бүртгүүлэхэд нь ёстой итгэж ядсан. Үнэхээр их баярласан. Шинэ аварга намайг хүндэлж явдгийн илрэл болов уу. Тэр чухал барилдаанд надтай бус галынхаа багштай, том цолтонтой хамт наадмын талбай руу орвол зөвлөж хэлэх талдаа хамаагүй өөрт нь хэрэгтэй шүү дээ, уг нь.

ХҮНДЭЛЖ ЯВДАГ БӨХӨӨ УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЭХЭД ДЭЭЛИЙНХ НЬ ЗАХЫГ МУШГИНА ГЭДЭГ ХОВОР ОЛДОХ БОЛОМЖ

Аль давааны барилдаанд хамгийн их догдолж, сандарсан бэ?

-Шинээр улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихтой долоогийн даваанд барилдахад нь жаахан санаа зовлоо. Тэрбээр өмнөх даваануудад улсын харцага Д.Анар, улсын начин Б.Орхонбаяр, аймгийн арслан Сандагдорж нарыг давсан. Долоогийн давааны өмнө Бүрэнтөгс надаас ямар, ямар ам байна вэ гэж асуусан. Би “Devjee.mn” рүү орж хараад энэ, энийг амлаж болох юм, барилдаанд илүү таарна гэдэг талаас нь хэлсэн. Тэгээд аварга Б.Бат-Оршихыг амласан юм. П.Бүрэнтөгс дээлээ тайлаад надад үлдээсэн.  Б.Бат-Орших одтой байсан болохоор үнэндээ тэр хоёрын барилдааныг би үзээгүй. Тэгж байх нь “Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс давлаа” гэж тайлбарлагч зарлахад нь л санаа амарсан.

П.Бүрэнтөгсийг даваад ирэхэд нь “За, одоо ёстой гоё болсон. Одоо Батсуурь аварга Р.Пүрэвдагва, М.Бадарч хоёрын аль давсныг нь амлана. Пүрэвсайхантай барилдаан таардаг юм чинь аргатай” гэж зөвлөсөн, аваргы аль болохыг тайван байлгахыг хичээлээ. Би ер нь дотроо П.Бүрэнтөгсийг улсын наадамд түрүүлчихлээ л гэж бодсон. Хүндэлж явдаг бөхөө төрийн наадамд түрүүлэхэд нь хамт байж, баяр хүргэн, тэврээд, дээл, хувцсыг нь өмсгөнө гэдэг надад үнэхээр ховор олдох тохиолдол. Би үнэхээр их баярласан, зөндөө уйлсан.

П.Бүрэнтөгс аварга цол хүртээд баярт мөчийн хуваалцсан хамгийн эхний хүн та байлаа. Шагналаа авахын өмнө, хувцсаа өмсөж байхад та хоёрын дунд ямар яриа өрнөв?

-Би их баярлаад, догдолсондоо ч тэр үү би олигтой юм хэлж чадаагүй, уйлаад л байсан (инээв). Аварга өмнө нь улсын наадамд түрүүлж байсан болохоор их тайван байсан. “Ямар гоё юм бэ” гэсэн. Би аварга болохыг нь олон жил хүлээсэн болохоор юуны түрүүнд зүүд биш байгаа даа л гэж бодогдсон.

Шинэ аварга өнгөрсөн жилийн наадмаас хойш үнэхээр их хичээсэн, жингээ барьсан, хөдөлмөрлөсөн. Тэгж байгаа нь надад их сайхан санагдсан. “П.Бүрэнтөгс зорилгынхоо, улсын наадамд дахин түрүүлэхийн төлөө ингэж хөдөлмөрлөж байхад би ч сайхан амьдрахын төлөө улам зүтгэн, тууштай явах ёстой юм байна” гээд үлгэрлэсэн.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: